Ж.Бат-Эрдэнэ: Нүүрсний сонсголын дараа гомдсон гэх утгатай мессэж ирсэн

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 12 сарын 15

“Эрхэт Монгол” медиа группийн редакциуд “Нэг сэдэв - Нэг сар” хөтөлбөрийнхөө хүрээнд арванхоёрдугаар сарын турш “Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорт”-ын асуудлыг хөндөн, “Нүүрсний үнэн” сэдвийг онцолж байгаа билээ. Сарын эхний өдрүүдэд бид Төрийн ордонд болсон УИХ-аас байгуулагдсан Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй “Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол”-ыг сурвалжлан, ТВ8 телевизээр шууд дамжуулан хүргэсэн. Мөн “Өглөөний сонин”, мэдээллийн Zindaa.mn сайт “Нүүрсний үнэн” сэдвийн хүрээнд олон талын эх сурвалжтай, тэнцвэртэй, асуудал дэвшүүлсэн, шийдэл хайсан мэдээ, мэдээллийг онцлон мэдээлсээр байна. 

“Нүүрсний сонсгол” зохион байгуулах Түр хороог ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ахалж, сүүлд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тус хорооны гишүүн болсноос хойш ямартай ч удтал дуншиж байсан сонсголын эхний шатны ард гарсан. Одоо хоёр дахь шатны сонсголыг удахгүй хийнэ. Энэ удаа “Нүүрсний сонсгол” тойрсон асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
 


-Ярилцлагын өмнө хоёулаа нэг зүйлийг тохиръё. Манай “Эрхэт Монгол” медиа групп “Нүүрсний үнэн” буланг сайт, сонин, телевиздээ нээлттэй ажиллуулж, сурвалжилга, нийтлэл, нэвтрүүлэг, байр сууриудаар олон нийтийн мэдэх эрхийг хангахаар ажиллаж байгаа юм. Түр хорооноос зохион байгуулж байгаа “Нээлттэй сонсгол” ч гэсэн ард түмний мэдэх эрхийг хангахад чиглэсэн гэж ойлгосон. Иймд та миний асуултад нээлттэй байж, бодит үнэнийг ний нуугүй хариулаад явах уу?

-Нээлттэй сонсголын гол зорилго нь мэдээлэл өгөх, тэгэхээр бидний зорилго нэг юм. Тэгэхээр та асуу, би хариулахад татгалзах зүйл үгүй.

-Та өмнө нь Түр хороог гаднаас нь ажиглаж байсан, тэгвэл одоо дотор нь ажиллаж байна. Тэгэхээр УИХ “Нүүрсний сонсгол” хийнэ гэснээс хойш яагаад ингэж удав. Юунаас болж удааширсан бэ. Үүний наана, цаана ямар шалтгаан байв. Нүүрсчид нөлөөлөөд байсан юм биш биз гэдэгт хариулт өгнө үү?

-Өнгөрсөн хаврын чуулганаар байнгын хороо хуралдсан, тухайн үед би Эдийн засгийн байнгын хороог ахалж байсан. Байнгын хороон дээр Түр хороо байгуулах асуудал орж ирж хэлэлцсэн юм. Ингээд  УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээр ахлуулсан Түр хороо байгуулагдсан байдаг. Энэ асуудал нь өөрөө тодорхой цаг хугацаатай, намар гэхэд бүх асуудлаа дэвшүүлж,  сонсголоо хийгээд явья гэж байтал чуулган завсарлачихсан. Түр хорооны мэдээлэл өгөх хугацаа нь УИХ-д мэдээллээ өгөөд, түүгээрээ хуулийн дагуу  хаагдаад явчихдаг. Энэ дагуу О.Цогтгэрэл гишүүн тодорхой хэмжээний мэдээллүүдээ өгөөд, ямар нэгэн сонсгол, хэлэлцүүлэг хийж чадалгүй Түр хороо хаагдсан. Түүний дараа дахиад  Түр хороог Х.Нямбаатараар ахлуулсан нь  солигдож Б.Энхбаяр сайд болоод одоо бол Түр хороо бүрэн дүүрэн ажиллаад явж байгаа.

-Хардах эрхийнхээ дагуу асуучихад энд нүүрсчдийн нөлөө байна уу. Нүүрсчид мөнгөтэй, нөлөөлөх явуулга хийж байна гэж нийгэм даяараа шуугиад байгаа. Түр хорооны гишүүдэд, жишээлбэл танд дарамт, шахалт ирдэг үү. Нэг намынхан, УИХ-ын гишүүд бие биедээ гомдол тунирхах, агсам тавих явдал байна гэж чих дэлссэн л дээ?

