Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2022 оны төсвийн гүйцэтгэлийн талаарх илтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан чуулганы хуралдаанд танилцууллаа. Мөн 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан юм.
Тэдний танилцуулсан мэдээллээс хүргэе.
Б.Жавхлан сайд мэдээллийнхээ эхэнд, Нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд төсөвт байгууллага, төсөл, Төрийн сангийн тайлангууд болон Засгийн газрын тусгай сангийн 22, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн 140, орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжийн 428 байгууллагын тайланг хамруулсныг дурдсан.
Дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн хурцадмал байдлаас улбаатай инфляцын дарамт, урд хөршид тогтоосон хөл хорио, улс орнуудын Төв банкуудын хэрэгжүүлсэн мөнгөний эрс хатуу бодлого зэрэг нь 2022 онд инфляц, төлбөрийн тэнцлээр дамжин манай улсын эдийн засагт томоохон сорилт болсон гэв.
Тухайлбал инфляц 2009 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрч 16.9 хувь болсон бол гадаад валютын албан нөөц 2.6 тэрбум ам.долларт хүрч 2016 оноос хойших хамгийн бага түвшинд хүрчээ. Улмаар эдийн засаг тайлант оны эхний улиралд 3.9 хувиар агшсан байсныг танилцуулгад дурдсан.
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд экспортыг эрчимжүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлсний үр дүнд 2022 оны эцэст эдийн засаг 4.8 хувиар өсөж, гадаад валютын албан нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрсэн бол инфляц 13.2 хувьтай тогтворжжээ.
Нийслэлд амьдарч буй хүүхдүүдийн 34 мянга орчим нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байсныг шийдвэрлэж, цэцэрлэгийн олон хэлбэрийг бий болгон хувьсах болон хоолны зардлыг нэмснээр 28793 хүүхдийг нэмж цэцэрлэгт хамруулжээ.
Хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа 469.2 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийг нэмэгдүүлж, тэтгэврийн доод хэмжээ 350 мянга байсныг 500 мянган төгрөг болгосон. Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоог улс орон даяар 2022 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулж 852.8 мянган иргэнийг хамруулсан байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд дэд бүтэц, бүтээн байгуулалт, нийгмийн чиглэлийн 1062 төслийг хэрэгжүүлж, нийтдээ 1.5 их наяд төгрөгийн санхүүжилт хийснээр эдийн засгийг дэмжиж, хувийн хэвшлийн 1580 гаруй аж ахуйн нэгжийн 37 мянга гаруй ажлын байрыг хадгалсан гэж Б.Жавхлан сайд танилцуулсан юм.
Үүний үндсэн дээр нийгмийн салбарт 17 сургууль, 32 цэцэрлэг, 9 дотуур байр, 4 сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 2 музей, 11 соёлын төв, 7 спорт заал, 4 спорт цогцолбор барьж байгуулсан байна. Хөдөлмөр нийгэм хамгааллын 20 төсөл хэрэгжүүлжээ.
Эдийн засгийн салбарт 34 авто зам, 6 гүүр байгууламж, инженерийн шугам сүлжээ 58, цахилгаан хангамжийн 16 төсөл, дулаан хангамжийн 7 төсөл гэх зэрэг улсын хэмжээнд нийтдээ 428 төсөл ашиглалтад орсон байна.
Түүнчлэн нийт 1.8 их наяд төгрөгийн амлалтын дүн бүхий гадаадын зээл тусламжийн 26 төсөл, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, Улсын II төв эмнэлгийн өргөтгөл шинэчлэл, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл, Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц, Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5 төсөл, цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын 2 төсөл, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл” , “Ухаалаг засаг 1” төсөл зэргийг хэрэгжүүлсэн байна.
Мөн онд БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэр, БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр 10 аймгийн төвийн дулааны станц барих, БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл, ЕСБХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн 2 эгнээ зам барих төсөл зэрэг томоохон төслүүдийг санхүүжүүлжээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2022 онд 17.1 их наяд төгрөг, нийт зарлагын ба цэвэр зээлийн дүн 18.1 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1.0 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан нь төлөвлөсөн дүнгээс 1.8 их наяд төгрөгөөр буурчээ. Ийнхүү сүүлийн 3 жил дараалан төсвийн алдагдлыг үе шаттайгаар хуулийн хүрээнд бууруулсан гэж Сангийн сайд тэмдэглэв.
Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 10.2 их наяд төгрөг, зарлага 11.3 их наяд төгрөг, нийт тэнцэл 1.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан нь төлөвлөгдсөн алдагдлаас 1.2 их наяд төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2 их наяд төгрөгөөр тус тус сайжирсан үзүүлэлт юм байна.
Ерөнхий аудитор Д.Занданбат мэдээлэлдээ:
Засгийн газар тайлант онд нэгдсэн төсвийн бодлогоо 9 багц арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэхээр зорилт дэвшүүлэн ажиллажээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1-д заасан тусгай шаардлагуудыг хангасан байна. Аудитаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого ба тусламжийн дүнг 17 их наяд 126.9 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 18 их наяд 159.6 тэрбум төгрөгөөр баталгаажуулжээ.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцлийг 2 их наяд 891.3 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 1 их наяд 32.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБ-ий 2.0 хувийг эзэлж байгаа юм байна.
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулиар баталсан төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцад хамаарах 6 их наяд 152.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 1 их наяд 393.8 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 1369 төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд аудит хийж гүйцэтгэлийг хянасан байна.
