Загасны шөл уулгаж, тайгын цай амтлуулсан ХӨВСГӨЛИЙН ӨДРҮҮД

2023 оны 10 сарын 09

Сүх жанжны талбайд буган чулуун хөшөө, цаа бугын дүрс бүхий урц гэрүүд эгнэж, сарьдаг уулсынхаа оргилд ая эгшгээ нэг цойлуулж, гүн цэнхэр нуурууддаа шингээн нэг гэгэлзүүлдэг хотгойд, дархад дуу уянгалж, буриад, урианхайн цоглог бүжгийн ая эгшиглэж, цаатны “Самгалдай” дуурьсаж, тайгын анчдын ан гөрөөгөө дуудан үлээдэг эвэр бүрээний ая цангинаж, хэнгэргийн нүргээн, хэцийн дэлдээнээр хавь ойрыг доргиосон хоёр өдөр өнгөрөв.

Монгол Улсын хамгийн өнөр хүн амтай, хамгийн арвин мал сүрэгтэй, 23 сум, нэг тосгонтой гээд засаг захиргааны нэгжээрээ ч тэргүүлэгч хоймор нутаг Хөвсгөл аймаг “Нээлттэй Хөвсгөл 2023. Соён гийгүүлэгчдийн өлгий нутаг” өдөрлөгийг нийслэл хотын зүрхэн төв-Сүхбаатарын талбайд зохион байгуулсан нь энэ юм. Тус аймаг халх, хотгойд, дархад, урианхай, буриад, тува /цаатан/ зургаан ястантай, таван хошуу мал дээрээ цаа бугаа нэмээд зургаан хошуу сүрэгтэй, аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ улсдаа зургаад ордог өвөрмөц нутаг.

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар нэрт хуульч Б.Чимид, ШУА-ийн ерөнхийлөгч агсан нэрт эрдэмтэн Б.Ширэндэв, ардын урлагийн их мастер, соён гэгээрүүлэгч Ж.Бадраа тэргүүт оюунлаг олон эрхмийн төрсөн нутаг гэдгээрээ Хөвсгөл аймаг соён гэгээрүүлэгчдийн өлгий билээ. Хотгойдын Шадар ван Чингүнжав, Жалханз хутагт, Ерөнхий сайд С.Дамдинбазар, Монгол Улсын баатар Гэлэгбаатар, Даваадорж, Цэнд, Гунгаа нарын баатрууд, алдарт аварга Д.Дамдин, Ж.Цэвээнравдан, Ч.Бээжин гээд хүчит олон бөхчүүдийг нь ч нэрлэж болно. Сум сумынхаа онцлогийг харуулсан урц, асарт дархад, урианхай дээлээ өмссөн эрчүүд, бүсгүйчүүд угсаатны соёлоо танилцуулж, худалдаа наймаа эрхэлж, орсон гарсан хүн ихтэй, хөл хөдөлгөөн дүүрэн байлаа.

Нээлттэй өдөрлөгт тус аймгийн 200 гаруй аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдэрлэл эрхлэгчид оролцсон юм. Аймгийн төв Мөрөн сумын Жаргалан рестораныхан загасны шөлөөр зочид гийчдийг дайлж, эмийн ургамлын гаралтай олон төрлийн “Их тайга” цайгаараа Монгол даяар алдаршсан “Хөвсгөл их тайга” ХХК-ийнхан 60 гаруй төрлийн бүтээгдэхүүнээ танилцуулан цайны ёслол үйлдэж талбайд зочилсон хүмүүсийн талархлыг хүлээсэн юм.

“Жангас тайгын оройгоор жаралзуулаад давлаа даа, Жаахан улаан дээлийнх нь хормой нь хийсээд давлаа даа” хэмээн дархад ардын дуунд гардаг хар эмжээртэй тоодон сармай дээл, цааны арьсан ултай модон цана, цахиур буу, цааны эвэр бариултай төрөл бүрийн хутга гээд тайгын анчдын иж бүрэн хэрэглэл дархад угсаатны урцыг чимэж байсан бол Цагаан-Үүр сумынхан буриад талх, зөөхий, цөцгий, гар аргаар хийсэн төрөл бүрийн чанамал зэрэг буриад хоол хүнсээ сурталчлав.

