Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож яллагдагчаар татагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2024.01.16/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёрдахь өдрөө хаалттай үргэлжилж байна.
Тус шүүх хуралдаан өмнө нь нийт дөрвөн удаа хойшлогдоод байсан бөгөөд өчигдөр эхэлсэн хурлыг дахин хойшлуулах талаар оролцогч талууд санал гаргаагүй учраас хурлыг үргэлжлүүлэх болсон юм. Гэвч шүүх хурлын үеэр шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой зүйл яригдах учраас шүүх хуралдааныг хаалттай явуулж өгөх хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хангаж, ийнхүү хаалттайгаар хэлэлцэж байгаа юм.
Хэргийг сануулбал, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэх/, 20.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/ тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Дагвадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хүргүүлээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Хулгайч дарга нараа нуух гэж хаалттай болгосон уу