-Та “нүүрсний үнэн”-ийг яриач гэсэн. Яг үнэнийг хэлэхэд саяны нүүрсний сонсголын дараа ганц нэг мессеж ирж л байна лээ. Гомдсон барьсан юм санасан гэсэн  мессежүүд.

-Саяын сонсголд та “жижиг” Тавантолгой"-д төрийн өмчийн 51 хувийн төлөөллийг хэрэгжүүлэлгүйгээр хэсэг бүлэг хүнд удирдлагын багийг өгч, түүгээрээ дамжуулж нүүрс олборлох болон нүүрс тээвэр, худалдан авалтын бүх үйл ажиллагаанд өөрсдөө оролцдог байсан нь ил боллоо“ гэж  хэлсэн. Баримтууд алга байгааг нэхсэн. Яг ямар баримтууд алга болсон байна вэ?

-Тэнд “жижиг” Тавантолгой компанийн ТУЗ-ын  хурлын зарим протокол алга. Мөн ТУЗ-ийн даргын  захирамжууд алга. Ерөнхийдөө тэндээс гарсан шийдвэрүүд өм цөм алга болчихсон. Тэгэхээр энэ ойлгомжтой шүү дээ. Батлагдаад гарсан баримт бичгүүд нь  байхгүй байна гэдэг аливаа шийдвэрээс зугатсан хандлага байна л гэсэн үг.

-Тэгэхээр яасан байна гэсэн үг вэ?

-Яасан бэ гээд нэхэхээр өөдөөс  юу гэж тайлбарласныг та бүхэн өөрсдийнх нь хариултаас харсан байх. “Аймаг руу өгсөн” гээд байгаа. Гэтэл байгууллага дээр эх хувийг  авч үлдэх ёстой шүү дээ. Яг архив, бичиг хэрэг хариуцсан хүмүүс нь юу гэж хариулж байна гэхээр аймаг руу өгсөн, аймгийн захиргаанд байгаа гээд байдаг. Аймаг дээр нь байдаггүй. Бид бол албан бичгээ явуулахдаа мэдээж Тавантолгой компани руу л явуулна шүү дээ.Та нар өөрсдийн бүх проткол, албан шийдвэрүүдийг үзүүлээч, өгөөч гэсэн болохоос аймаг руу өгнө гэж юу байх вэ дээ.

-Одоо тэгээд яг байгаа баримт гэхээр нотлох, шинжлэх бололцоотой  юу байх юм?

-Тухайлбал, 2009-2010 он, 2011-2012 оны тогтоол, шийдвэрүүд голчлон байхгүй байна лээ.

-Ингэхээр нийгмийн зарим хэсгээс “Наад нүүрсний сонсгол  чинь үр дүнд хүрэхгүй. Зүгээр л шуугиад өнгөрнө. Сонгууль хүртэл зууралдаад юу ч шийдэхгүй” гэх юм. Энэ нүүрсчдийн  чинь арга саам  юм биш үү. Та нар нүүрсчдэдээ дөнгүүлээд байгаа юм биш биз?

