Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Долгорын Цэнджавтай ярилцлаа.
-Өнөөдрийн утга зохиолд нэн дутагдаж байгаа зүйл юу байна. Ер нь Монголын уран зохиолын чиг хандлага хаашаа явж байна вэ?
-Сүүлийн үед утга зохиол судлаач, шүүмжлэгч гэж байхгүй болсон. Тэр тусмаа гадаадад сургууль дүүргэсэн судлаачид алга. Горькийн нэрэмжит утга зохиолын сургуульд бэлтгэгдсэн судлаачдын буухиа сүүлийн гучаад жил тасарчихлаа. Одоо гэхдээ хоёр гурван залуу Горькийн нэрэмжит Утга зохиолын сургуульд явсан, ахиад явуулахаар ярьж байгаа зүйл бий. Утга зохиолыг судлал шүүмжлэлгүйгээр төсөөлөх аргагүй бөгөөд үүнгүйгээр цааш хөгжиж явна гэж байхгүй. Утга зохиол өөрөө чөлөөтэй хөгжих ёстой ч онолыг өмнөө тавих ёстой. Эхлээд чи ямар чиглэлээр явж болох, аль талд бэлтгэгдсэн байна вэ гэдгээ мэдэрч таних нь чухал. Хувь хүний сэтгэхүй абсурд чиглэлд бэлтгэгдсэн байвал түүний дагуу судла. Хэрэв сонгодог реалист, нүүдэлчдийн арга барилд бэлтгэгдсэн бол тэр чиглэлийн сонгодгийг судла, унш. Гэхдээ бид сонгодог реалист гээд хэт цагаан магтаал, хоосон уянгалаад байж болохгүй. Уншихад хүнд юм бодогдуулсан, ухааруулсан, утгын чанад тэмүүлсэн, эргэлзүүлсэн байх шаардлагатай. Абсурд гээд хэнд ч ойлгогдохгүй зүйл хийчихээд өөрийгөө аугаа гэж бодох ч бас дэмий. Ерөөсөө чөлөөт сэтгэхүй гээд эмх замбараагаа алдсан тал ч байгааг нуух хэрэггүй. Манай улсад ч тэр, олон улсад ч баримтат уран зохиолыг хүсэх болжээ. Дэлхий тэр чигээрээ баримтат уран зохиол руу орчихлоо. Гэхдээ баримтат уран зохиол гэдэг нь өнөөдрийн бичээд байгаа дурсамж, хэдэн тоо биш. Баримтат уран зохиол нь тэр тоог яаж уран сайхан болгох вэ гэдэгт оршино. Өнөөдөр ажиглагдаж байгаа зүйл гэвэл баримт гэхээр уран сайхан нь алга болчихдог, уран сайхан гэхээр баримт нь алга болчихдог.
-Манай номын дэлгүүрийн лангууг түүхэн романууд эзлэх болсон нь үүний нэгэн жишээ гэж ойлгож болох уу?
-Монголын уран зохиолд баримтат уран зохиол байсаар ирсэн. Гэхдээ сүүлийн үед олширч байгаа нь баримт руу явж байгаагийн нэг жишээ мөн үү гэвэл мөн. Харин түүхчид “Танай зохиолчид түүхээ судлахгүйгээр бичиж байна” гэж шүүмжлэх болсон. Бидний хувьд түүх, уран зохиол хоёр өөр гэх мэтээр зохиолчдоо өмөөрдөг. Түүх уран зохиол хоёр өөр боловч ямар нэгэн талаараа холбоотой, уялдаатай учраас үнэн бодит зүйлийг бичихгүй бол болохгүй. Одоо түүхэн зохиол даацтай болох цаг нь болсон. Түүхээ сайн унш, архив сайн ух. Мөн аман түүхийг ашиглах, үй олон хүмүүстэй уулзах, баримт материал харах хэрэгтэй.
