Монгол Улсын виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн салбарын хувьд 2023 оны эхний хагас жилийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороонд нийт 12 хуулийн этгээд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэлтэй байна. Эдгээр 12 виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн платформ дээр давхардсан тоогоор нийт 912,238 хэрэглэгч бүртгэлтэй.
Үүнээс 50.2 хувь буюу 458,205 хэрэглэгч бүртгэлээ баталгаажуулсан бол 9.3 хувь буюу 85,312 хэрэглэгч идэвхтэй арилжаанд оролцдог. Түүнчлэн, 211 виртуал хөрөнгө бүртгэлтэй байгаагаас 19 хувь буюу 41 нь дотоодын, 81 хувь буюу 170 нь гадаадын виртуал хөрөнгө байна.
Бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулан хийгдсэн өдрийн дундаж арилжаа 128.0 сая төгрөг байна. 2023 оны эхний хагас жилийн байдлаар дотоодын виртуал хөрөнгийн арилжааны дүн 98.2 тэрбум төгрөг, зах зээлийн үнэлгээ 263.9 тэрбум төгрөгт тус тус хүрлээ.
Виртуал хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдүүдийн 2023 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайланд бүртгэгдснээр нийт хөрөнгийн хэмжээ 50.6 тэрбум төгрөг, орлогын хэмжээ 2.8 тэрбум төгрөг, тайлант үеийн алдагдал 7.01 тэрбум төгрөг байна.
Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк болон бусад төрийн байгууллагууд хамтран Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хурлаас Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталж, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Тус хуулийн дагуу СЗХ нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн 10 харилцааг зохицуулсан 8 журмыг батлаад байна.
Виртуал хөрөнгийн салбараар дамжуулан аливаа төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх эрсдэл (inherent risk) өндөр байна. Виртуал хөрөнгийн салбарт үүсэж болох олон төрлийн эрсдэлийг тодорхойлж, уг эрсдэлийг бууруулах зорилгоор зохицуулалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа боловч тухайн салбараар дамжуулан үйлдэх аливаа төрлийн гэмт хэргийн эрсдэл өндөр байна. Тухайлбал, мэдээллийн аюулгүй байдал буюу харилцагчдын хувийн мэдээлэл, арилжааны системийн аюулгүй байдлыг алдах эрсдэл өндөр байна. Түүнчлэн,виртуал хөрөнгийн үйлчилгээний онцлог талыг ашиглан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа явуулж болзошгүй юм.
Сэтгэгдэл ( 0 )