Ажлаас халагдсанаас үхсэн нь дээр: Японд хэрхэн ажилладаг вэ?

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 07

Илүү цагаар ажиллах, амралтын өдрүүдэд оффис дээрээ ажиллах, ээлжийн амралтаас татгалзах, удирдлагатайгаа хүчээр архидах. Энэ бол Японы хөдөлмөрийн зах зээлийн бодит байдал. Олон сая япончууд ядаргаа, гутралд ордог. Жил бүр олон зуун хүн хэт ядаргаанаас болж нас бардаг. Энэ үзэгдлийг Японд “кароши” буюу хэт ажилласнаас болж үхэх гэж нэрлэдэг байна. Амь насандаа эрсдэл учруулан байж ажиллах уламжлал хэрхэн бий болсон талаар Forbes  сэтгүүлд бичжээ.

Ажлын төлөө амь насаа золиосолно

1990-ээд оноос эхлэн Японы болон өрнөдийн хэвлэлүүдээр илүү цагаар ажилласны улмаас нас барсан компанийн ажилтнууд, хэт их ачаалалд зовж шаналсан цагаан захтнууд нэгдэн харакири хийсэн тухай эмгэнэлт түүхүүд гарч эхэлсэн. Японд компанийн ёс зүй, стандартууд өнөөг хүртэл ажил олгогчдод бус ажилтнуудад хатуу хэвээр байна. Хамтрагч болон удирдлагын нүдэнд залхуу гэж харагдахгүйн тулд нэр, нүүрээ бодсон япончуудын ихэнх нь орой болтол ажил дээрээ ажиллаж, амралтын өдрүүдэд ажилдаа явж, ээлжийн амралтаасаа татгалзан, ажлын бус цагаар бааранд даргадаа “хань” болно. Номикэйшен буюу согтууруулах ундаа уунгаа хөөрөлдөх нь Японы компанийн соёлын салшгүй нэг хэсэг.

2015 онд “Dentsu” рекламны томоохон агентлагийн 24 настай ажилтан Мацүри Такахашигийн түүх дуулиан тарьж байв. Нэр хүндтэй компанид ажилд орсон бүсгүй байнга илүү цагаар ажиллаж, хувийн амьдралд нь бэрхшээл гарч, гутранги үзэлтэй болсон тухай жиргэж байв. Тэрбээр унтахаас өөр хүсэлгүй болсон тухай бичнэ. “Оффистоо хоногт 20 цагийг өнгөрүүлсний дараа яах гэж амьдарч байгаагаа ч ойлгохоо болилоо” гэж 2015 оны арванхоёрдугаар сарын 17-нд жиргэжээ. Арванхоёрдугаар сарын 25-нд Зул сарын баяраар Такахаши ээжтэйгээ уулзсаныхаа дараа амиа хорложээ.

Бүсгүйн үхэл Японд төдийгүй дэлхий даяар шуугиан тарьсан. “Dentsu” агентлагийн ерөнхийлөгч огцрох өргөдлөө өгч, Японы Засгийн газар тус компанийг хагас сая иенээр торгож байв.

Такахашигийн үхлээс өмнө ч, дараа нь ч Японы эрх баригчид илүү цагаар ажиллуулах хязгаар тогтоосон хууль батлах зэрэг арга хэмжээ авч байсан. Ажилтны зөвшөөрөлгүй жилд 360 цагаас илүү хөдөлмөрлүүлэхийг хоригложээ. Японы эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яам илүү цагаар ажиллах дээд хугацааг сард 80 цаг гэж тогтоосон байна. Илүү цагаар ажилласны улмаас амиа алдах, хорлох эсвэл ноцтой өвчин эмгэгтэй болбол нөхөн төлбөр олгоно.