Тэгэхгүй бол өнөөдрийн түүхэн зохиолууд уншигчдыг гонсойлгох болжээ. Ялангуяа залуус маань сайн уншиж судлах, ганцхан зүйлээр бус утга зохиолын бүхий л зүйлээр өөрийгөө сорих шаардлага бий. Д.Мягмар гээд сайхан зохиолч 10 гайхамшигтай тууж бичээд зогссон. Тэгэхээр нь өөрийгөө мэдэрч, жүжиг рүү орсноор өөрийгөө аварч чадсан. Д.Мягмарын “Найрын ширээний ууц”-аас эхлээд сайхан жүжгүүд бичсэн, тэр нь уншигч үзэгчдэд хүрсэн. Тухайн үед Драммын театр ганцхан “Найрын ширээний ууц”-аар бүтэн жилийнхээ төлөвлөгөөг биелүүлж байсан түүхтэй. Үүгээрээ тэр өөрийгөө болон орон зайгаа ухаарч мэдэрсэн төдийгүй зохиолч яаж хөрвөж чадаж байна гэдгийг харуулсан. Манай нэрт зохиолч С.Эрдэнэ бол уянгын богино өгүүллэгээрээ алдартай. Гэвч сүүлдээ өөрийгөө давтаад, дүрээ давтаад, бараг үг хэллэгээ давтаад эхлэхээр нь “Амьдралын тойрог”, “Занабазар” зэрэг роман, “Сэрүүн дуганы мөхөл” гэх мэт кино, нийтлэл эссэ рүү орсон нь өөрийгөө үнэ цэнэтэй байлгаж чадаж байна. Л.Түдэв гуай бол бүх төрөл зүйлээр бичихийн зэрэгцээ роман дотроо олон чиглэлийг ашиглаж байгаа нь өөрийгөө мэдэрч байгаагийн нэг шинж. Тэгэхээр манай залуус нэг зүйл дээр эргэлдээд байх хэрэггүй. Өөрийгөө сорь, эрэл хайгуул хий, тэсрэлт хий. Ялангуяа өнөөдөр үргэлжилсэн үгийнхэн дүрийн сэтгэл зүй гэдэг зүйлийг ярих цаг нь болсон.
УТГА ЗОХИОЛЫН ОНОЛЫН САМУУРАЛ, АРГА БАРИЛЫН ТӨӨРӨГДӨЛ ИХ БОЛСОН
-Ерээд он гарснаар утга зохиолд олон улсгал чиглэл орж ирсэн. Энэ хэрээр Монголын зохиолчид хуваагдаж эхэлсэн. Үүнээс үүдэн нэгнээ үгүйсгэсэн, бусдыг үл тоосон байдал газар авчээ. Энэ нь хөгжил үү, чөдөр тушаа юу?
-Ийм хөгжил гэж юу байхав. Одоогийн байгаа байдлыг харахад хоёр гурван нөхөр дундаа нэг шил архи тавьчихсан, өөрсдийгөө Монгол Улсад байхгүй аугаа их хүн хэмээн магтаж, бусдыг гутаан доромжилж суудаг болжээ. Тэд цахим хуудсаар тэнүүчилж өөрсдийгөө дөвийлгөх, бусдыг муучлах хандлага газар авсан нь үнэн. Нэгнээ муулах замаар олныг цочоож байж өөрсдөө нэрд гарна гэсэн өчүүхэн бодол байх шиг. Ийм зүйл байхгүй шүү. Энэ бол утга зохиолын хар тойрог. Энэ хар тойргийнхон цагаан тойрог руу гарч ирээд хүн болох ёстой. Зохиолч хүний хамгийн нандин зүйл бол хүн байх. Чи зохиолч байж чадахгүй ч хүн байх ёстой. Өнөөдөр оюун санааны хувьд бие биенээ барьж идэх гэж байна. Цагийн аясаар янз бүрийн урсгал чиглэл дагасан бүлэг үүсч байгааг буруутгах аргагүй. Харин энэ бүлгийг үүсгэж байгаа хүмүүс нь соёлтой, утга зохиолын зөв хандлагатай байгаа ч гэж хэлэх байна. Ялангуяа нэн шинэ залуу үеийнхэнд хэлэхэд “ирээдүй өнөөдрөөс эхэлнэ” гэсэн бодлоор явж болохгүй. Заавал уламжлал шинэчлэл гэсэн зүйл байгааг ухаараач. Уламжлалыг нь аваад цааш шинэчлээд яв л даа. Философийг дагаж байгаа бол философи өөрөө төөрөлдчихсөн, өрнөдийнх ч ялгаагүй. Зохиолч өөрөө философич байх шаардлага ч тулгарчээ. Утга зохиолын онолын самуурал, арга барилын төөрөгдөл их болсон. Тэгэхээр хамгийн түрүүнд чи өөрийгөө олж ав. Гэтэл зарим хүн өөрийгөө олж аваагүй байж ганц ном уншаад түүндээ хөтлөгдөөд явчихаж байгаа нь харамсалтай.
