Дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлийн эрсдэл, эмзэг байдал болон дотоод эдийн засгийн талаар Санхүүгийн тогтвортой байдлын шинэ тайланд хэрхэн авч үзсэнийг хүргэе. Уг тайланг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос хамтран боловсруулдаг юм.
Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал
Геополитикийн хурцадмал байдал, өндөр инфляц, хүүгийн өсөлтөөс үүдэн эдийн засгийн идэвхжил саарч, дэлхийн эдийн засгийн өсөлт 2022 онд 3.5 хувьд хүрч буурахад хүргэв. Түүнчлэн, дэлхийн зарим томоохон орнууд мөнгөний бодлогын төлөвөө үргэлжлүүлэн чангаруулахын зэрэгцээ геополитикийн асуудлаас үүдэлтэй тодорхой бус байдал өндөр хэвээр байна. БНХАУ-ын эдийн засгийн зарим голлох үзүүлэлтүүд 2023 оны 7 дугаар сарын гүйцэтгэлээр хүлээлтээс доогуур гарч, тус улс эдийн засгийн томоохон хүндрэлтэй тулгарч болзошгүй гэсэн болгоомжлолыг бий болгоод байна.
БНХАУ-ын эдийн засагт томоохон хүндрэл тулгарч, эдийн засгийн идэвхжил улам бүр саарвал худалдаа, эдийн засгийн түнш орнуудад ихээхэн сөрөг нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй.
Инфляцын эрч 2022 оны дунд үеэс эхлэн улс орнуудын хувьд саарч байгаа хэдий ч суурь инфляц ихэнх төв банкны зорилтот түвшнээс өндөр хэвээр байна. Нэг талаас дэлхийн улс орнууд дахь инфляцын өндөр түвшин нь иргэдийн худалдан авах чадварыг бууруулж, бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлтэд сөргөөр нөлөөлж байгаа бол нөгөө талаас Холбооны нөөцийн банк тэргүүтэй зарим томоохон төв банкууд инфляцын эсрэг мөнгөний хатуу бодлого үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа нь банкуудын зээлийн нөхцөл чангарах, санхүүжилтийн зардал нэмэгдэх, зээлийн нийлүүлэлт хумигдах, улмаар эдийн засгийн идэвхжилийг хязгаарлах нөлөөтэй.
Дэлхийн зарим томоохон орнууд мөнгөний бодлогын төлөвөө үргэлжлүүлэн чангаруулж байгаа болон БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт хүлээлтээс удаан байгаа нь дэлхийн аж үйлдвэрлэлийг сааруулж, улмаар үйлдвэрлэлийн голлох орц эрдэс бүтээгдэхүүнүүдийн эрэлт, үнэ буурч байна.
Дэлхийн аж үйлдвэрлэл үргэлжлэн саарч, эрдэс түүхий эдийн үнийн бууралт цаашид үргэлжилбэл түүхий эд экспортлогч орнуудад ихээхэн сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй юм.
Хөгжингүй орнуудад санхүүгийн нөхцөл аажим суларч, хөрөнгийн зах зээлийн сэргэлт бүс нутгуудад харилцан адилгүй байна. Тухайлбал, дэлхийн хоёр том эдийн засгийн нэг болох БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл ганхаж байгаа нь дэлхийн санхүүгийн зах зээлд сөргөөр нөлөөлж, Хонгконгийн хөрөнгийн захын Hang Seng индекс 2023 оны 8 дугаар сард энэ оны эхэн үе дэх оргил түвшнээсээ 21 хувиар огцом сулрав.
Хөгжиж буй орнуудын засгийн газрын өр хурдацтай нэмэгдэж, цаашид үргэлжлэн өсөх төлөвтэй байгаагийн зэрэгцээ геополитикийн зөрчилдөөнөөс үүдэн дэлхийн санхүүгийн нэгдмэл байдал алдагдаж байгаа нь санхүүгийн тогтвортой байдалд тодорхой эрсдэл учруулж байна.
