Ө.Мөнх-Амгалан: Боржгин найрын өв соёлыг өвлүүлэх нь бидний үүрэг

2023 оны 09 сарын 15

Дундговь аймгийн Говь-Угтаал суманд есдүгээр сарын 9-10-нд нэгэн өвөрмөц, соёлын ажиллагааг зохион байгуулсан нь “Боржгин найр” юм. Боржгин хошууны ард түмний өв соёл, найрлах дэг ёс нь бусад хошуудаас өвөрмөц ялгаатай байсан бөгөөд энэхүү ёс заншил өнөөдөр алдагдахад хүрч байгаа учраас өв соёлоо сэргээх, сурталчлах зорилгоор тус найрыг дэглэжээ. Үйл ажиллагааг санаачилсан “Их хишигтэн” ХХК-ийн захирал Ө.Мөнх-Амгалантай “Боржгин найр”-ын дэг ёс, онцлог, яагаад ийм найр зохион байгуулах болсон талаар ярилцлаа.


-Та “Боржгин найр”-ыг санаачлан зохион байгууллаа. Найрын дэг ёс өнөөдөр хэр хадгалагдаж байна вэ, яагаад ийм үйл ажиллагааг зохион байгуулах болов?

-Манай сум Боржгин цэцэн вангийн хошуунд харъяалагддаг. Тухайн үед өнөөгийн Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Төв, Дорноговь гэсэн 5 аймгийн 17 сумыг хамарсан тийм хошуу байжээ. Түүний хамгийн баруун захын сум нь манай Говь-Угтаал сум юм. Тэгээд зүүн тийшээ манай аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр гээд Төв аймгийн Баянцагаан, Баянжаргалан, Хэнтийн Дархан, Баянмөнх, Говьсүмбэр аймгийн Баянтал, Шивээ гээд явдаг. Энэ 17 сумаас өнөөдөр “Боржгин найр”-ыг яг дэг ёсоор нь хийдэг газар үндсэндээ байхгүй болж байна. Цагаандэлгэр, манай сум хоёрт л тодорхой хэмжээнд энэ өв соёл, дэг ёс хадгалагдаж байгаа гэж боддог. Төв аймгийн Нялх, Баянжаргалан арай дээр. Тэгээд бусад газруудад бараг л байхгүй болсон гэж боддог. Энэ “Боржгин найр”-ын дэг ёс өнөөдөр суларч, задгайрах хандлагатай болж байна, өөрөөр хэлбэл энэ өв соёл байхгүй болох гэж байна гэсэн үг шүү дээ. Энэ бол уг нь Чингис хааны үеэс өөрчлөгдөөгүй, өвлөгдөж ирсэн ёс заншил. Гэтэл одоо суларч байгаа учраас л өв соёлоо сэргээе, таниулья, залуу хойч үедээ өвлүүлье, мөн аялал жуулчлалын нэг бүтээгдэхүүн болгоё гэсэн зорилгоор энэхүү үйл ажиллагааг зохион байгууллаа. Эхний ээлжид ингэж хүмүүсийн анхаарлыг татахгүй бол хойшид энэ өв соёл маань байхгүй болчихно, өөрийн онцлог, дэг журам нь алдагдчихна гэж бодсондоо ийнхүү эхлүүлсэн юм.

-Найрт хэдэн хүн ирж оролцсон бэ, найр сайхан болсон гэж сонссон?

-Үндсэндээ 40 орчим хүн цуглалаа. Хүүхдүүд орвол 60 хүн цугласан. Улаанбаатараас, аймгийн төвөөс, хөрш зэргэлдээ сумдаас хүмүүс ирлээ. Найр сайхан болсон.

-“Боржгин найр” нь нарийн дэг журамтай, ахмадаа хүндэтгэдэг, хүүхэд, залуучуудад биеэ зөв авч явах, хатуужил тэсвэр суулгах ач холбогдогдолтой гэдэг. Энэ тухай тодруулна уу?