-Өнгөрөгч 70 жил хэмээн социализмын үеийг хараадаг. Тэр ч бүү хэл уран зохиолоо уран зохиолчид ч өөрсдөө харааж байхыг сонссон. Гэтэл уран зохиол тухайн хугацаанд тодорхой хөгжлийн үе шатыг туулсан. Ингэхдээ 1990-ээд онд утга зохиолын том өв хөрөнгө, суурийг бидэнд үлдээжээ?
-Өмнөх үеийг, хүнийг хараан зүхэхдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Социализмын үед нэг намын үзэл суртлын дор соц реализмыг баримтлан бичиж байсан нь үнэн. Гэхдээ үүнийг огт баримтлахгүй бичиж байсан зохиолчид олон бий. С.Эрдэнэ, Р.Чойном, Н.Нямдорж нар хэзээ нам магтан дуулж байсан юм. С.Дашдооров гэхэд жинхэнэ нүүдэлчдийн ахуй амьдралыг бичиж байсан болохоос юунд ч баригдаагүй. Тэгэж ярих юм бол Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн нар аль 1940,50-иад оны үед л утга зохиолын эрх чөлөө ярьж, түүхээ үнэн зөв гаргана гээд тэмцэж байсан. Үүнээсээ болж “үндэсний үзэлтэн” нэр аваад хоригдож хүртэл байлаа. Цаг үе үнэхээр хүнд хэцүү байсан ч эдгээр хүмүүсийн ач буянаар утга зохиолын хэлээ гайхамшигтай сайхнаар нь бидэнд өвлөгдөж ирсэн. Залуус маань монгол хэлтэй болъё гэвэл эртний сайхан уран зохиолоо унших хэрэгтэй. Ерээд он гарахад аргагүй утга зохиолын цоо шинэ нэгэн үе гарч ирсэн. Чөлөөтэй сэтгэхээс эхлээд юу хамаагүй бичиж болдог ч энэ цаг үе нь уран зохиолын хэлийг эвдсэн тал бий. Эвдэж бичихээс ч өөр аргагүй байдал үүссэн. Гадаадын уран зохиол болгон сайн биш, урсгал чиглэл болгон сайхан байхгүй учраас нэн шинэ үеийнхэн маань хаашаа, ямар зүйл рүү явж байгаагаа сайн бодох хэрэгтэй. Монгол зохиолч Монголоо бичиж байж л дэлхийд гарна уу гэхээс биш бусдыг дуурайгаад хол явахгүй.
-Хэл гэснээс мэргэжилтнүүд сүүлийн үед монгол хэл алга боллоо гэх болжээ. Үүнийг яаж засах вэ?
