Бээжин хотод саявтар болсон “Бүс ба зам” дэд бүтцийн санаачилгын дээд хэмжээний чуулганы үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нар уулзаж Монгол Улсын нутгаар дайрч өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолойн “Сибирийн хүч-2” төслийг эхлүүлэх тохиролцоонд хүрч магадгүй гэсэн хүлээлт байв. Хийн хоолойн төслийг хэрэгжүүлэх ажлын яриа хэлэлцээ Оросын талаас "Газпром” компани, Хятадын талаас CNPC корпорац, Монголоос “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хооронд ид өрнөж байтал цар тахал дэгдэж дэлхийн улс болгон хил, боомтоо хаасны улмаас саатсан билээ. Харин энэ аравдугаар сарын дундуур Бээжинд болсон “Бүс ба зам” хөтөлбөрийн 10 жилийн хүрээнд болсон хөрш гурван орны Төрийн тэргүүн нарын хооронд болсон уулзалтаар яриа сэргэх болов уу хэмээн харцгааж байсан ч хийн хоолойг “амилуулах” талаар тодорхой ахиц гаргаж амжаагүй төлөвтэй.
Гурван жилийн өмнөх өөдрөг төсөөллөөр бол 2025-2026 оны үеэс хоёр хөршийг холбосон уг байгууламж бүрэн ашиглалтад орох боломж бүрдэнэ хэмээж байсан юм. Хэрэв Хятадын тал, CNPC корпорацын зүгээс дэмжиж буйгаа бүрэн илэрхийлсэн бол тэр шүү дээ. Сая ч Хятадын тал уг асуудлаар бүрэн дүүрэн санал илэрхийлэлгүй азнасан сураг бий. Монголын нутгаар дамжуулах гол хөдөлгөгч хүч болох “Сибирийн хүч” нь ОХУ-ын “Газпром”, БНХАУ-ын үндэсний нефть-хийн корпорац /CNPC/-ын хамтарсан төсөл юм.
Өмнөх “Сибирийн хүч-1” төслөөр 2019 оны 12 дугаар сарын эхээр буюу дэлхий нийтийг нөмөрсөн цар тахлын сураг дуулдахаас 20-иодхон хоногийн өмнө ОХУ-ын Якутын Чаяндин, Буриад улсын Ковыктины ордоос Благовещенск хот, тэндээс Хятадын Шанхай хот хүртэлх 3370 км зайд хий дамжуулах хоолойн үйл ажиллагааны нээлт болж, удаах “Сибирийн хүч-2” төслөөр Монголын нутаг дундуур хийн хоолой татахад ойрхон боллоо хэмээн шуугиж байв. “Газпром”-оос бүр тусгай үүрэг бүхий компанийг Монголд байгуулах шийдэлд хүрч 2020 оны тавдугаар сард “Газпром”-ын тэргүүн Алексей Миллер “Сибирийн хүч-2” төслийн судалгааны ажил эхэлснийг мэдэгдсэн удаатай. Уг нь хоолойг барьж байгуулаад ашиглалтад оруулбал эхний ээлжинд жилдээ 38 тэрбум, хүчин чадал нь жигдэрсэн үед хоёр хөршийн хооронд жилд 50 тэрбум хүртэл шоо метр хий дамжуулж Монгол Улс нэг тэрбум орчим ам.долларын ашиг дундаас нь олох боломжтой хэмээж байв. Нэн түрүүнд Монголын талаас хоёр мянга шахам ажлын байр бий болно гэсэн тооцоог ч хийж байлаа.
Ажил урагшилж мэдэх үүлэн чөлөөний нар гарч байтал ковид эхлээд бүдгэрсэн. Сая яриа сэргэж магадгүй нь үү гэтэл ОХУ, Украины хооронд болж буй геополитикийн үйл явдал, мөргөлдөөн, сөргөлдөөн, Газын зурваст Израил, Палестины хооронд дэгдээд буй нөхцөл байдал, АНУ-ын талаас Хятадын талаар явуулж байгаа бодлого зэргээс шалтгаалаад тэр томоохон төслийг урагшлуулах тухай ярих цаг хугацаа нь дахиад л биш болов бололтой.
Уг нь бүр 1990-ээд оны дунд хавиас ОХУ-аас Монголоор дайруулан Хятад руу хийн хоолой тавих асуудлыг Монголын талаас хөөцөлдөж, ОХУ-ын Буриадын нутаг дахь Ковыктины байгалийн хийн баялаг ордоос БНХАУ тийш хий дамжуулах талаар ярьж эхлэхэд түүнийг Монгол дундуур дайруулах уу, зүүн талаар тойруулж Манжуураар өнгөрүүлэх үү гэсэн хоёр хувилбарыг Оросын талаас боловсруулж эхэлсэн. Хоёр дахь хувилбар ёсоор ажил хэрэгжиж дээр өгүүлсэнчлэн 2019 оны сүүлээр Монголын хилийн зүүн талаар Буриадын Ковыктины орд, Якутын Чаяндинаас Шанхай хүртэлх хийн хоолойг нээсэн юм. Гэхдээ бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлтэл бас зай бий. Шанхай хүртэлх хоолойг тавих ажил 2014 онд эхэлж, 2019 оны сүүлээр эхний байдлаар ашиглалтад орсон бол 2025 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх төлөвлөгөөтэй. Эндээс харвал ТЭЗҮ хийх, хийн хоолойн бүтээн байгуулалт эхлэх, хоолой тавих, ашиглалтад авах, бүрэн хүчин чадалд хүргэх гэдэг тийм ч богино хугацаанд бүтдэг амар ажил биш. Уг нь нэг дэх хувилбарыг хэрэгжүүлэх талаар яриа болж, төслийг хөдөлгөөнд оруулах нөхцөл байдал эхэлтэл ийнхүү цар тахлын болоод геополитикийн асуудал, дайн дажин учрах нь тэр. Нэгэнт байдал ийм болсон учир Монголын нутаг дундуур тавих хийн хоолой “амилтал” дахиад л багагүй хугацаа хэрэгтэй болж таарав бололтой.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Хийн хоолой дэмжсэн албан тушаалтнуудыг ирээдүйд монголын ард түмэн буудан алах болно. Одоохондоо жаахан тэнэгдүү байна. Данхыг зайлуулах хэрэгтэй
Ыас нэг дуусдаггүй үлгэртэй болов оо
Хойшлоод байгаасай. Манайхан өөрсдөө хийгээ ашиглаж эхлэх хэрэгтэй. Хоёрын хооронд хэдхэн зоосноос нутгаа алдах хэрэг гарна. Хэдхэн хүний зоосны мөрөөдөл нь талаар болж хүмүүсийн сэттэл амраасай. Ингэхэд ард түмний санал асуулга гэж юм явагдсан юмуу. Гэнэтхэн л Амарсайхан гэх хүний санаачлагаар гарч ирсэн сурагтай...
Mongol uursduu xiitei baij orosiin xiin xooloi tavix xereggui.
Наад хийн хоолой чинь 35оноос наана тавигдахгүй,худалдан авагчгүй хийн хоолой тавигдлаа юу? яаж эргүүтэхээрээ ийм хошгороонд итгэдэг байна аа