-Надад ч гэсэн тиймэрхүү мэдрэмж төрж л байна. Нүүрсний сонсгол бол “иргэдэд мэдээлэл өгөх” ийм л зорилготой. Иргэдийн мэдэх эрхийг хангаж байгаа нэг хэлбэр. Үүний тулд  сонсголд орж байгаа гишүүний хувьд тодорхой асуудлаар хариултуудыг авах ёстой. Асуух эрхтэй. Бидний эрх энэ. Тэр асуултаараа тайлбаруудыг нь иргэдэд өгөх ёстой. Би үүнийг  сонсгол дээр ч хэлсэн, та нарын хариултыг ард иргэд чинь сонсож байгаа шүү. Буруу, зөв хариулж байгааг чинь олон нийт  ялгаж, салгаж ойлгож  байгаа шүү гэж. Түүнээс бид суучихаад шүүх гээд байгаа юм огт биш. Тэд буруу хариулж бид шүүх биш, гаргасан мэдээлэл зөв байна уу, энэ мэдээлэл дээр ямар хариулт өгч байна вэ. Хуулийн дагуу хариулж байна уу, бултаж зугтаж байна уу, тойруулаад байна уу гэдгийг нээлттэй сонсгол ил тод харуулж байгаа. Гэтэл хараад байх нь ээ, гэрчээр оролцогчдын зүгээс “бөөсний үлгэр” гэдэг шиг, нэг юм ярихаараа нөгөөх рүүгээ ордог гэгчээр ам нээхээрээ л “Бид Тавантолгойд нүүрс зардаггүй байсан. Тавантолгой гэдэг компанийг гаргаж ирсэн” гэдэг. Дахиад нэг юм ярихаараа “Тавантолгой гэдэг компани өөрийнхөө хүчээр томорсон” гэж тоть шиг давтаад байдаг. Гэтэл тэр дотор нь будлиантай юм олон байна. Тэр хүмүүс “жижиг” Тавантолгойн ТУЗ-д ажилласан, компанийн удирдлагад ажилласан, компанийг сайн авч явсан гэдгээ л дөвийлгөж гаргаж ирээд байгаа болохоос өөрсдөө дотор нь орчихсон, үр ашгийг нь идэж уусан, тэр доторх  худалдан авах үйл ажиллагааг нь өөрсдийн хувийн компаниудаар хийсэн, компани байгуулчихсан, тэр компанийнхаа Удирдах зөвлөлд орчихсон гэх мэт дотоод асуудлуудаа ерөөсөө ярихгүй байгаа шүү дээ. Тэрийг л бид гаргаж ирж тавиад байгаа. Нөгөө талаас бол асуултад хариулахгүй, бидний хэлдгээр “пээдгэр” хандлага ажиглагдаад байна. Эндээс юу харагдаж байна гэхээр “шалга л даа, яах юм”,  “ингээд та нар яах юм” гэсэн байдал анзаарагдана. Гэхдээ шалгадаг хүмүүс нь бид биш. Шалгадаг хүмүүс, хууль, хяналтын байгууллага нь тусдаа байгаа. Тэнд очоод урд өмнө нь хэрэг үүсгэгдээд гарсан зүйлүүд нь хэрэгсэхгүй болчихоод байх юм байна шүү дээ. Тэрэнд нь хариулт авах гэж бид тухайн үеийн прокуроруудыг  бас гэрчээр дуудсан. Тиймээс би хэлсэн шүү дээ, тэнд төрийн байгууллага, хууль хяналтын байгууллагуудлын төлөөлөл  ирж суугаад ямар асуудлууд яригдаж байгааг ажиглаж байгаа. Эндээс татах юмыг нь татаж, хянах юмыг нь хянаж аваарай гэж. Тэгэхээр энэ бол дараагийн шатны асуудал болчихоод байгаа юм. Нөгөөтэйгүүр, хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах асуудал бол Засгийн газрын асуудал. Бид бол асуудлыг ил болгох нь   чухал. Эндээс хууль хяналтын байгууллага шүүрдэж авах, хууль хяналтын байгууллагад үүрэг чиглэл өгөх нь Засгийн газрын эрхийн асуудал.

-Нэхэмжлэгч гэдэг утгаараа юу?

-Нэг үгээр хэлбэл, нэхэмжлэгч нь Засгийн газар болж таарна. Жишээ нь, сая газрын асуудал дээр Ерөнхийлөгчөөс шууд үүрэг даалгавар өгчихлөө шүү дээ. Ерөнхийлөгч сонсголыг хараад сууж байгаа юм чинь энэ болохгүй байна гэдэгт  шууд газар дээр нь үүрэг  чиглэл өгчихөж байна. Үүн шиг  Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ өөрөө энэ асуудлыг дэлгэж тавьсан юм чинь өөрөө мөн хараад сууж байгаа байх. Ямар асуудлыг нь цааш аа өгөх вэ гэдэг  нь мөн дараагийн асуудал.

-Баримтыг алга болгож, хугацаа хожих, ийм байдлаар ирэх  сонгуулийг хүлээх, сонгуулийн үр дүн аль талд гарахаас асуудлын хувь заяа өөрөөр шийдэгдэнэ гэсэн хүлээлт нүүрсчдэд байна, ийм зохион байгуулалттай юм хийгээд байна гэж ажиглагчид хэлж байгаа. Үүнд та юу хэлэх бол. Ийм магадлал байх уу?