Японы эрх баригчдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах чиглэлээр арга хэмжээ авсаар байгаа ч статистик найдваргүй хэвээр. 2022 онд хэт ачаалалтай ажилласнаас үүдэлтэй өвчлөл, нас барсны нөхөн төлбөр нэхэмжилсэн тохиолдол 3486 гарч байв. Энэ нь өмнөх оныхоос 10 хувь өссөн үзүүлэлт. Судалгаанаас үзвэл япончуудын 42 хувь ээлжийн амралтаа авдаггүй байна. Үүнээс гадна хэт их ачаалалтай ажилласнаас үүдэлтэй сэтгэцийн эмгэгтэй болсон ажилтнуудын тоо 60 хувиар өсжээ.

Хар корпорацууд

Гол асуудал нь Японы корпорац бүр хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлөх сонирхолгүй байдагт оршдог. Тэр тусмаа хязгаарлалтыг зөрчсөний төлөө ногдуулдаг торгуулийн хэмжээ тухайн компанид томоохон хохирол учруулахуйц их биш гэж “кароши” үзэгдлийг 30 гаруй жил судалж буй социологич Скотт Норт үзэж байна. Японы ихэнх компаниуд ажилтнуудтай сайн дурын гэрээ байгуулах замаар хуульд заасан хязгаарлалтаас зайлсхийж байна. “IHI” корпорацын ажилтнууд сард 200 цагаар илүү ажиллахыг зөвшөөрдөг бол “Hitachi”-д 150 цаг, “Toshiba”-д 120 цаг, “Mitsubishi Electrics”-т 105 цаг, “Fujitsu”, “JFE Steel”, “Mitsui Engineering and Shipbuilding”-т 100 цагаар илүү ажиллуулдаг байна. Хууль, дүрэм мөрдөж буйг шалгах 3300 байцаагч ажилладаг ч 6 сая компанид хаана ч хүрэлцэхгүй. Ийм компаниудыг тодорхойлдог “бураккү кигё” буюу хар компани гэсэн нэр томьёо хүртэл гарчээ. Ийм компаниудын жагсаалтад тус улсын томоохон корпорацууд, Uniqlo, Rakuten, Mitsubishi, Toyota, 7-Eleven зэрэг дэлхийд алдартай брэндүүд оржээ.

Японы багш нар бусад хөгжилтэй орнуудын мэргэжил нэгтнүүдээсээ 1.5 дахин илүү цаг ажилладаг бол хүний амь насыг аврах үүрэгтэй эмч нар хэт их ачааллаас болж өөрсдөө үхлийн ирмэгт тулж ирээд байна. 2024 оноос үйлчлэх шинэчлэлийн дагуу эмч нарыг жилд 960 цагаас илүү цагаар ажиллуулахыг хориглоно. Гэхдээ нөхцөл байдлыг хөнгөвчлөхгүй л болов уу гэж Японы анагаах ухааны коллежуудын холбооны тэргүүн Котаро Йокотэ үзэж байна. 

Оффисын камиказе нар

Японы оффисын ажилтнуудын ажлын хэнхэг байдал дайны дараах үеэс эхтэй. Тухайн үед тосгодын оршин суугчид хотод шилжин суурьшиж, улсынхаа эдийн засгийг босгохоор ханцуй шамлан оржээ. 1960-1970-аад онд япончуудаас асар их хөрөнгө өвлөж авбал ажил хийсээр байх уу гэсэн асуултад ихэнх нь ажиллана гэж хариулж байв. Тэдний хувьд ажиллахгүй л бол амьдрах утгагүй. Хүмүүс тэр үед хөдөлмөрийнхөө үр шимийг нүдээрээ үзэж байв. ДНБ 10 хувь, аж үйлдвэрийн өсөлт 15 хувьд хүрч, цалин нэмэгдэж, амьдралын түвшин огцом дээшилж, Японы нийгэм дунд ангийн нийгэм болж эрчимтэй өөрчлөгджээ. Энэ бол үндэсний үзэл санаа байв. Их бөгөөд сайн хөдөлмөрлөснөөр улс орноо хөл дээр нь босгож, хүчтэй гүрэн болгоно. Тэд амжилтад хүрч чадсан.

