Засгийн газрын ээлжит хуралдаан лхагва гаригт болж, Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний талаар, “Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам, зэрэг 40 орчим асуудал хэлэлцлээ.
Хэлэлцсэн асуудлуудын талаар хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ЦХХХ-ны сайд Н.Учрал нар мэдээлэл хийв. ЗГХЭГ-ын дарга энэ үеэр “Жижиг “Тавантолгой” ХК-д Засгийн газраас Бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/томилсон байсныг цаашид ажиллах шаардлагагүй гэж үзлээ. Жижиг “Тавантолгой” ХК нь олборлолтын болон борлуулалтын үйл ажиллагаа явуулахдаа нээлттэй ил тод явуулах горимыг алдагдуулж ирсэн гэдэг дүгнэлт гарсан байгаа.
Компани нь ашигтай ажиллахаас гадна компани өөрийнхөө үйл ажиллагааг сайжруулах, олборлолтын технологио сайжруулах, арга хэлбэрээр сайжруулах чиглэлээр огтоос хөрөнгө оруулалт хийлгүй явж ирсэн нь компанийн үйл ажиллагаа эрс муудах нөхцөл рүү оруулсан байгаа. Нэг ёсны олсон ашгийн 98 хувийг тэр чигт нь хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хэлбэрээр тарааж ирсэн нь техник технологидоо шинэчлэл хийх боломжгүй болгож иржээ гэдэг дүгнэлтэд хүргэсэн. Засгийн газраас тус компанид БЭТ томилсноор ажилчдын цалинг 30-42 хувиар нэмэгдүүлэх ажлыг хийсэн. "Эрдэнэс Тавантолгой" компани жижиг "Тавантолгой" компани хоорондын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн зурвас хэтэрч, олборлолтод нь өртсөн 340 мянган тонн нүүрсийг эцэслэн шийдвэрлээгүй зогсонги байдалд орсныг эцэслэн шийдвэрлэж, “Эрдэнэс Тавантолгой” компанид 48 тэрбум төгрөгийг төлж барагдуулсан. 2022 онд ногдол ашгийг татварын дараах ашигт байдлаар харгалзан, нэгж хувьцаанд оногдох хэмжээгээр тараах шийдвэр гаргасан байдаг. “Тавантолгой” ХК нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй компани учраас ашгаасаа ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд тараах ёстой.
2023 он гарснаар 140 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хэлбэрээр тараах шийдвэр гаргасан. Хяналтын иж бүрэн систем нэвтрүүлж, Үйлдвэрлэлийн осол аваараас урьдчилан сэргийлэх ажлыг хийж, компанийн засаглалыг сайжруулсан. Биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр анхаарлаа хандуулан ажилласнаар 200 гаруй мянган тонн нүүрсийг биржээр худалдаалах, ажлыг амжилттай зохион байгуулсан.
Мөн өмнөх гэрээний үндсэн дээр хийгдсэн 300 гаруй мянган тонн нүүрс борлуулах ажлыг амжилттай хийсэн байгаа. БЭТ ажилласнаар ахиц дэвшил гаргасан гэж дүгнэлээ. Нэгдүгээрт, Тавантолгой-Гашуун сухайт-чиглэлийн төмөр замын төсөл Богдхан таөмөр зам, Тавантолгой-Гашуун сухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн холболтын төмөр зам, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв төслүүдийн маш нууц, нууцын зэрэглэлтэй 40 гэрээг ил болгож, олон нийтэд мэдээлэх ажлыг үүрэг даалгаврынхаа дагуу хийсэн. Хоёрдугаарт, Тавантогой -Зүүнбаян, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын төсөл, Богдхан төмөр замын төслийн хэрэгжилтэд болон “Тавантолгой төмөр зам” компанийн үндсэн болон санхүүгийн үйл ажиллагаанд иж бүрэн хяналт шалгалт хийсэн. Тайлан нь 14 хоногийн дотор гарч, Засгийн газарт танилцуулагдах болсон. Хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй, компанийн эрх ашигт нийцээгүй гэрээ хэлцэл, үйл ажиллагааг шалгуулахаар АТГ-т нэгбүрчлэн хандсан” хэмээн мэдэгдэв.
Харин ЦХХХ-ны сайд Н.Учрал “Ерөнхий сайд АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай цахимаар уулзалт хийсэн. Энэ үеэр харилцаа холбооны салбарт ногоон технологийн чиглэлээр, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллахад “Старлинк” компанийг Монголд үйл ажиллагаа явуулах боломж бололцоогоор хангах боломжтой талаар ярилцсан. "Старлинк" компани нь өнөөдөр АНУ, Англи, Франц, Герман, Шинэ Зеланд зэрэг дэлхийн томоохон улсуудад үйлчилгээ хүргэж байгаа. Азид Япон, Филиппинд үйлчилгээгээ нэвтрүүлээд өнөөгийн байдлаар 4000 гаруй нам орбитын хиймэл дагуул хөөргөн, дэлхийг хамарсан хиймэл дагуулын сүлжээг бий болгож байна.
Манайх шиг өргөн уудам газар нутагтаа улс оронд харилцаа холбооны салбарт шинэ дэд бүтцийг бий болгож, интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа. Бид бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан болоод хувийн хэвшилтэй хамтраад өнгөрсөн хугацаанд улсын гуравны нэгийг шилэн кабель болон интернэтийн сүлжээгээр холбосон. Өнгөрсөн хугацаанд 1226 багт холболтуудыг хийсэн. Гэсэн хэдий ч цаашид хувийн хэвшилтэй хамтраад интернэт хүргэхэд бэрхшээл дагуулсаар байгаа. Тийм учраас өргөн уудам нутагт байгаа иргэд, малчдад интернэт үйлчилгээ хүргэхэд бэрхшээл учирч байна. Үүний тулд шинэ дэд бүтцийг бий болгоно. Шинэ бүтцийг бий болгоход "Старлинк" компанийг Монголд оруулж ирэх нөхцөл бололцоогоор хангах шаардлага байгаа. Ерөнхий сайд Илон Масктай цахимаар уулзах үеэр энэ асуудлыг харилцан тохиролцож, Засгийн газраас дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Зарим улс орнууд “SpaceX”, “Старлинг” компани орж ирэхэд татварын бодлогоор дэмжлэг үзүүлдэг. Бид өнгөрсөн хугацаанд "Старлинк” компанитай хэд хэдэн удаагийн хэлэлцээр хийсэн байгаа. Анх 2022 оны тавдугаар сарын 6-нд тус компани Харилцаа холбооны зохицуулах хороонд Монголд компаниа байгуулаад үйл ажиллагаагаа эхлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн байдаг. Засгийн газрын хуралдаанаар Харилцаа холбооны тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуульд тодорхой өөрчлөлт оруулаад “Старлинк Монголиа” компани байгуулж, хоёр биш нэг тусгай зөвшөөрөл авах боломжтой болгон шийдвэрлэхээр эрхлэх асуудал хариуцсан сайдад даалгасан. Ирэх долдугаар сард "Старлинк" компанийн мэргэжилтнүүд Монголд ирж ажиллах үеэр нэгдсэн шийдэлд хүрнэ” гэв.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Нөгөө нэг үүрэн телефоны оператор, монголын хамгийн том дарга нөхрийг бүү ойртуулаарай даа. Бодохоос сэжиг хүрэх юм. Яасан ханаж цаддаггүй новш вэ, Батаанаа чи нэгэнт хэлсэн юм чинь энрийг нь зарлачихгүй дээ