ТЭДНИЙ ТУХАЙ: Соёлын экспортыг тэлж чадсан ТОГТВОРТОЙ БОДЛОГО

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 25

БНСУ-ын соёлын давлагааны  өсөлт нь олон улсын тавцанд хэрхэн зөөлөн хүч болж хувирч байгаа талаар өмнө нь хүргэсэн билээ. 

Тодотгоход, Солонгосын давлагааны амжилт буюу 1990-ээд оны сүүлчээс хойших соёлын экспортын хурдацтай өсөлтийг БНСУ-ын Засгийн газрын бодлого, зохион байгуулалттай дэмжлэгийн үр дүн гэж зарим шинжээч үздэг. БНСУ-ын Засгийн газар соёлын бодлогыг эдийн засгийн стратеги болгож энэ нь төрийн дипломат арга хэрэгсэл болон өргөжсөн байна. 

БНСУ-ын Засгийн газар экспортод чиглэсэн эдийн засгийн стратегид голлон анхаарч соёлын салбарыг дэмжих олон төрлийн бодлого хэрэгжүүлж ирсэн. 

Тухайлбал, Ким Дэ Жунгийн засаг захиргаа 1998 оноос эхлэн БНСУ-ын соёлын салбарын үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилготой хөгжлийн төлөвлөгөөг зарласан бөгөөд 1998 онд 14 сая ам.доллар байсан соёлын салбарт оруулсан хөрөнгө оруулалтыг 2001 онд 84 сая ам.доллар болгож нэмэгдүүлсэн байдаг.

Мөн Ро Му Хёны засаг захиргаа соёлын салбарын хөгжил, эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор соёлын гарааны бизнест үзүүлэх татаасыг нэмэгдүүлж , дотоодын соёлын зах зээлийг хамгаалах хууль гаргажээ. Тухайлбал, 1999 онд Соёлын салбарын тухай, 2001 онд Соёл, контентын агентлагийн тухай, 2002 онд Цахим дижитал контентын салбарыг хөгжүүлэх тухай хууль тус тус батлагдсан байна.

Мөн Ли Мён Бак-ын Засгийн газар соёлын бодлогын чиглэлийг эдийн засагт чиглэсэн стратегиас үндэсний брэнд, өрсөлдөх чадварын стратеги болгон өөрчилсөн. Тодруулбал, Ли Мён Бак-ын Засаг захиргааны дор “Дэлхийн Солонгос” хэмээх үзэл баримтлал гарч БНСУ-ын үндэсний онцлогийг “ирээдүйд чиглэсэн, олон соёлт, алсын хараатай” болгон төлөвшүүлэхэд эдийн засаг, улс төр, үзэл суртал, соёлын санаачилгыг гаргасан.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн дэргэд Үндэсний брэндийн зөвлөлийг ажиллуулж, соёлын бодлогын гол чиглэлээ зөөлөн хүчний үзэл баримтлалд тулгуурласан хандлага руу шилжүүлсэн. Судлаачид энэ арга хэрэгслийг эдийн засгийн хөгжил, дипломат харилцааг дэмжих оновчтой хувилбар гэж тодорхойлсон байдаг.

БНСУ-ын Засгийн газар “Солонгосын давлагаа” нь экспорт, аялал жуулчлалыг орлогыг нэмэгдүүлэх шинэ эх үүсвэр гэж үзсэн бөгөөд соёлын салбарыг дэмжсэн энэ бодлого нь онлайн тоглоом, гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас загвар зэрэг бусад экспортын өсөлтөд эергээр нөлөөлжээ. Ерөнхийлөгч Пак Гын Хэ болон Мүн Жэ Ин-ий засаглалын үед ч соёлын бодлого тогтвортой хэрэгжиж иржээ.

Тухайлбал, 2020 онд Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд “Солонгосын давлагаа” гэдэг утгыг илэрхийлдэг Hallyu хэмээх хэлтсийг байгуулж, "Шинэ Hallyu эрин үе" хэмээн зарласан бөгөөд төлөвлөгөөний дагуу БНСУ-ын соёлыг хөгжүүлэх, экспортлоход чиглэсэн Засгийн газрын тэргүүлсэн төрөл бүрийн төслийг хэрэгжүүлсэн.

Hallyu төсөл амжилттай хэрэгжиж БНСУ-ын соёлын нэр хүнд өссөн нь эдийн засагт эергээр нөлөөлөх суурь хүчин зүйл болсон бөгөөд Өмнөд Солонгост аялал жуулчлалаар зочлох, солонгос хэл сурах хүний тоог үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж буй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top