-Монгол хэлгүй монгол хүн гэж нэг ч байхгүй. Уран зохиолд шинээр орж ирж байгаа хүнээс “уран зохиолын хэлтэй юу” л гэж асуу. Ядаж л В.Инжинаашийн “Хөх судар”-ыг бүгдийг нь ойлгохгүй юм гэхэд уншаад үзчих. Д.Нацагдорж, Б.Ренчин, С.Дашдооров, С.Эрдэнэ, Д.Мягмарын хэлийг уншиж байж утга зохиол руу орох нь чухал биз дээ. Зохиолчийн хамгийн том зэвсэг бол хэл гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Оросын утга зохиолд гэхэд “Пушкины хэл” гэж ярьдаг байсан. Урьд өмнө манай Зохиолчдын эвлэл “Их утга зохиолын үндэсний хөтөлбөр” гэж боловсруулжээ. Үүнд нэмэлт завсар хийж, 2030 он хүртэл олон зүйл төлөвлөлөө. Энэ хөтөлбөр дээр бүх зүйл бий. Гэхдээ гагцхүү хэлийг маш сайн тусгана гэж бодож сууна. Өнөөдөр номын дэлгүүрүүд, уншигчдын байдлыг ажиглаж байхад дандаа гадаадын уран зохиол сонирхон авч байна, энэ манай зохиолчдод өгч буй том сануулга шүү. Гэхдээ өндөр боловсролтой уншигчид бэлдэж байж уншигчидтай болно. Энэ тал дээр олон талын ажил зохион байгуулж, уншигчдын боловсролыг дээшлүүлэх шаардлага байгааг хаа хаанаа ойлгох цаг нь болжээ.
МИНИЙ ХУВЬД ӨНГӨРСӨН ҮЕДЭЭ ХАЙРТАЙ
-Зохиолч хүнтэй уулзсаных уран бүтээлчийн тань богц руу өнгийхгүй байж болохгүй. Сүүлийн үед ямар уран бүтээл туурвиж байна?
-Удирдах зөвлөлийн даргаар сонгогдсоноос хойш нэг ч мөр бичсэнгүй, үнэхээр завгүй ажиллаж байна. Ойн баярын бэлтгэл ажил гээд цаг нар алга. Түүнээс толгойд таван романы төлөвлөгөө зурагдчихсан. Нууц задлаад яахав, ажил жаахан амасхийхээр буулгана. Би түүх нэлээд бичлээ. Одоо түүхээс жаахан зайлсхийж, уран сайхны романууд бичиж байгаа ч барих зав алга. Би нэг зүйлийг зориуд хэлмээр байна. Манайхан хөгшчүүл гэж ярих дуртай, хөгшид зайгаа тавьж өг гэхдээ тулна. Гэтэл 60-аас дээш насныхан 25 настай залуустай яг адилхан сэтгэнэ, оюуны энерцийн хувьд 30 хувь илүү гарна гэдгийг тогтоосон. Нобелийн шагналыг хаанахын хэн 35, 45, 55, 65 настайдаа авчихсан юм, дандаа л 70 гарчихсан хүмүүс энэ шагналыг хүртжээ. Үргэлжилсэн үг, романуудыг 60-аас дээш насныхан л бичиж байна гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Би мохно гэж байхгүй, залуучуудаас илүү сэтгэнэ. Хөгшдийн цаг нь болсон, хамаг юм нь дууссан гэж ярьдаг, би үүнд их дургүй. Тэр тусмаа манай хүүрнэл зохиолчид бол гэмгүй, дотроо бясалгаад, гэртээ хэдэн цагаар ч хамаагүй суугаад намуухан бичдэг, гэтэл яруу найрагчид бол задгай, энд тэнд