Тус сумын Уйлган гол бөхчүүдийн нутаг гэдгээрээ цуутай, алдарт аварга Д.Дамдин, Ж.Цэвээнравдан, Ч.Бээжин тэргүүт хүчтэнүүдийнхээ зургийг гэр дүүрэн байрлуулжээ. Урианхайчууд Чандмань-Өндөр сумын Аригийн голыг Алунгоо эхийн төрсөн нутаг хэмээдэг бөгөөд Алунгоо эхийн баримал, зургаар гэрээ чимэглэж, цагаан идээ, жимс жимсгэнээ дэлгэжээ. Тосонцэнгэл, Рашаант сумууд шимийн архи, айраг, цагаан идээ, ургамлын цайнуудаа эгнүүлжээ. Далай ээжийн хөвөө Хатгал тосгоныхон аялал жуулчлалын баазууд, амралтын газруудаа танилцуулахын зэрэгцээ утсан загас, жимс, эмийн ургамал, уран гартнуудын бүтээл дээл хувцас гээд нутгийн брэндүүдээ сурталчилж байв.

Тариалан сумынхан эрүүл цэвэр газар тариалангийн бүтээгдэхүүн болох талх, нарийн боов, тариа, ногооныхоо дээжийг авч иржээ. Олон сум сарлагийн шар тос, хайлмаг, хуруу зузаан өрмийг сав суулга дүүрэн халгиулж харагдав. Сумдын гэрт дэлгэсэн хар модны ур, үндсээр хийсэн аяга тагш, таваг, ууц, идээ тавих том хэмжээний цар, эр үхрийн шир зүсэж хийсэн эр хар суран гөрмөл ташуур, суран хазаар, жолоо, цулбуур, бугуйл, дээд тал нь 15 саяар үнэлэгдэх мөнгөн тоногтой эмээл, гоёмсог хазаар, эмээлийн гөлөм зэргийг эрчүүд ихэд шохоорхон үзэж байлаа.

Гаднын зочид ч талбайд олноор ирж дархад анчны хувцас, ангийн хэрэгслийг сонирхож, үндэсний хувцастай хүмүүстэй зураг хөргөө татуулцгааж явлаа. Удам дамжсан бөө, удгад үзэж харж үйлчилж буйг ч чанга яригчаар зарлана лээ. Өдөрлөгийн хүрээнд Үндэсний музейн Монголын эзэнт гүрэн танхимд “Хөвсгөлийн цуурай” үзэсгэлэн гарч аймгийн зураач урчууд, уран бүтээлчдийн бүтээлээс танилцуулав. Мөн аймаг орон нутгаа ирээдүйд хэрхэн хөгжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газар, яам, тамгын газар, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлж, аялал жуулчлалын эко бүс нутаг болох талаар “Хөвсгөлийн ирээдүй” форумыг ч зохион байгууллаа. Форумаар Хөвсгөлийг уул уурхайгаас ангид байлгаж аялал жуулчлал хөгжүүлсэн эко бүс болгох, органик хүнс үйлдвэрлэх, хөрөнгө оруулалт татах зэрэг сэдвүүдийг онцлон хэлэлцэв. “Тогтвортой, Эко аялал жуулчлал”-ыг хөгжүүлэх чиглэл, Эрүүл бүсийн органик газар тариалан, махны аж ахуйн салбарт баримтлах бодлого, гарц, шийдэл зэрэг сэдэв форумын үндсэн агуулга болов.

Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Х.ЦЭНД-АЮУШ:

