Энэ жилийн чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээн есдүгээр сард Сербийн нийслэл Белград хотод болно. Тус тэмцээнд оролцох Монголын шигшээ багийг тодруулах сорилт барилдааныг ирэх долоодугаар сарын 29-30-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулах шийдвэрийг Монголын чөлөөт бөхийн холбооноос гаргасан нь багш дасгалжуулагч, тамирчдын дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Учир нь энэ жилийн улсын аварга болсон тамирчид ДАШТ-д оролцох гээд бэлтгэлдээ гараад байжээ. Тэд гэнэт сорилт барилдаан зарласныг эсэргүүцэж байгаагаа олон нийтийн сүлжээгээр илэрхийлсэн.
Харин пүрэв гаригт /2023.06.08/ П.Орхон, Т.Тулга, Т.Түвшинтулга, Б.Болортуяа тэргүүтэй тамирчдын төлөөлөл хэвлэлийн бага хурал хийж, тулгараад байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Сорилт барилдаанаас гадна Монголын чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагааг шүүмжилж, удирдлагуудыг нь солих хүсэлтэй байгаагаа энэ үеэр ярилаа. Нэг үгээр хэлэхэд чөлөөтийнхний тэсвэр алдарч, тэмцлийн хэлбэрт шилжиж байгаа нь энэ байв.
Мэдээллийнхээ үеэр Монгол Улсын Гавьяат тамирчин П.Орхон “Манай чөлөөтийн тамирчид өнгөрсөн 12 дугаар сараас эхлэн нэгдэж, тэмцье, санал хүслээ илэрхийлье гэж ярьж эхэлсэн. Бид холбоогоо өөрчлөгдөх болов уу, сайжрах болов уу гэж их удаан хүлээсэн, найдсан. Гэтэл ямар ч шинэчлэл болсонгүй, үйл ажиллагаа нь доройтсоор, муудсаар л байна. Бид холбоогоо өөрчилье, ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүсийг солье, тамирчидтайгаа ямар ч холбоогүй, бараа нь харагддаггүй Ерөнхийлөгчөө солье гэсэн шаардлага тавьж байгаа. Үүнийг минь ард түмэн мэдээсэй, төр засаг минь анхааралдаа аваасай гэсэн зорилгоор хурал хийж байгаа юм. Юуны өмнө өнгөрсөн оны гуравдугаар сард ажлаа авсан шинэ ерөнхийлөгч жил хагасын хугацаанд ямар ч ажил хийгээгүй.
Тамирчид тэмцээн уралдаандаа асуудалгүй оролцож, тайван бэлтгэлээ хийж байх ёстой. Гэтэл тамирчдаа визэнд оруулж чадахгүй байна. Дотоодын тэмцээн уралдаанууд маш муу заал танхимд болдог. Холбооны үйл ажиллагаа тамирчин, дасгалжуулагч нартай ямар ч уялдаа холбоогүй, саналыг нь сонсдоггүй. Гэнэт шийдвэр гаргаад хүчээр тулгах явдал удаа дараа гарсан. Холбооны мөнгө, санхүү ил тод биш. Холбоо 1.4 тэрбум төгрөгийн өртэй болохоор шинээр сэтгэлтэй хүмүүс орж ажиллахад хүндрэл учруулдаг.
Тэмцээн уралдаанд явах зардал гаргаж өгдөггүй. Тамирчид дэлхийн аваргад явах зардлаа хүмүүсээс гуйгаад явж байна. Дотоодын тэмцээн уралдааны хуваарь нь ДБНХ-ны ДАШТ, Азийн АШТ, чансааны тэмцээнүүдийн хуваарьтай уялддаггүй. Гуравдугаар сард болсон УАШТ нь нэг чансааны тэмцээнтэй давхцсан бол одоо зарлаад байгаа сорилт барилдаан нь дараагийн чансааны тэмцээнтэй давхцаж байгаа юм. Бидний эрүүл мэндийг эмч хариуцах ёстой. Гэтэл эмчгүй тэмцээнд явдаг болоод их удлаа. Толгой өвдөх, гэмтэх гээд асуудал гарахад бид дандаа гаднын багийн эмч нарт ханддаг. Гол зорилго маань холбооны