-Тийм магадлал байж болох юм. Аливаа зүйлийг хугацаа хожиж, цааш сунгаж л байвал хожих асуудал байхыг үгүйсгэхгүй. Сонгууль нь ч болно, түүгээр ямар үр дүн гараа билээ. Үүнийг ярьж байгаа хүн, энэ Засгийн газар дээр бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг өөрөө дэлгэж тавьсан. Дараагийн хүн гарч ирлээ гэхэд нүүрсний хулгайг ингэж яриа ч уу, үгүй ч үү. Дээр нь ирэх сонгууль ихээхэн онцлогтой болно.

-Хоёр дахь шатны сонсголын тов гарсан. Хулгай, луйвартай холбоотой улам том асуудлууд сөхөгдөнө, нэр нөлөө бүхий хүмүүс гэрчээр дуудагдсан байгаа. Бэлтгэл хэр хангагдсан бол?

-Өмнөх сонсголд “жижиг” Таван толгойн асуудал яригдсан. Иргэдийн зарим нь асуудлыг сайн ойлгохгүй биднийг жижиг асуудалтай ноцолдоод байна гэж харсан байх.  Одоо бол том Таван толгойн асуудал орж ирж байгаа. Нэгдүгээрт, энд оффтейк гэрээний асуудлууд яригдана. Тухайлбал, ямар хэмжээний нууц гэрээнүүд хаана зурагдсан бэ гэдгийг ярина. Хоёрдугаарт, сонсголоор гол нь  нүүрсний хулгайг л ярих гээд байгаа шүү дээ. Тэгэхээр нүүрсчид энд нүүрсээ түлээд, эсвэл цахилгаан станцад өгөөд, эсвэл хармаалаад явж байна гэж юу байх вэ дээ. Тэр нүүрс мэдээж хилийн цаана гарсан байж таарна. Хилийн цаана гарахын тулд эхлээд ямар хэмжээний нүүрс Монгол Улсаас гарсан бэ. Ямар ямар хөнгөлөлттэй, ямар гэрээтэй байв гэдэг асуудлыг сөхнө. Нөгөөтэйгүүр, жижиг Тавантолгой болон том Тавантолгойгоос албан ёсны бичиг баримттай хэдэн тонн нүүрс гарав, хил гаалиар үнэхээр гарсан бол хэдэн тонн, ямар машинаар яаж гарсан байна. Мөшгөөд олчихож болно. Бас нэг асуудал нь хоосон машинууд гарсан гэх асуудал яригдсан. Нүүрс хулгайлсан л юм бол хэн нэгэн гэрээ хийгээд нүүрс гаргаж таарна. Тэгэхээр жишээ нь би 100 тонн нүүрсний гэрээ хийсэн байлаа гэхэд 150-ыг гаргасан юм уу, 100-гаа л гаргасан байна уу. Тэр дотор булхай байна уу гэдэг нотлох баримтуудыг сонсголоор ярих юм.

-Жишээлбэл, 150 тонн нүүрс  гаргасан машины тоо нь  олон байна, хоосон машин орж гарсан болчихоод байна гэж яриад байгаа. Та тээврийн салбарын хүний хувьд үүнд ямар дүгнэлт хийж байна вэ?

-Мэдээж машин техник эвдрэх, засвар хийх, хилээр орж гарах зүйл байж болно. Гэхдээ тийм хэмжээний машины зөрүү гарна гэж байхгүй шүү дээ.Тухайлбал, 40 их наядын зөрүү гарч байна гэж Т.Доржханд гишүүн гаргаж ирээд байгаа. Тэр бол илүү алдагдсан боломжийг нь тооцсон болов уу гэж би хувьдаа бодсон.

Тэгэхээр хилээр гарсан машины тоог одоо яг шалгаад оруулж ир. Хэд нь зөрж байна. Хэдэн тонн нүүрс гарсан, тэр гүйцэтгэлийг одоо шалгаад оруулаад ир. Ямар байгууллагуудтай гэрээ хийв, тэдний хэд нь хятад, хэд нь монгол хүн  байсан байна. Хэн эрх олгов. Түүний цаана дарга цэрэг, холбоо хамаарал байсан уу, үгүй юу. Гарсан тоо хэмжээ нь хоорондоо тулж байна уу, үгүй юу. Хэрэв энэ тоо зөрж байвал тэрийг гаргасан гаалийн байцаагч хэн бэ, удирдлага нь хэн бэ. Дээрээс нь тэрийг хянаж байдаг хил, гаалийн хянан шалгах пунктийн дарга, цэрэг нь хэн байсан бэ гэдгийг олж тогтоож, нээлттэй мэдээлнэ. Хэрэв тоо зөрж байгаа бол хулгай. Хулгайг хэн нэг нь шалгасан байх ёстой. Хянадаг байх ёстой. Хуйвалдсан бол тэнд бүлэглэсэн, авлига авсан, өгсөн асуудал байна шүү дээ. Тэрийг хууль хяналтын байгууллага яагаад шалгаагүй вэ гэдэг асуудлууд гарч ирнэ.