Дотоод эдийн засгийн орчин
БНХАУ-ын хилийн боомтууд бүрэн нээгдсэнээс хойш экспорт эрчимтэй өсөж, манай улсын урсгал тэнцэл сайжирлаа. Ялангуяа нүүрсний экспортын биет хэмжээ түүхэн дээд түвшинд хүрч нэмэгдсэн нь урсгал тэнцэл эерэг гарах гол хүчин зүйл байв. Хөрөнгө санхүүгийн данс 2023 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 56.6 хувиар буурсан хэдий ч урсгал тэнцэл сүүлийн 2 улирал дараалан ашигтай гарсан нь төлбөрийн тэнцэлд эергээр нөлөөллөө. Улмаар төлбөрийн тэнцэл 2023 оны эхний хагаст 473.8 сая ам.долларын ашигтай гарав. Ийнхүү төлбөрийн тэнцэл сайжирсан нь төгрөгийн ханш сулрах дарамтыг бууруулж, гадаад валютын албан нөөц (ГВАН) өмнөх оны мөн үеэс 23.3 хувиар өсөж, 2023 оны 6 дугаар сарын эцэст 3817.8 сая ам.долларт хүрэв.
Хөдөлмөрийн захын голлох үзүүлэлтүүд сайжирч цар тахлын өмнөх түвшинд ойртож, бодит цалин сүүлийн 4 улирал дараалан өсөв. Цалин хөлсний өсөлтийн нөлөөгөөр өрхийн дундаж орлого нэмэгдэж байгаа хэдий ч, өрхийн зарлага орлогоос илүү хурдтай тэлж байна.
Өрхийн орлого зарлагын зөрүү үргэлжлэн өсөж, зөрүүг зээлээр санхүүжүүлэх тохиолдолд өрхийн өр нэмэгдэж, өрийн дарамтад орох эрсдэлтэй.
2023 оны 2 дугаар улирлын эцсийн байдлаар санхүүгийн байгууллагуудаас олгосон иргэдийн зээлийн үлдэгдэл 20.6 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 18.0 хувиар өсөв. Иргэдийн зээлийн өсөлтийн гол хэсгийг хэрэглээний зээл болон ипотекийн зээлийн өсөлт бүрдүүлж байна. Нөгөөтэйгүүр, банк бус санхүүгийн байгууллагаас олгосон иргэдийн зээлийн хэмжээ 2019 оноос хойш хурдацтай нэмэгдлээ.
Тодруулбал, 2023 оны 2 дугаар улирлын эцсийн байдлаар ББСБ-ын иргэдийн зээлийн үлдэгдэл 2.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 23.6 хувиар, 2018 оны эцсээс 3.8 дахин нэмэгджээ.
2023 оны 2 дугаар улиралд эдийн засгийн сэргэлтийг даган үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн тоо нэмэгдсэн боловч, үйл ажиллагаа бүрэн зогсоосон аж ахуйн нэгжүүдийн тоо мөн өсөв.
Эдийн засгийн сэргэлтийг даган уул уурхай болон уул уурхайгаас хамаарал бүхий тээвэр, худалдааны
салбарын борлуулалтын орлого нэмэгдлээ.
Банкны салбар дахь хувийн байгууллагын нийт зээлийн өрийн үлдэгдэл 2023 оны 2 дугаар улирлын байдлаар 11.2 их наяд төгрөгт хүрлээ. Үүний 32.0 хувийг худалдаа, 16.3 хувийг барилга, 15.7 хувийг боловсруулах, 11.2 хувийг уул уурхай, 24.8 хувийг бусад салбарын зээл тус тус бүрдүүлж байна. Гэвч аж ахуйн нэгжүүдэд олгосон зээл нь салбараар болон зээлдэгчийн хувьд төвлөрөл өндөр хэвээр байна.
Эдийн засгийн зарим салбаруудын сэргэлтээс шалтгаалан төсвийн тэнцэл сайжирч байна. Тухайлбал, уул уурхайн салбарын өсөлтийг даган аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, нэмэгдсэн өртгийн албан татвар өмнөх оны мөн үетэй харьцуулахад огцом нэмэгдээд байгаа нь төсвийн орлого бүрдүүлэлт цаашлаад төсвийн тэнцэлд эергээр нөлөөлж байна.
Монгол Улсын нийт гадаад өр 2023 оны 2 дугаар улирлын байдлаар 33.8 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар өссөн нь гадаад өрийн дарамт өндөр байгааг илтгэж байна.
Хэрэглээ, хөрөнгө оруулалтын өсөлтөөс шалтгаалсан импортын тэлэлт, хүлээгдэж буй томоохон гадаад өр төлбөрүүд төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Түүнчлэн, дэлхийн геополитикийн хурцадмал байдал, гео эдийн засгийн хуваагдлаас шалтгаалан тодорхойгүй байдал нэмэгдэж, дэлхийн эдийн засгийн сэргэлт удааширч байгаа нь түүхий эдийн үнэ, гадаад худалдаа, төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм.
Сэтгэгдэл ( 0 )