тогтолцоог өөрчлөх, Удирдах зөвлөлийг солих, тамирчдын төлөө ажилладаг шинэ ерөнхийлөгчтэй болох. Дээрээ суудлаа олчихвол тамирчид бид хурал хийгээд сууж байх хэрэг байхгүй. Маш олон жил тэвчиж ирлээ. Манай дээд үе, бидний үеийнхэн дуугүй байлаа гээд юу ч олоогүй, хохироод үлдсэн. Одоо яагаад дараагийн үе маань хохирох ёстой гэж. Тэвчиж ханалаа, одоо тэмцэнэ” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Харин Гавьяат тамирчин Б.Болортуяа “Тамирчдаа тэмцээн уралдаанд явахад нь санхүү, мөнгөөр дэмжиж өгөхгүй юм гэхэд манай холбоо амжилт гаргаад ирсэн тамирчдынхаа шагнал урамгууллыг дор бүрд нь өгдөг баймаар байна. Сая Дэлхийн Цомд манай эмэгтэй баг хүрэл медаль хүртсэн. Холбооноос шагналаа асуухаар дансанд ороогүй байна гэсэн мөртлөө өчигдөр “Дансанд орсон. Гэхдээ манайх Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд өртэй болохоор өрөнд суутгагдсан” гэж хэлсэн. Ямар ч урамгүй. Тамирчдын олон улсын тэмцээнээс авсан шагналыг өгдөггүй. Чөлөөт бөхийн холбоо 60 жилийн ойгоороо амжилт гаргасан тамирчдаа шагнасан. Намайг гэхэд Токио олимпоос хүрэл медаль аваад ирэхэд 10 сая төгрөгөөр, ДАШТ-ий медальтнуудаа таван сая төгрөгөөр, залуучуудын ДАШТ-ий медальтай тамирчнаа 2.5 сая, өсвөрийн дэлхийн аваргын медальтнуудаа хоёр сая төгрөгөөр холбооноос шагнасан. 2021 оны Шинэ жилээр болсон явдал л даа. Гэтэл одоо болтол өгөөгүй. Удирдах зөвлөл нь нэг нэг рүүгээ чихээд толгой байхгүй.
Ерөнхийлөгч бидэнтэй ер уулздаггүй. Санал хүсэлт гаргахаар хүлээж авахгүй, бэлтгэлээ л хий гэдэг. Тэгсэн мөртлөө бэлтгэл хийх нөхцөл олгохгүй. Тамирчдын дуу хоолойг сонсохгүй. Дасгалжуулагч нарыг ч сонсдоггүй. Уг нь дасгалжуулагч нар л ямар тамирчин хэр формтой байгааг сайн мэднэ шүү дээ. Мэргэжлийн зөвлөл яаж байгуулагдсан нь тодорхойгүй. Тэгээд тамирчдын бүх юмыг, бараг амьдралыг шийдэх шийдвэр гаргадаг. Тамирчдаа мөнгө төгрөгөөр шагнаж чадахгүй юм бол ядаж авсан шагналыг нь өгөх хэрэгтэй байна. Чансааны тэмцээний шагналаа ч бүгд аваагүй байгаа. Удирдах зөвлөл нь бидэнтэй уулзахгүй, санал бодлоо илэохийлэх бололцоогүй болоод л бид ингээд сууж байна шүү дээ. Холбоогоо шинэчлэх, чадаж байгаа хэн нэг нь энэ холбоог аваад тамирчид биднийг дэмжээд яваасай гэж хүсэж байна” гэв.
Тэгвэл ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Түвшинтулга “ДБНХ-ны хуваарьт бүтэн жил болох тэмцээн уралдааны болох газар, цаг бүх юм тодорхой байдаг. Гэтэл манай улсын хувьд тэмцээнүүд нь Дэлхийн холбооноос зөрж явдаг. Манайх зарчмаа зөв гаргах хэрэгтэй байна. Улсын аваргаа хийгээд, аварга болсон нь Азийн аваргад явна, ДАШТ-д явна гэх мэтээр журам нь тодорхой байх хэрэгтэй байна. Тэгвэл тамирчдад ч, багш нарт ч амар. Энэ журам нь ойлгомжгүй болохоор бүгд бухимдалтай болж байна. Холбоогоо зөв шударга болоосой, болох байлгүй гэж тамирчид маш удаан хүлээсэн. Өөрсдийнхөө төлөө болон чөлөөт бөхийн ирээдүй хойч залуучуудын төлөө байр сууриа илэрхийлэхээс өөр аргагүй боллоо.
