УИХ-аас зохион байгуулж буй хоёр дахь шатны “Нүүрсний сонсгол” өнөөдөр /2023.12.20/ гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголын эхний сэдэв “Таван толгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар байлаа. Шинжээчийн танилцуулснаар “Таван толгой түлш” ХХК нь 2018 онд “Зерован” ХХК-иас санхүүгийн программ худалдан авч, санхүүгийн үйл ажиллагаандаа ашигладаг байжээ. Тус программаас 2018-2022 оны санхүүгийн мэдээллийг гаргаж өгөх боломжгүй байгаа талаар санхүүгийн ажилчид хэлсэн байна. Иймд шинжээч нарийвчлан шалгах шаардлага үүсжээ.
Шинжээч “Данс хөөх аргаар шалгахад “Таван толгой түлш” ХХК-иас “Зерован” ХХК-д нийт найман удаагийн гүйлгээгээр 57 сая төгрөгийг шилжүүлсэн байсан. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Энхчулуун бэлэн мөнгөөр зарлагадаж, улмаар иргэн О.Ууганбаярын Төрийн банкин дахь хадгаламжийн дансанд шилжүүлсэн байна. О.Ууганбаяр нь “Таван толгой түлш” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Амарцэцэгийн нөхөр болох нь УБЕГ-ын лавлагаагаар нотлогдсон” хэмээн дүгнэлт танилцуулав.
Тэгвэл гэрчээр дуудагдсан “Таван толгой түлш” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч П.Амарцэцэг “Би 2018-2021 он хүртэл ерөнхий нягтлан бодогчоор ажилласан. Тухайн үед санхүүгийн программ сонгон шалгаруулах тендерийн үнэ өндөр байсан. Санхүүгийн бүртгэлээ хөтлөхийн тулд аргагүйн эрхэнд программ авахаар болсон. Авах программ тэр үед олдоогүй. Зарласан 10 сая дотор багтсан учраас программыг авсан” гэх хариултыг өглөө.
Харин түүний нөхрийн дансанд шилжсэн мөнгөний талаар тодруулахад П.Амарцэцэг хариулт хэлсэнгүй.
Сэтгэгдэл ( 0 )