Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож яллагдагчаар татагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2023.09.28/ болж байна.
Хурлын үеэр шүүгдэгч Б.Ганхуягийн өмгөөлөгч, үйлчлүүлэгчийнхээ биеийн байдлыг харгалзан үзэж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлт гаргасныг шүүгч хүлээн авсангүй. Харин шүүгдэгч нарын өмгөөлөгчид хурал давхацсан, шинээр авсан өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцах хугацаа шаардлагатай тул шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг үндэслэлтэй байна гэж үзээд ирэх аравдугаар сарын 30-ны өдрийн 10.00 цагт товлолоо.
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэх/, 20.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/ тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Дагвадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарт яллах дүгнэлт үйлдсэн.
Сэтгэгдэл ( 1 )
нүүрсний хэргийг санаатайгаар хойшлуулсаар байтал яллагдагчид нь нүд аниад хэрэг хэрэгсэхгүй болно...энэ бол монголын шүүх, прокурор, гэмт хэрэгтнүүдийн сонгодог тактик....