-Нээлттэй сонсголоор нотлох  баримтыг шинжлэн судлах гэж ярьж байгаа. Хоёр дахь сонсголын баримт хэр бүрдсэн бол. Бас дахиад баримт алга болжээ гэх юм биш биз дээ?

-Одоо ийм тийм гэж хариулт хэлж чадахгүй. Яагаад гэвэл,  жингээр бол хэдэн тонноор яригдах баримттай танилцаж байна гээд байгаа шүү дээ. Хянан шалгагчдын ажил бол өмнөх сонсголоор ч тэгж явсан. Хөгжлийн банкны сонсгол ч тийм байсан. Гадагшаа мэдээлэл алдахгүй байх, нөгөө талаас хянан шалгах ажлын хугацаа өөрөө тулж орж ирж байгаа. Сонсгол болох өглөө бид материалыг авч шууд асуулт, хариултаар сонсгол явж байгаа. Материалыг урьдчилж авч үзэх боломжгүй. Сонсгол шууд явж байгаа. Тэр нь ч зөв байх. Материал алдагдахгүй, мэдээлэл алдагдахгүй. Ингэж битүү орж ирэх нь зөв. Газар дээр нь үзээд, хараад асуугаад явчихаж байгаа, тэгэхээр сонсголын  хоёр дахь шат  ингэж л  явна.

-“Жижиг” Тавантолгойн сонсголд  АН-ын гишүүдийг гэрчээр дуудлаа гэх шүүмжлэлийн хариуд том Тавантолгойд МАН-ын гишүүдийн асуудал түлхүү яригдана гэж Түр хорооны дарга  Б.Энхбаяр хэлсэн байсан. Намын  журмын нөхдийн зүгээс янз бүрийн яриа хэл  гарч байна уу?

-Тийм зүйл алга. Тэгээд ч энэ асуудлыг чинь намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  өөрөө гаргаж тавьсан шүү дээ. Энэ парламентын үед Үндсэн хуулийн өөрчлөлт гэж том шинэчлэлүүдийг  хийлээ. Дээрээс нь хулгай, луйвартай холбоотой асуудал, Хөгжийн банк, нүүрсний хулгай, Боловсролын зээлийн сан, түүнээс өмнө бол ЖДҮ гэх мэт энэ бүх асуудал чинь угаасаа нийгмийн хэрэгцээний шинэчлэл, энэ бүхнийг гаргаж тавьж, цаашаа шинэ нийгмийг бүтээх тал руу явж байна. Мэдээж энэ хугацаанд АН, МАН хоёулаа л ээлжлээд төр барьсан. Түүний ихэнх хугацаанд  манай нам эрх барьсан байх.  Гэхдээ намчирхахгүйгээр асуудлыг  үзэж хараад, шалгаад явна. Сайд, дарга нар гэрчээр дуудагдаж, хариултаа өгөөд явна. Үнэн мөнийг ард түмэн  шүүнэ. Нүүрсний сонсголын гол ач холбогдол бол мэдээлэх, иргэдийн мэдэх эрхийг хангах. Хамгийн гол нь энэ Засгийн газар өөрөө энэ асуудлыг сөхөж тавьсан. Тэр утгаараа тэр хаадаг боодог гэх юм уу, дарамталдаг, нууж хаах гэх асуудал харьцангуй бага, сонсгол хууль журмын дагуу явчих байх  гэж бодож байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
шоу(220.255.95.237) 2023 оны 12 сарын 19

сонгуулийн шоу хийж байнаа гэдэгээ бараг хэлчихлээ,АРД ТҮМЭНД АН муухай баба гэж харагдуулахын тулд хаа хамаагүй АРВАН хэдэн жилийн өмнөх гүтгэлэг маягийн сонсгол хийж АН гишүүдийг дахин дахин дуудаж хэвлэлээр гүтгэж харлуулж бааллаа,

