Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож яллагдагчаар татагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2023.12.13/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.
Уг хурлын үеэр шүүгдэгч Б.Ганхуяг өмгөөлөгчөө солих хүсэлт гаргаж, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаж өгөхийг хүссэн юм.
Мөн бусад шүүгдэгч нарын зүгээс шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаад байна.
Хэргийг сануулбал, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэх/, 20.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/ тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Дагвадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хүргүүлээд байгаа юм.
Уг хэргийг дөрвөн сарын өмнө шүүхэд ирүүлсэн бөгөөд дээрх шүүх хурал өмнө нь гурван удаа хойшлогдсон.
Сэтгэгдэл ( 0 )