-Найр нарийн дэг журамтай. Найрын онцлог бол цэргийн зохион байгуулалттай гэж би боддог. Чингис хааны үед цэргүүд дайн тулаантай байсан ч найр хийдэг байж, найрлахдаа бүх хүмүүс байлдааны бэлэн байдалд найрладаг байсан байна. 

Найрын бүх оролцогчид энгэрээ бүрэн товчилдог, малгайгаа өмсөж, хаалгаар гүйгээд гарахад бэлэн байдлаар үүдэн талын өвдөг босоо суудаг, сонор сэрэмжээ хадгалахын тулд дотор уртын дуучин дуулж байхад бүх хүмүүс чимээгүй, нам гүм сонсдог. Энэ байдал бол цэргийн зохион байгуулалттай холбоотойгоор өвлөгдөж ирсэн байх. Найрын дарга бүх найрыг удирдаж, бүх оролцогчид түүний заавраар байдаг гэдгийг мэдэх байх. Өнөө цагт ч гэсэн дээл, хувцсаа бүрэн товчилдог, малгайгаа өмсдөг, эмэгтэйчүүд толгой дээрээ алчуур зүүдэг, суудал ижил байдаг, гарах бол найрын даргаас зөвшөөрөл авч, эргэж орж ирэхдээ мэдэгддэг, суудал сольдоггүй, гэх мэт нарийн дэг жаягтай. Энэ нь залуучууд, хүүхдүүдийг удаан хугацаанд нэг суудлаараа суудаг учраас тэсвэр тэвчээрт сургадаг, хувцсаа бүрэн өмсөх зан заншлыг ойлгуулдаг ач холбогдолтой.Найрын үеэр хүн бүр дуртай дуугаа дуулаад байдаггүй, боржгин уртын дуугаа л дуулна. Боржгин хуураа татна. Дуучин дуулаад дуусахад бүх хүмүүс найрын түрлэг хийнэ, айргаа ууна. Ингэснээр хүүхэд, залуучууд уртын дуугаа сурч, цаашид дуулахад бэлтгэгдэн хоолой нь зүгширч, задарч байдаг онцлогтой. Дээр хэлсэнчлэн маш сайхан дэг журамтай, найрын дарга л үг хэлнэ, бусад нь чимээгүй, тэсвэр тэвчээртэй байх ёстой. Уртын дуугаа чимээ гаргахгүй сонсоно, хоорондоо ярихгүй. Ингэснээр хүний сонсох, тогтоох чадвар ч нэмэгдэж байдаг байх. Найр 2 өдөр үргэлжлэн жаргах үед “Жаргалтайн дэлгэр”, “Энх мэндийн баяр” уртын дуугаа дуулдаг, ингэж “Боржгин найр” өндөрлөсний дараа задгай найр эхэлдэг.

-Боржгин уртын дуугаа мэддэг, дуулдаг хүмүүс олон байдаг уу?

-Сүүлийн үед “Боржгин найр”-ын энэ дэг ёс алдагдаж, боржгин уртын дуугаа дуулдаг хүмүүс цөөрсөн байна. Морин хуурч ч цөөхөн болжээ. Манай найрт СТА Х.Эрдэнэцэцэг, ардын авьяастан Баярсайхан, Ган-Эрдэнэ нар ирж оролцсон. Уртын дууч дуулаад дуусангуут гэрийн тоононы даагаар морин хуурыхаа толгойг гаргаж тогтоодог заншилтай. Энэ ямар учиртай вэ гэхээр гаднаас ирж байгаа хүмүүст найр үргэлжилж байна гэдгийг  ойлгуулах, мэдээ өгөх зориулалттай байдаг. Сүүлийн үед найрын дарга хийж чаддаг хүн ч цөөрч байна. Үүнээс болоод найр дэг ёсгүй, журамгүй, ёс төдий болж байгааг хэлмээр байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зараа(124.158.68.98) 2023 оны 09 сарын 15

нүүрнээс нь шууд хурим найр нэвт үнэртэж, нүдэнд харагддаг бншд, ккк

0  |  0
Top