үгээ хэлнэ, яруу найргийн наадмуудаар шүлгээ уншина гээд бараг уран сайханчдын хэмжээнд очсон. Манай утга зохиолын үе үеийн ахмад төлөөлөгчид бол Монголын уран зохиолын ачааны хүндийг үүрч ирсэн юм шүү. Өнөөдрийн энэ гэрэл гэгээ бол бидний сайных биш, үе үеийн ахмадуудын бидэнд асааж өгсөн гэрэл гэгээ учраас бид цааш нь улам гэрэлтүүлж явах ёстой. Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин нараас эхлээд Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, Д.Мягмар нарын тэргүүтэй олон сайхан уран бүтээлчид бидэнд өнөөдрийн энэ их гэрэл гэгээг бүтээж өгсөн, тиймээс та бүхэнд мэхийн ёсолж байна. Миний хувьд өнгөрсөн үедээ хайртай. Аливаа зүйл үндэсгүй бол ургахгүй шүү дээ. Гэхдээ би өөрчлөгч шинэчлэгч хүн, энэ ардчилсан нийгмийг цогцлооход сэтгүүл зүйн салбараар дамжуулан зүтгэсэн гэдгийг хүмүүс мэднэ. Үеийн ялгаа, арга барилын ялгаа, бие биенээ гутаах зүйл байж болохгүй, хэрүүл шуугиан битгий тариач, харин нэг тодорхой төрөл зүйл дээр мэргэжлийн түвшний маргаан байхыг үгүйсгэхгүй.
-Монголын Зохиолчдын эвлэл бол төрөөс санхүүждэггүй, Төрийн бус байгууллага. Тэгэхээр хэрхэн санхүүжиж байна?
-Улс төрөөс хол, зөвхөн уран зохиолын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг ийм байгууллагыг төр засгаас ихээхэн анхаарах цаг нь болжээ гэдгийг дарга сайд нар гээд уулзсан хүн болгонд дуулгаж явна. Дэлхийн бусад орнууд Зохиолчдын байгууллагаа төрийнхөө ивээлд авч, санхүүжлээд уран зохиолоо хөгжүүлж байна. Казакстаны Ерөнхийлөгч гэхэд л өөрийнхөө нэрэмжит шагнал өгдөг, ахмад зохиолчиддоо цалин олгодог байх жишээтэй. Гэтэл манай улсад тийм зүйл байхгүй учраас ойн баяр тэмдэглэх гэж чамгүй сандарч байна. Гэхдээ утга зохиолыг хайрладаг хүмүүс сайхан дэмжиж байгааг дуулгах хэрэгтэй. Хамгийн эхэнд Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл ойн арга хэмжээнд хандив өргөсөн. Мөн манай байгууллагатай хамтран ажиллахаар боллоо. Манай зохиолч, уран бүтээлчид маань ч чадлынхаа хэрээр тусалж дэмжиж байна. Зохиолчдын эвлэлд бүртгэлтэй 1214 хүн байгаагаас өнөөдөр бурхан болсон нь бас цөөнгүй, идэвхтэй үйл ажиллагаанд оролцон, өдгөө туурвиж байгаа 600 орчим уран бүтээлч бий. Тэгэхээр манай гишүүд татвараа төлчихвөл ойн арга хэмжээнд ихээхэн нэмэртэй байгааг дуулгая.
-Та Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Энэ хугацаанд юу ажиглагдав. Өөрчлөх шинэчлэх зүйл байна уу?