0  |  0
shar medee(66.181.189.160) 2023 оны 12 сарын 18

chi aihgui baigamu tee ter nogoo hongkong mafia bas reekt aldag humuuse aihguimu . teer chmaiaga amerik tansag houseda 1 ugals sujihad alchal mongo buzgala abdag baihaa

0  |  0
shar chenj(66.181.189.160) 2023 оны 12 сарын 18

chi baina tee busad hubi niuulsen humese reekete ailgal darmtalha boluilaa tegeel hohinee

0  |  0
zochin(66.181.189.160) 2023 оны 12 сарын 18

chamaiag erdenbayar erdenbimba gej erugin elment reket yum bishuu tee tegel yuga nuuidn

0  |  0
зочин(139.5.216.253) 2023 оны 12 сарын 17

Юун ч нялуун юм бэ дээ, гомдож тунирхаад л. Хийсэн нь үнэн бол яах арга байхгүй л баймаар

0  |  0
Shar tohoi.(178.209.133.214) 2023 оны 12 сарын 17

Tsuvhun hyyresech bish.Mongoliin byh bayalag sang hulgailsan aimshagtai ih tom hemjeenii utagaa aldsan ih tonuul mapiin ajilgaa syljee.Enend turd 30 garan jil bugashsan turiin gishyyd byged hamaarna.Yag unendee aalzanii tor ba mangasiin amand orson Mongol uls bolson.Mongoliin yaduu shudarag ard tymen negdeh hatuu bosoj turuu ergyylen avah bolson hangaltai.Uyn Ital Orosiin mapuud ve.Tsag yeiin byh erun hiilugchid uursudiin mapuudtai ted ni dooroo hutagaldan sylbeldesen lalaruud.Bygediig ni ur udamaar ni hyis temtereh bolno .

0  |  0
Эрдэнэ (43.242.243.34) 2023 оны 12 сарын 17

Танай намын хүн үү ккк 2017 оноос нүүрсний их хулгай эхэлсэн шүү Эзэн нь МАН гэрч нь Псих Ганхуяг

0  |  0
Иргэн(66.181.191.129) 2023 оны 12 сарын 18

Энэ арга хэмжээ манай хөгжлийн тушааг тайлах том шинэчлэлийн эхлэл. Батэрдэнэ тэргүүтэй гишүүд ч идэвхтэй оролцож буйд иргэд сайшаалтай бна. Энэ муу муухай бүхнийг арилгаж байж бид хөгжинө гэдгийг ч Ёрөнхий сайд тов торхой баримт нотолгоотой ард иргэддээ ярьсан шүү дээ. Маш их бэрхшээл дундуур үнэн илчлэгдэх болно гэж иргэд баяртай харж хүлээж байгаа.

1  |  1
Иргэн(112.214.155.44) 2023 оны 12 сарын 18

Хууль бусаар олсон буюу нотолж чадахгүй хөрөнгийг хуу хурааж улсын орлого болгодог хууль батлагдах хүртэл Төрд итгэх ямар ч арга байхгүй

2  |  0
Зочин(59.153.115.174) 2023 оны 12 сарын 18

хулгайг нь барьсанд гомдоод байгаа юм уу. ард түмэн төр баригч та нарт маш их гомдож гомдол нь үзэн ядалт болоод байна шүү.

2  |  0
Зочин(86.111.136.51) 2023 оны 12 сарын 15

Амжилт хүсье.Маш шударга хүмүүс намчирхалгүй ажиллаж байгаад баярлалаа.Доржханд гм нар дув дуугүй суугаад байна лээ .Та бүгдийг ард түмэн харж байгаа нь үнэн

0  |  0
б(202.9.41.17) 2023 оны 12 сарын 15

Ийм төрд ажиллаад ирсэн шударга хүмүүс л УИХ-д суух ёстой юм. Том бизнэсмэнүүд бол мөнгө олох л зорилготой очдог, ард түмэн улс орон тэдэнд ямар ч хамаагүй.

2  |  0
Өмнөговийн иргэн(103.57.93.19) 2023 оны 12 сарын 15

Чт хүн байцаах яах вэ? Чи надад хариулаач танай нүүрсний хулгайч өөр бас олон юмны гэмт хэрэгтэн Х.МАНДАХБАЯР чинь хаана байна. Орон сууц барьж өгнө гнд мөнгө авёан түүнийгээ олж авкяа

0  |  0
зочин (43.228.130.188) 2023 оны 12 сарын 18

за сайн зүтгээрэй дээ хө

1  |  0
Top