-“Энэ арга хэмжээ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд бүх аймгуудын хэмжээнд явуулж байгаа ажлын нэг хэсэг юм. Манай аймаг цогц үйл ажиллагааг Улаанбаатар хотод намрын налгар өдрүүдэд өргөн дэлгэр арга хэмжээ болгож хийе гэж шийдээд 23 сум, нэг тосгон бүгд оролцож байна. Арга хэмжээнд 64 аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдэр эрхэлж буй 140 гаруй иргэн оролцлоо. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 300 гаруй төрийн албан хаагч оролцож зохион байгуулсан. Сүхбаатарын талбайд 100 асар байрлуулж баялаг бүтээгчдээ өргөнөөр хамруулж, сум бүр гар урлал, мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолууран бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, жимс жимсгэнэ зэрэг нутгийнхаа органик бүтээгдэхүүнийг танилцуулж борлууллаа. Манай үндсэн зорилго бол органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аймаг байхыг зорьж ажилладаг. “Хөвсгөлийн ирээдүй” гэсэн гурван салбар хуралдаантай форумаар Хөвсгөл аймгийн тэргүүлэх чиглэлийг аялал жуулчлал гэж харж хэлэлцлээ. Тогтвортой эко аялал жуулчлал хөгжүүлэх, “Хөвсгөл органик” буюу эрүүл хүнс үйлдвэрлэгч бүс болох, хөдөө аж ахуйн эрүүл бүтээгдэхүүнээ экспортод гаргах бодлого баримталж байна.  Энэ бол манай аймгийг хөгжүүлэх үндсэн хоёр чиглэл юм. Дан ганц Хөвсгөл нуур тойрсон аялал жуулчлалаас гадна зургаан ястны өв соёл, түүх, ЮНЕСКО-д бүртгэлтэй Буган чулуун хөшөө, Хоригийн уулын үнэт олдвор гээд маш их зүйл манайд бий.  Үүнд тулгуурлаж түүх, соёл, өв,  угсаатны онцлогтоо тулгуурласан аялал жуулчлал хөгжүүлье гэсэн зорилт тавьж байна. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгож зарласантай холбогдуулж манай аймаг 2023 оныг “Хөвсгөлд зочлох жил” болгосон. Аймгаа танилцуулах ажлын  нэг хэсэг нь энэ нээлттэй өдөрлөг юм. “Хөдөөгийн сэргэлт” бодлогын нэг зорилго нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад чиглэдэг. Тийм учраас, тухайлбал, Хөвсгөл аймагт залуус зорьж очиж амьдрах ямар боломж байна, ажлын байр, үндсэн хэрэгцээг хэрхэн шийдэх вэ, яаж хамтран ажиллах вэ гэдгийг сум бүр танилцууллаа.

Мөрөн сумын ИТХ-ын дарга Б.НЯМДАВАА:

-“Манай аймаг нийтдээ 136 мянган хүн амтай, Мөрөн сум бол аймгийн төв. Оршин суугч 50 гаруй мянган хүн амтай, 12 мянга гаруй өрхтэй. Анхнаасаа зөв төлөвлөлттэй, эмх цэгцтэй хот гэдгээрээ улсдаа нэртэй. Анхны дарга Төмөр гэдэг хүний зүтгэл энд хамаатай. Цаашдаа Мөрөн хотыг Монгол Улсын дөрөв дэх том хот болгох зорилт тавиад ажиллаж байгаа. Аялал жуулчлалаас гадна үйлдвэржсэн хот болгох зорилттой. Мөрөнг хог хаягдалгүй эко сум болгох төлөвлөгөөг давхар барьж байна. “Нээлттэй Хөвсгөл” арга хэмжээг Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлт”-ийн бодлоготой уялдуулж зохион байгууллаа. Хөвсгөл нутагтаа тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх, аймгаа сурталчлах, брэнд бүтээгдэхүүнүүдээ таниулах чиглэлээр үйл ажиллагаагаа хийлээ. Мөрөн сумаас аж ахуйн 33 нэгж, байгууллагын төлөөлөл ирсэн. Гар урлал, оёдол, зөөлөн эдлэл, ноос, ноосон эдлэл, мод, модон эдлэл, хүнсний бүтээгдэхүүнээр нийслэлчүүддээ үйлчилж байна. Мөрөн суманд бизнесийн салбар нэлээд хөгжсөн. Аймаг маань мал сүргийн тоогоороо улсдаа тэргүүлдэг. Газар тариалан, хүнсний ногоо, эко хүнсний үйлдвэрлэлтэй. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд хүнсний үйлдвэрлэлийг түлхүү оролцууллаа. Манай хүнсний манлай үйлдвэрлэгч болох “Хөвсгөл аяны жолоо”, “Хөвсгөл хүнс”, “Хөвсгөл титаник” үйлдвэрүүд маань гурвуулаа оролцлоо. Нээлттэй өдөрлөгт борлуулж байгаа хүнс бүгд Хөвсгөл нутгийн цэвэр эко хөрсөнд ургасан, ямар нэг нэмэлт химийн бодис, бордоогүй бүтээгдэхүүн. Органик цагаан идээ, мах, хүнсний ногоо үйлдвэрлэх нь манай барих гол чиглэл юм” гэлээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top