-Зохиолчдын эвлэл Дүрмийн хороо гэж байгуулж байгаа. Энэ хороо шагнал урамшуулал, гишүүн элсүүлэхэд тодорхой шалгуур тавина. Хэн дуртай нь ирээд элсчихэж болохгүй, Зохиолчдын эвлэлийн гишүүн гэдэг өөрөө нэр төрийн хэрэг шүү дээ. Жишээ нь, татвараа хоёр жилийн хугацаанд төлөхгүй бол гишүүнээс хасах зэрэг заалт орж байна. Үнэнийг хэлэхэд өнөөдөр эмх цэгцэнд орохгүй бол хаа хаанаа задгайдуу явж иржээ. Зохиолч нь нийгэм юм уу, төрийн өмнө хариуцлага хүлээхгүй байж болно, уран бүтээлийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Одоо бол хүн бүхэн л шагнал авахын төлөө явж байна. Эхлээд би нэг ийм хэмжээний хүн юм гэж өөрөө өөрийгөө таньж мэдрэх хэрэгтэй. Мань мэт 50 нас гарчихаад өдий төдий бүтээл хийсэн хэрнээ “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-д тодорхойлоход “Би тийм одон авах хэмжээнд хүрээгүй” гэж өөрөө санал тавиад “Алтангадас” одон авч байлаа. Тэгэхээр зохиолчид маань бүтээлээ хүмүүст хүргэх, тэдэнд хүлээн зөвшөөрөгдөх, өөрийгөө сайн таньж мэдэх ёстой. Түүнээс бус 300 ширхэг ном хэвлүүлчихээд шагнал урамшуулал яриад байх нь зүйд нийцэхгүй. Цаг хугацааг хүлээ, шагнал гэдэг өөрөө яваад ирнэ. Өнөөдөр эвлэлийн гишүүн бүр л Зохиолчдын эвлэлийн шагналтан болчих санаатай. Гэхдээ ойн баяраар зохиолчдоо аль болох урамшуулна. Миний хувьд ойн баяраар Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч ч төрж магадгүй гэж бодож сууна. Төр маань үеийн үед зохиолчдоо сайхан урамшуулж ирсэн, энэ ойгоор ч гэсэн урамшуулна гэж найдаж байна. Хуучин цагт бол Зохиолчдын баярын хурал дээр Ю.Цэдэнбал тэргүүтэй Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж оролцдог байсан. Зохиолчдын эвлэлийн ойн баяр гэдэг бол бүх монголчуудын баяр, уншигчдын баяр, танин мэдэхүйн баяр болдог.
-Ингэхэд уншигчдын хүсэн хүлээдэг “Болор цом”, “Алтан-Өд” хэзээ болох юм. Ойн өдрүүдэд зохион байгуулагдах арга хэмжээний талаар яривал уншигчдад сонин байж таарна?
-Манай ойн хүрээнд олон арга хэмжээ зохиогдоно. Ойн баяр нэгдүгээр сарын 7-ны өдөр “Алтан-Өд” наадмаар эхэлнэ. Мөн Эрдэм шинжилгээний хурлыг нэгдүгээр сарын 8-ны өдөр МУИС-ын Номын санд зохион байгуулна. Тус хурлаар сүүлийн хориод жилд уран зохиол ямар замаар явж ирэв, цаашид яах юм, дэлхий нийтэд ямар байна гэх зэргээр нэлээд өргөн хүрээнд хэлэлцэнэ. “Болор цом” наадмыг нэгдүгээр сарын 5-ны өдөр Говьсүмбэр аймагт зохион байгуулна. Энэ нь олон учир шалтгааны үүднээс Говьсүмбэр аймагт явуулахаар болсон. Миний өмнө Удирдах зөвлөлийн даргын алба хашиж байсан нэртэй сайхан яруу найрагч А.Эрдэнэ-Очир маань зуурдаар бурхан боллоо. Тэр маань Дорноговийн хүн, энэ жил ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 215 жилийн ой тохиосон. Энэ утгаараа “Болор цом”-оо Данзанравжаагийн нэрэмжит болгон явуулна, чадвал нутагтаа зохион байгуулах санаа бий гэж ярьдаг байсан. Тиймээс яг Дорноговь аймгийн төв дээр биш ч гэсэн нэгэн цагт Дорноговийн харьяанд байсан Говьсүмбэрийг дөтлөн сонгосон хэрэг. Нөгөө талаар биднийг баяраа тэмдэглэх үеэр ид идэр есийн жавар тачигнаж байна, тиймээс газар тийм хол биш, зам харилцаа хөгжсөн, галт тэрэг явдаг гээд давуу талыг ч харсан. Яагаад гэхээр “Болор цом” наадамд манай уран зохиолын алдартнууд бүгд оролцохоос гадна Халимаг, Тува, Буриад, Өвөр Монголоос яруу найрагчид ирнэ. Нэртэй алдартай уран бүтээлчид нас өндөр болсон, хол замыг өвлийн хүйтэнд туулахад хүндрэл гарах учраас дулаан, аваар осолгүй найдвартай унаа хэрэгтэй гэх мэт зүйлийг ч харгалзан үзсэн. Мөн нэгдүгээр сарын 9-ний өдөр ойн баярын хурал болж, “Улаанбаатар” ресторанд зохиолчдоо хүлээн авна.