Илүү цагаар ажиллах нь энгийн үзэгдэл болж, зарим үед бүр компани төдийгүй улс орныхоо өмнө хүлээсэн үүрэг нь болжээ. Дайны дараа төрсөн үеийнхэнд хүртэл ийм сэтгэлгээ өвлөгдсөн байна. “Оффисоос 22.00 цагт гарахад сэтгэл зүйн хувьд хүнд байсан. 23.00 цагаас хойш тарахад таатай байдаг байсан” гэж нэрээ нууцалсан залуу ярина.  Гуч хүрээгүй залуугийн ярьснаар, байнга илүү цагаар ажилласнаар чих нь шуугих, толгой нь эргэх, шээсээ барьж чадахгүй болох зэрэг эмгэгтэй болсон ч сард 120 цаг илүү ажиллаж, амралтын өдрүүдээр гэртээ ажилладаг байжээ.

Гэхдээ Японы одоогийн залуус ажилдаа эмээ, өвөө шигээ махруу хандахаа больсон байна. Шинэ үе илүү хангалуун орчинд өсөж, өөр үнэт зүйлстэй болжээ. Залуу япончууд амралтаасаа татгалзах нь ховор болж, ажлаа дуртай солино. Ингэхдээ тэд том бус дунд хэмжээний компанид ажилд орохыг илүүд үздэг болсон байна.

Тэдний хувьд чөлөөт цаг, зугаа цэнгэл илүү чухал. Гэрлэлтийн доогуур статистик ч үүнтэй холбоотой. Залуу япончууд эрх чөлөөг сонгон, ажилдаа ч тэр, хувийн амьдралд ч тэр ачаалал авахыг хүсэхгүй байна.

Гэсэн хэдий ч ажлаа солихыг хүссэн шинэхэн ажилтнууд өнөөх хүндрэлтэй нүүр тулсан хэвээр гэж “Харанхуй корпорацууд” нэртэй номын зохиолч Харүки Конно ярьжээ. Сургуулиа дөнгөж төгссөн шинэ ажилтнууд анхны компанидаа дор хаяж гурван жил ажилласны дараа л ажлаа солиход тохиромжтой. Үүнээс өмнө ажлаа соливол тэднийг асуудалтай хэмээн үздэг байна.

Эдийн засгийн гайхамшгийн үед бий болсон шүшин коё буюу насан туршдаа хөлслөгдөх гэх үзэгдэл нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Өөрөөр хэлбэл тухайн ажилтан тэтгэвэрт гарах хүртлээ ажиллах баталгаа авдаг. Ингэхдээ түүний цалин жил бүр нэмэгдэж, ажилдаа ирэхгүй, албан тушаал ахихгүй байсан ч хамаагүй. Японы компаниуд ажилтнуудаа сургах, мэргэжлийг нь дээшлүүлэхэд их хэмжээний мөнгө залдаг байсан. Тиймээс ажилтнуудаа тогтоохын тулд янз бүрийн баталгаа, урамшуулал олгодог байжээ. Жоб хоппинг буюу ажлаа байнга солихыг Японы соёлд сайшаадаггүй. Өдгөө шүшин коё хөдөлмөрийн зах зээлийн 60 хувийг бүрдүүлдэг байна. Гэхдээ өмнө нь амьдралын баталгаа хэмээн хүлээн зөвшөөрөгдөж байсан энэ тогтолцоо өдгөө хавх болж хувирчээ. Ихэнх нь “төрсөн” компаниасаа гарах шийдвэр гаргаж чадалгүй, дургүй байсан ч үлддэг. Учир нь тэдэнд бүх нийтийн сайн сайхны төлөө өөрийгөө золиослогч болсон мэдрэмж төрдөг гэж “TRT” хуулийн фирмийн тэргүүн Ёшихито Хасэгава ярьжээ.