Улсын Их Хурлаас Төрийн хэмнэлтийн тухай хуулийг батлан хэрэгжүүлснээр эрх зүйн орчин бүрдүүлснээр төсвийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулж, төсвийн алдагдал буурах, төрийн өмчит байгууллагуудын ашигт ажиллагаа нэмэгдэх боломжийг бий болгосон гэдгийг дурдав. Гэвч уг хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагууд хэрэгжилтийг хэрхэн хангасан талаар ил тод тайлагнах, үр дүнг мэдээлэх зохицуулалтгүй, зарим зүйл заалтыг бусад хууль тогтоомжтой нийцүүлэн өөрчлөх шаардлагатай гэв.
Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 6618 санхүүгийн тайлан нэгтгэгдсэн бөгөөд төсвийн 57 ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар “өөрчлөлтгүй” гэсэн дүгнэлтийг 40, “хязгаарлалттай” дүгнэлт 17-г өгсөн байна. Үргэлжлүүлэн тэрбээр “хязгаарлалттай” дүгнэлтийн талаар тайлбар, үндэслэлийг танилцуулаад аудитын дүн, дүгнэлтээс нэн тэргүүнд анхаарах асуудлыг дурдав.
Төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүн, чанар, тоон хэмжээг төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж баталгаажуулахгүй байгааг хэллээ. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин тодорхойгүйгээс улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүнг бодитой үнэлэх боломжгүй байгаа аж. Төсөл, арга хэмжээний гүйцэтгэл, хэрэгжилтэд тавьж буй захиалагчийн болон зохиогчийн хяналт үр дүнгүй, төсвийн ерөнхийлөн захирагчдын дотоод аудитын нэгж нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд хяналт хийхгүй байгаа нь зөрчил арилахгүй байх гол шалтгааны нэг болж байгаа аж. Орхигдсон болон олон жил үргэлжилж байгаа төсөл, арга хэмжээг богино хугацаанд ашиглалтад оруулах шийдлийг гаргахгүй байгаа нь төсвөөс санхүүжүүлсэн 287.6 тэрбум төгрөг нь үр дүнгүй зарцуулагдах үр дагавар үүсэхээр байгааг мөн аудитын дүгнэлтэд дурдлаа.
Эрүүл мэндийн даатгалын сан болон Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг эрсдэлгүй байлгах зорилгоор Төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулсан боловч сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх боломжийг ашиглаагүй гэв. Гадаад, дотоод зээлийн эх үүсвэр болон Засгийн газрын тусгай сангийн хөрөнгөөс иргэн, хуулийн этгээдэд олгосон зээлийн мэдээллийг Монголбанкны “Зээлийн мэдээллийн сан”-д байршуулаагүйгээс хэд хэдэн эх үүсвэрээс давхардуулан зээл авч, зээлийн баталгаа чанаргүй болж, гэрээний үүргээ хэрэгжүүлэхгүй, зээлийн эх үүсвэр бүрдэхгүй байх эрсдэл дагуулж байгааг Д.Занданбат дарга танилцууллаа.
Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд төсвөөс санхүүжих нийгмийн шинж чанартай төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлуудыг санхүүжүүлж байгаа нь төсвийн нэгдсэн бодлогын зарчмыг алдагдуулж байгааг мөн дурдсан. Төсөвлөлтийн шаардлага хангахгүй төсөл, арга хэмжээг санхүүжүүлж байгаа нь хөрөнгө оруулалтын үр өгөөж буурах, мөн төсөвт ачаалал үүсэж буй талаар жил бүр хийгдэж буй аудитын өгсөн дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байгаа нь Төсвийн тухай хуульд заасан төсөвлөлтийн шаардлагыг хангахгүй, зөрчсөн хэвээр байгаа аж.
Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар Улсын Их Хуралд 5 асуудлыг танилцуулав. Төрийн аудитын байгууллагаас өмнөх жилүүдэд толилуулсан Монголбанкны санхүүгийн тайланг Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд нэгтгүүлэн төрийн нийтийн хөрөнгийн дүн мэдээг бүрэн илэрхийлэх боломжийг бүрдүүлэх шаардлагатай байгааг Улсын Их Хуралд танилцууллаа. Мөн Улсын Их Хурлаас тухайн жилийн Төсвийн тухай хуулиар батлаагүй хөрөнгө оруулалтын болон нийгмийн шинж чанартай төсөл арга хэмжээг төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа асуудлыг анхаарч хуулиар тодорхой зохицуулах; гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнд Засгийн газраас хийсэн хяналт-шинжилгээ үнэлгээний тайланг Байнгын хороод хэлэлцэж байх шаардлагатай хэмээн аудитын дүгнэлтэд дурджээ.
Дотоод хяналт хангалтгүйгээс жил бүрийн аудитаар илэрч буй алдаа, зөрчил буурахгүй, өгсөн зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байгаа тул дотоод аудитын эрх зүйн орчинг хуульчилж, үйл ажиллагааг төлөвшүүлэх боломжийг бүрдүүлэх; аудитын зөвлөмжийн мөрөөр төсвийн ерөнхийлөн захирагчдын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг харьяалах Байнгын хороод хэлэлцэн үнэлж, дүгнэх эрх зүйн зохицуулалтыг буй болгох шаардлагатай гэлээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар Ерөнхий сайдад 16, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад 5, Сангийн сайдад 14, Монгол Улсын Сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргад 2, Барилга, хот байгуулалтын сайдад 1, Төсвийн ерөнхийлөн захирагч нарт 5, Аймгийн ИТХ, Засаг дарга нарт 3 зөвлөмж өгсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )