Төлбөрийн тэнцэл энэ оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 270.6 сая ам.долларын ашигтай гарсан гэж ҮСХ-ноос танилцуулсан.
Тодотгоход, Төлбөрийн тэнцэл гэж аливаа улсын эдийн засгийн харьяатын гадаад эдийн засагтай буюу эдийн засгийн харьяат бустай тодорхой хугацаанд хийсэн худалдаа, үйлчилгээ, хөрөнгө, санхүүгийн болон бусад урсгалын орлого, зарлагын гүйлгээг системчлэн нэгтгэсэн статистикийн тайланг хэлдэг.
Тэгвэл Монголбанкнаас төлбөрийн тэнцлийн төлөвийн талаар дараах байр суурийг илэрхийлж байна.
“Төлбөрийн тэнцлийн гүйцэтгэл экспортын орлого нэмэгдсэнтэй холбоотойгоор сайжирлаа. Цаашид экспортын орлогын өсөлт төлбөрийн тэнцэлд эергээр нөлөөлөх боловч хөрөнгө оруулалт, нефтийн бүтээгдэхүүний импорт өндөр байхаар байна.Гэхдээ Засгийн газрын зорьж буй нүүрсний экспортын хэмжээ өсөх, хилийн үнийн хувьд нүүрсний экспортыг биржээр дамжуулан борлуулах арга хэмжээний нөлөөгөөр илүү нэмэгдвэл төлбөрийн тэнцэлд эерэг нөлөө үзүүлнэ.
Манай улсын гадаад эрэлтийг голлон тодорхойлогч БНХАУ-ын эдийн засгийн идэвхжил сайжирснаар экспорт нэмэгдэж, уул уурхай болон түүнээс өндөр хамааралтай салбаруудын өсөлтийг дэмжиж байна. Гэвч цаг агаарын таагүй нөхцөл байдал, дотоод эрэлт сул байгаа зэргээс шалтгаалан хөдөө аж ахуй, боловсруулах, худалдаа-үйлчилгээ, бүтээгдэхүүний цэвэр татвар зэрэг хөдөлмөр харьцангуй ихээр шингээдэг салбаруудын өсөлт саарч байна. Иймд уул уурхайгаас хамаарал багатай салбаруудын өсөлтийг дэмжих, ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх шаардлага үүсэж байна” гэв.
Сэтгэгдэл ( 0 )