-Энэ жилийн “Болор цом”-ын эзнийг аль эрт тодруулчихсан хаа сайгүй шуугиж байна?
-Өнөөдөр цахим сүлжээ ч өргөн хөгжиж, энэ хэрээр элдвээр цуурдаг, Зохиолчдын байгууллагыг элдвээр хэлдэг бүлэг хүмүүс бий болжээ. Бодоход тэдний нэг нь л ийм мэдээлэл тараасан байх. “Болор цом”-ын эзэн урьдчилан тодорно гэж юу яриад байгаа юм, ийм балай юм гэж юу байхав, шударга явна. Би шүүгчдийг шударга ажилла гэж удаа дараа захиж байгаа. Авьяастай залуус гараад ир л дээ. Яруу найрагт тэсрэлт хий. Заавал нэртэй алдартай хүн уралдах ёстой наадам биш шүү дээ. Энд нэг зүйлийг зориуд хэлэх ёстой. Би Удирдах зөвлөлийн даргаар сонгогдоод юуны өмнө аливаа зүйлийг шударга байлгая. Үнэнхүү авьяас билгээрээ л тодорч гарч ирэх хэрэгтэй. Тал тохой татах, мөнгө төгрөг амлах, шагнал урамшууллыг бусдаар гуйлгах гээд янз бүрийн юм байж болохгүй. Үүнийг би зөвшөөрөхгүй гэдгийг зохиолч уран бүтээлчид маань маш сайн ойлгох хэрэгтэй. Удирдах зөвлөлд яруу найргийн, жүжиг киноны, үргэлжилсэн үгийн гэх мэт Үндэсний төвүүд ажилладаг. Миний хувьд “Утгын чимэг” наадамд гэхэд үнэхээр авьяас билгээрээ шалгарсан, уран зохиолын шаардлага хангасан бүтээлийг шалгаруулаарай. “Болор цом”-д ч авьяас билэг, бусад талаар шаардлага хангасан найрагчдыг тодруулж оролцуулаарай гэж удаа дараа захисан. Улстөрчид нь шударга байя гээд чадахгүй байна, манай зохиолчид бол шударга байж чадах хүмүүс гэж боддог.
-Монголын Зохиолчдын эвлэл нь үеийн үед гадаад харилцаатай явж ирсэн түүхтэй. Тэгэхээр өнөөдрийн гадаад харилцаа хамтын ажиллагаа ямар байна вэ?
-Саяхан манай удирдлагууд Өвөр Монголын Зохиолчдын хорооны дарга Дорнотэнгэр гэдэг хүнтэй уулзаад хоёр орны Зохиолчдын байгууллага хамтран ажиллах тал дээр гэрээ байгуулаад ирлээ. Хамгийн анхны гадаад хамтын ажиллагааг яс цус нэг Өвөр Монголын ах дүү нараас эхлүүллээ. Ирэх жил Монгол Хятадын найрамдалт харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна, энэ хүрээнд ч хийх зүйл их байгааг дуулгасан. Үүнээс хойш Япон, Солонгос, Буриад, Халимаг гэх мэт улсын Зохиолчдын байгууллагатай хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )