Энэ оны эхний хагас жилийн байдлаарх банкны салбарын үзүүлэлтүүдийг Монголын Банкны Холбооноос танилцуулаад байна.
Энэ хугацаанд системийн нөлөө бүхий таван банкны санхүүгийн үзүүлэлт харьцангуй сайн байсан бөгөөд төгрөгийн хадгаламжийн өгөөж, валютын хадгаламжийн өгөөжийг давсан байна. Банкуудын иргэдэд олгосон зээлийн хэмжээ нэмэгдэж, бизнесийн зээл олголт сэргэж, чанаргүй зээл аажмаар буурч буйг онцоллоо.
Иргэд цалин, тэтгэвэр болон хадгаламж барьцаалсан зээл түлхүү авчээ. Уул уурхай болон худалдааны салбарт олгосон зээлийн хэмжээ буурсан бол үйлчилгээний салбарт зээл олголт нэмэгджээ. Инфляцын өсөлт удааширч, төгрөгийн ханш чангарсны улмаас төгрөгийн хадгаламжийн өгөөж, валютын хадгаламжийн өгөөжийг гүйцэж ирсэн үзүүлэлттэй байна.
Манай улсын валютын нөөц өнгөрсөн онтой харьцуулахад 23 хувиар өссөн ч, 4.5 сарын импортын хэмжээтэй тэнцэж байгаа нь хангалттай биш. Ийм түвшинд төгрөгийн бодит ханш чангарч байгаа нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг бууруулж байна.Эдийн засаг сэргэлттэй байгаа ч уул уурхайгаас бусад салбаруудын өсөлтийг хангах орчин нөхцөлийг бүрдүүлэхгүй бол тогтвортой өсөлтийг хадгалж чадалгүй унагах эрсдэлтэй гэж банкны салбарынхан үзэж байна.
Банкуудын санхүүгийн голлох үзүүлэлтүүдээс дурдъя.
Банкны нийт өр төлбөр дээр нэмэх нь эздийн өмчийг бүхэлд нь банкны хөрөнгө буюу актив гэдэг.
Тэгвэл энэ оны эхний хагаст банкны системийн нийт актив өмнөх оны мөн үеэс 4.3 их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Тухайлбал, Хаан банкны актив 18 хувиар, Хасбанкны актив 22 хувиар тус тус өссөн байна.
Иргэд, байгууллага болон хөрөнгө оруулагчдаас татсан өр төлбөрийн хэмжээг банкны эх үүсвэр гэдэг.
Тэгвэл банкны салбарын нийт эх үүсвэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.2 их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Хаан банк болон ХХБ-ны эх үүсвэр 16 хувиар нэмэгдсэн аж.
Тухайн байгууллага нь өөрийн хөрөнгөө хэр үр ашигтай зарцуулж буй тухай мэдээллийг Өөрийн хөрөнгийн өгөөжийн үзүүлэлт илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл компани хөрөнгийг хэрхэн ашиг болгож буйг илэрхийлдэг үзүүлэлт юм.
Тэгвэл зарим банкуудын өөрийн хөрөнгийн өгөөж буурчээ.
Системийн нөлөө бүхий банкуудын өөрийн хөрөнгийн дүн 4.9 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 13 хувиар өсжээ. Өөрийн хөрөнгөөр бий болгосон ашиг нь хадгаламжийн өгөөжөөс бага түвшинд байна.
Банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ нэмэгджээ.
Банкууд хөрөнгийн зах зээл дээр амжилттай хувьцаагаа гаргасан нь өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлжээ. Эдийн засгийг дэмжих, гол салбаруудын сэргэлтийг хурдасгах хангалттай өөрийн хөрөнгөтэй байна.
Системийн нөлөө бүхий 5 банкны хөрвөх чадварын харьцаа үзүүлэлт хэт өндөр хэвээр байна.
Иргэдэд олгож буй зээлийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад өсөлттэй хэвээр байна. Банкуудын хөрвөх чадварын харьцаа үзүүлэлт нэмэгджээ.
Банкуудын хувьцааны ханшийн тухайд:
Өнгөрсөн хугацаанд системийн нөлөө бүхий банкууд IPO хийж 447 тэрбум орчим төгрөг татан төвлөрүүлжээ.
Богино хугацаанд ашиг олох сонирхолтой хөрөнгө оруулагчид их байгаа нь хувьцааны ханшийг бууруулах гол шалтгаан болж байна. Урт хугацааны хөрөнгө оруулалт хийх мэргэжлийн хөрөнгө оруулагчид ховор байна.
Гадаадын хөрөнгө оруулагчид нийт хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцогчдын 2-3%-ийг эзэлдэг. Банкуудын оны төгсгөлд 2.2 их наяд төгрөгийн хөрөнгө шинээр татах шаардлагатай байгаа нь хөрөнгийн биржийн нэг жилийн арилжааны нийт дүнгээс 13 дахин их үзүүлэлт аж.
Сэтгэгдэл ( 1 )
Sudalgaagaa niitlex gej ovoo oroldjee.