Шүүхээс Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарыг ГЭМ БУРУУГҮЙ гэж үзлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 06 сарын 26

Хөгжлийн банкны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох  эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан  50 гаруй өдөр үргэлжилж, өнөөдөр дүгнэлтээ танилцууллаа. Шүүх бүрэлдэхүүний танилцуулсан шийдвэрүүдээс үзэхэд өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны гэх хэрэгт холбоотойгоор нийгмийн анхааралд байсан олон арван хүн бүгд адилхан  буруутан биш, зарим нь гэм буруугүй болох нь тогтоогджээ. Тухайлбал, шүүхээс УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг гэм буруугүй болохыг тогтоосноо танилцууллаа.

Тодотгоход, Хөгжлийн банкны чанаргүй болон чанаргүйдэх эрсдэлд орсон зээлүүдийн талаарх мэдээлэл өмнө нь яригддаг байсан ч 2022 оны нэгдүгээр сарын сүүлчээс эхлэн нийгмийн анхаарлыг урьд урьдынхаас илүүтэй татах болсон.

Түүнчлэн зээл төлүүлэх кампанит ажиллагаа  өрнөсөнтэй зэрэгцэн нийгмийн сүлжээнд “гэм буруутнууд”-ын жагсаалт хөвөрч, хууль хяналтын байгууллага тэдгээр хүмүүсийг шалгаж буйгаа мэдэгдэж байсан билээ. Парламентаас Хөгжлийн банкны асуудлаар Түр хороо байгуулж, олон шатны сонсголуудыг олон нийтэд ил тод явуулсан.

Улмаар Монголын шүүх анх удаа ийм урт хугацаанд үргэлжилсэн, том хэмжээний  шүүх хуралдааныг, бүх процессыг нь олон нийтэд нээлттэйгээр явуулж, шийдвэрээ гаргаж байна.

Ерөнхийдөө  энэ удаагийн шүүх хурал Монголын шүүх улс төр, бизнесийн нөлөөгүйгээр, хараат бусаар, нотлох баримтад тулгуурлаж, ил тодоор шийдвэр гаргаж ажилласан анхны кэйс. Түүнчлэн Монголын шүүх цаашид бүх түвшинд энэхүү нээлттэй, шударга үйл ажиллагаагаа, дархлаагаа хадгалж,  “амьд засаглал” гэдгээ баталгаажуулах боломж байна гэж байр сууриа илэрхийлэгсэд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top