Манай улсын эдийн засгийн энэ оны ая таатай нөхцөл байдал БНХАУ-ын бууралтаас хамааран муудах вий гэсэн сөрөг хүлээлт үүсээд буйтай зэрэгцэн 2024 оны төсөв, мөнгөний бодлогын төслүүд зураглагдаж байна.
Энэ оны эхний найман сард гадаад худалдааны нийт эргэлт 15.9 тэрбум ам доллар хүрснээс экспорт 10 тэрбум, импорт 5.9 тэрбум ам доллар болсон. Тэгвэл экспортын 78 хувийг нүүрс, зэс, төмрийн хүдрийн гэсэн гурван л төрлийн түүхий эдийн экспортын орлого бүрдүүлж байна.
Тэрдундаа оны эхний найман сард нүүрсний экспортын хэмжээ 40.8 сая тонн, орлого 5.7 тэрбум ам доллар хүрсэн нь гол өсөлтийг бүрдүүлж байгаа юм. Түүнчлэн БНХАУ-ын нөхцөл байдлаас шалтгаалан нүүрсний экспорт ирэх онд энэ оныхоос буурвал төсвийн орлого татрах эрсдэлтэй учраас байнга л ярьдаг төсөв сан, мөнгөний бодлогын уялдаагаа хангах тал дээр анхаарах шаардлагатай.
Тэгвэл Монголбанкнаас “Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэл”-ийн төслийг УИХ-д өргөн барихаас өмнө анх удаа нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Төв банкны тухай хуулинд заасан Монголбанкны үндсэн зорилт болон бусад чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлэх бодлогын зорилтуудыг энэхүү баримт бичигт тодорхойлж, УИХ-аар батлуулдаг.
Ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлого нь инфляцыг тогтворжуулах замаар тогтвортой өсөлтийн суурь нөхцөлийг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ. Энэ хүрээнд Монголбанк инфляцыг онилох мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх суурь дэд бүтцийг дараагийн шатанд гаргахтай холбоотой зорилтыг энэ онд шинээр тусгажээ. Энэ нь дунд хугацаанд инфляцыг 6+/-2 нэгж хувийн интервалд байлгах зорилт амжилттай хэрэгжих, инфляцын хүлээлтийг аргамжих, олон нийтийн Төв банкинд итгэх итгэл, үйл ажиллагааны хараат бус байдал дээшлэх зэрэгт дэмжлэг үзүүлнэ гэж үзжээ.
Үүнээс гадна гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт оруулахад дэмжлэг үзүүлэх, банкны салбарын ногоон зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах, их өгөгдөлд суурилсан нэгдсэн системийг хөгжүүлэх зорилтыг тусгасан байна.
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг танилцуулахдаа “Эдийн засгийн төлөв, Макро бодлогын зорилт” болон “Банк, санхүүгийн салбарын өнөөгийн байдал, бодлогын зорилт” гэсэн 2 сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэв.
Тус хэлэлцүүлэгт төрийн болон Олон улсын санхүүгийн байгууллагууд, банк, санхүүгийн салбарынхан, эдийн засагч, судлаачид оролцож, мөнгөний бодлогын зорилт, хэрэгжилтийн талаар санал, зөвлөмж, байр сууриа илэрхийллээ. Төслийг өргөн барихаас өмнө нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулснаар бодлого боловсруулалтад олон ургалч үзэл санааг тусган сайжруулах, хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлэхэд түлхэц үзүүлэх ач холбогдолтой гэж Төв банкны зүгээс үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )