Бортээгийн ордоос НЭМЭЛТ ОРЛОГО олох компанийн шийдвэр гарсан гэв

2023 оны 12 сарын 22

“Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголоор эхлээд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захиалагчтай Бортээгийн уурхайн олборлогчийг сонгох тендер шалгаруулалтын талаар шинжээч дүгнэлтээ танилцууллаа. Бортээгийн уурхай дээр "МТАС" түншлэлд давуу байдал үүсгэж, тендерт шалгаруулсан гэсэн дүгнэлт дурдагдлаа.

Гэрчээр дуудагдсан “ЭТТ” ХК-ийн Геологи, уул уурхайн хэлтсийн дарга Д.Уужимсайханаас сонсгол даргалагч Б.Энхбаяр 440 их наяд төгрөгийн борлуулах эрхийг нэг компанид олгодог ямар эрхтэй хүн болох талаар нь асуув. Д.Уужимсайхан үүнд “Би 2018 оноос хойш "ЭТТ" ХК-д ажиллаж байгаа. 2020 онд ТЭЗҮ-ийг яаралтай батлуулах шаардлага гарсан. Үүнд 300 сая төгрөгийн төсөв батлаад, тендерийн үйл ажиллагааг зарлаагүй байсан. Тухайн үед Бортээгийн ордын хайгуул, судалгааны ажил хийгдээд, нөөц батлагдсан байсан. Үүний дагуу ТЭЗҮ боловсруулахаар ажилласан. ТЭЗҮ батлагдсаны дараа ордыг ашиглах асуудал танилцуулагдаж, төсөв, мөнгө нь батлагдаад явсан. Сүүлийн жил гаруйн хугацаанд нүүрсний хулгай гэх асуудал дэлгэрснээс хойш би маш олон хуулийн байгууллагад, олон асуудлаар шалгагдаж байна. Ажлаа л хийж байна гэж бодож явсан. Эргээд харахад маш олон төсөлд төр засгийн шийдвэрээр ажиллаж явжээ. Энэ олон төсөл, ажлыг нуруун дээрээ үүрч яваад санхүүгийн асуудалд орсон” гэсэн хариултыг өглөө.

Д.Уужимсайханы ярьснаар Бортээгийн ордоос нэмэлт орлого олох компанийн шийдвэр гарсан бөгөөд тэндээс олсон мөнгөөрөө томоохон төслүүдээ санхүүжүүлэх тухай л яриа аж.

ШУУД ҮЗЭХ: 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen (139.5.217.207) 2023 оны 12 сарын 23

Yu ch buteegeegui zugeer saikhan hulgai hiisen baina

1  |  1
Top