Тэмцээн уралдааны зардал мөнгөө тамирчид дандаа хувиасаа гаргаж байна. Шигшээ багаас ямар ч тусламж дэмжлэг байхгүй. Тэгээд л гуйна. Спортод хайртай олон хүн байдаг. Гэхдээ нэг удаа тусалсан ч үргэлж зардал гаргаад байх хэцүү шүү дээ. Тамирчдад маш их төвөг учруулдаг энэ тогтолцоогоо холбоо өөрчлөхгүй байна. Чансаа олгох тэмцээн гээд оролцох ёстой тэмцээн олон. Хамгийн ойрхон улсад тэмцээн болоход л 5-6 сая төгрөг хэрэгтэй. Гэтэл зардал мөнгөнөөс болоод тэмцээнд явж чадахгүй үлдэж байгаа тамирчид байна. Тэд хохироод л үлддэг. Шигшээ багийнхаа дасгалжуулагч нарынхаа байр суурийг сонсдоггүй. Тамирчдад хамгийн ойр хүмүүс бол тэд. Гэтэл тэднийг тоохгүй, үгүйсгэдэг. Хэрэв амжлт гаргахгүй бол тэд л хамаг шүүмжлэлийг хүлээн авдаг. Ингэж болохгүй. Тэдэнд эрх мэдлийг нь өгөх хэрэгтэй. Шигшээ багийн багш нар тэмцээнд явах тамирчдыг шийддэг, нөлөөлдөг байх ёстой. Мэргэжлийн зөвлөл гэж холбоонд ямар ч хэрэг байхгүй. Тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. Тамирчид энэ холбоог сэтгэлтэй, ажлаа мэддэг хүмүүс цааш нь авч яваасай гэж хүсэж байна. Тамирчид бол амжилт гаргаж чадна. Хамгийн гол нь тогтолцоо нь зөв баймаар байна” гэлээ.
Мөн ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Тулга “Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа дөрвөн жилээр олимпын циклээр гардаг. Бүх юм нь тодорхой байдаг. Бидний Монголын чөлөөт бөхийн холбооноос хүсээд байгаа зүйл бол жил жилээр хийх ажлын төлөвлөгөөгөө гаргадаг, стратег төлөвлөгөөгөө тодорхойлдог байх. Даанч манай холбоо оны дундуур шинэ дүрэм журам гаргаад, гэнэт шийдвэрүүд гаргаад байдаг нь тамирчдад муугаар нөлөөлж байна. Тамирчдыг хоёр талцуулж байна. Шигшээ багт 40 тамирчны 20 нь улсын аварга болсон тамирчид, нөгөө талд нь ялагдсан тамирчид нь орчихож байгаа юм. Уг нь бид нэг дэвжээн дээр бие биенээ дэмжээд явах ёстой байтал хоёр хуваагдчихаж байгаа юм. Дэлхийн АШТ болон олимпод оролцох тамирчид доод тал нь хагас жил, нэг жилийн бэлтгэлээр оролцдог. Гэтэл сорилт барилдааныг наймдугаар сард хийнэ гэж байна. Есдүгээр сард нь ДАШТ болно. ДАШТ-д ганц сар бэлтгээд оролцдог түүх байхгүй. Яагаад ийм боломжгүй зүйлийг холбоо гаргаад байгаа юм бэ. Биднийг сорих боломж зөндөө байсан.
Оны эхэнд УАШТ боллоо. Дараа нь чансааны хэд хэдэн тэмцээн байна. Зардал мөнгийг нь шийдээд хэд хэдэн тамирчнаа явуулж, сорих боломж байсаар байтал явуулаагүй байж, улс дотор нь ингээд хагаралдуулаад байж болохгүй. Эмчийн асуудал хурцадмал байна. Бүтэн сар гадаадад явахад эрүүл мэндийн өчнөөн асуудал гардаг Тэр болгонд бид нэг нэгэндээ дусал тариа хийгээд л өөрсдөө аргалдаг. Судас тариаг хүртэл хэд хэд цоолоод л нэгэндээ хийчихдэг. Тэмцээний зардал мөнгө ярихгүй бол болохгүй. Нэг тэмцээнд явах болохоороо л аж ахуйн нэгжүүдийн хаалга сахиад л суудаг. Уг нь бид бэлтгэлээ хийж байх ёстой.
Уг нь холбоо улсаас өгсөн мөнгөн дээр багахан хэмжээний маркетинг хийгээд л хөрөнгө босгож, тамирчдаа тултал нь дэмжих ёстой шүү дээ. Чөлөөт бөхөд дэлхийд өрсөлдөж чадах маш олон тамирчин бий. Даанч зардалгүй гээд гадаадад явж чадахгүй байна. Холбооноос хүсэх зүйл бол дүрэм журам, төлөвлөгөөгөө оны өмнө гаргадаг байгаасай. Ингээд явбал маргалдах хүн байхгүй. Оны дундуур гэнэт шийдвэрүүд гаргаад, багш, тамирчдыг хооронд нь хагаралдуулаад байгааг бид эрс эсэргүүцэж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 2 )
xeruulees oor yum algaa
erhem darga nart odoo ta nar hamaaguil bolov u kkkk yagaad geheer uursdiinhun erhem suudal juhal uchir songuul zavgui ta nar mungu nii tuluu yavdag uchir ardtumend taalagdahgui bna ta nariig ugjdag darga nar erhem suudaldaa baih uguin ayul bolchood baihad yun ta nariin shagnal magnal thaad hudalch darga nar chin yarsan helsnee martsan ta nar tegeed hohirj bgaan unen hudalch darga nar dagaj daldagandag uchir