2020 оноос эхлэн түүний компани Японы төдийгүй дэлхийн зах зээлд онцгой үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Ажилдаа дургүй ч удирдлагадаа халагдах өргөдөл өгөх сэтгэлийн тэнхээгүй япончуудад халагдахад нь зуучилдаг байна. 2022 онд л гэхэд түүний компанид 13 мянга гаруй хүн ханджээ. Ийм үйлчилгээ үзүүлдэг компаниудын тоо өссөөр байгаа аж.

Хасэгавагийн хэлснээр, япончуудын хувьд ажиллаж буй компаниа хүндэтгэх нь ахмад хүнийг хүндэтгэх соёлтой ижил. Ажлаас гарахыг урвалт гэж үздэг. Ажлын хүчний хомстлоос үүдэн компаниуд ажилтнуудаа ажлаас гарахыг нь хориглож, орлох хүн олохоос нааш ажлаас нь халдаггүй. Тиймээс зарим ажилтнууд дургүй ажилдаа хэдэн жилээр үлддэг байна. Харин гаднын иргэдэд ажлаас гарахад илүү хялбар байдаг байна.

1990-ээд онд “кароши” үзэгдлийн тухай илтгэл тавихад нь Японы социологич Китанака Зюнког өрнөдийн мэргэжил нэгт нөхдүүд нь үл ойлгодог байжээ. Тэд яагаад япончууд зүгээр ажлаасаа гарах эсвэл сэтгэл зүйн тусламж авахын оронд амиа хорлодог болохыг гайхдаг байв. Гэвч хэдхэн арван жилийн дараа энэ үзэгдэл онцгой байхаа больсон байна. 2021 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хамтран гаргасан тайланд энэ үзэгдэл дэлхийн хэмжээний асуудал болсныг дурджээ. 2016 онд бүртгэгдсэн цус харвалт, зүрхний шигдээсээс үүдэлтэй 745 мянган нас баралт хэт их ачаалалтай ажлаас шалтгаалсан болохыг тогтоосон байна. Дэлхийн хүн амын 9 хувь илүү цагаар ажилладаг байна. Долоо хоногт 55 цаг түүнээс илүү цагаар ажиллах нь эрүүл мэндэд ноцтой үр дагавартай. Засгийн газар, ажил олгогч, ажилтнууд ажлын уртасгасан цаг эрт үхэлд хүргэдэг болохыг ойлгох цаг нь ирсэн гэж ДЭМБ-ын байгаль орчин, эрүүл мэндийн газрын захирал Мариа Нейра анхааруулсан байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Enkhee(192.82.92.153) 2023 оны 11 сарын 10

(66.181.191.153) -д үхэж болохгүй шүү. Энэ дэлхийд төрсөн минь учиртай.... Хорвоогийн сайн сайхан бүхнийг амталж мэдэрч бгд цаг нь ирэхээр дэлхийгээс яваарай. Наана нь битгий яваарай. Стресст орсоон байна, сэтгэлзүйчид очиж зөвлөлгөө авна уу

0  |  0
Өөртөө хайртай бай(66.181.181.254) 2023 оны 09 сарын 09

Чамайг мажийгаад 7 хоноход чамайг орлох хүн гараад л ирнэ. Сар болоход чамайг байсныг санах хүн цөөхөн үлдэнэ. Жил болоход чамайг урьд өмнө нь ажиллаж байсныг мартсан байх болно. Шаргуу биш ухаалаг ажиллацгаа каришочуудаа.

0  |  0
Биби(66.181.191.153) 2023 оны 09 сарын 09

Би яг ийм каришо болоход ойрхон бна. Хэт ажилласны улмаас сэтгэл гутралд ороод бна. Ажилдаа очихоос халгаж халширч ядарч бна. 11 жил ээлжийн амралтгүй ажилласан. Үхчихвэл энэ ажил гэдэг тойргоос гарч чадах юм шиг санагдаж бна

1  |  0
Top