Вандан Даваа, Токио хот
“Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн ТУЗ-ийн тэргүүн Д.Бямбадорж Харүмафүжид Токио Олон Улсын их сургуулийн Хүндэт докторын цол зэргийг олгох ёслол 11 дүгээр сарын 1-нд тус их сургуулийн Икэбүкүро дахь сургалт шинжилгээний цогцолборт боллоо.
Токио Олон Улсын их сургуулийн ТУЗ-ийн тэргүүн Күрата Нобүясү ёслолыг нээн үг хэлэхдээ “Япон соёлын мөн чанар орших сумогийн ертөнцөд, 70 дахь ёкозүнагаар тодрон гялалзсан Харүмафүжи сумогийн дэвжээн дээр, өдөр дутмын амьдралдаа ч сайн үлгэр дууриаллыг үзүүлсэн хувь хүн болохыг би харж мэдэрч хайрлан хүндэтгэдэг болсон юм. Японы бүшидотой холбоотой дэг жаяг, ёс заншил, итгэл үнэмшлийн амин сүнс сүмод байдаг гэж хэлж болно. Бүшидод орших өв уламжлалт соёл, ёс заншлын төлөө үлгэрлэн зүтгэсэн ёкозүна Харүмафүжигийн сумогийн замнал гаргасан амжилт, мөн түүнчлэн тэрээр 2018 онд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийг үндэслэн байгуулж, хоёр орны боловсролын харилцааг шинэ шатанд ахиулан хөгжүүлэх үйлсэд хичээн ажиллаж буй бодит үйлсийг нь үндэслэн, бид өөрийн их сургуулийн Хүндэт докторын зэрэг олгохоор шийдсэн юм. Манай их сургуульд одоогоор гадаадын 100 гаруй улсын оюутан суралцаж байна. Тэдний дотор “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийг төгссөн оюутан бий. Манай их сургуулийг төгссөн монгол оюутны тоо 60 давж байна. Монгол оюутнууд сурах мэдэх эрмэлзлэл дүүрэн, итгэл үнэмшилээр бялхсан, ирээдүйн зорилго нь өндөр байдгийг бид мэднэ. Хоёр орны боловсрол, соёл, эдийн засаг ард түмний найрсаг харьцаа улам өргөжин дэлгэрэхийг хүсэн ерөөе” гэж онцлон хэлэв.
Харүмафүжи Д.Бямбадорж ёслолын үеэр “Би 16 насандаа сүмо барилдах сонирхолдоо хөтлөгдөн Япон орныг зорьж ирсэн. Дэвжээний багш Исэгэхама ояката, оками сан ба дэвжээний ах сүмочид, дэмжигч түмэн олны хайр ивээл түшиг дэмжилгээр ёкозүна цолонд хүрсэн. Сүмогийн ертөнцөд ачийг хариулах гэдэг үг байдаг билээ. Энэ утгаараа би сүмод ачийг нь яаж хариулах вэ гэж барилдаж байх үедээ боддог байсан. “Улс бол хүн, хүн бол боловсрол” гэдэг итгэлээр хоёр орны боловсролын байгууллагыг сонгосон билээ. “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн тэргүүлэгч Ж.Галбадрах багштай хамтран “Шинэ монгол Харүмафүжи” сургуулийг үүсгэн байгуулаад, энэ жил 5 дахь жилтэйгээ золгоод байна. Цэцэрлэгийн наснаас эхлээд, ахлах ангийн сурагч хүртэл нийт 1800 гаруй хүүхдэд эрдэм мэдлэг боловсрол олгохоор бид бүгд ажиллаж байна. Хүй тасран хөлд орсон Монгол эх орноо би ээж минь гэж, хүч нэмж ухаан тэлсэн Япон орныг аав минь гэж бодож явдаг юм. Өнөөдрийн энэ хүндтэй эрдмийн цол зэрэг манай сургуулийн багш сурган хүмүүжүүлэгч ажилтан хамт олонд минь үзүүлсэн хүндэтгэл хэмээн ойлгон хүлээн авч байна. Та бүгдэд гүнээ талархаж буйгаа илэрхийлье. Манай хамт олон цаашид ч хичээн ажллах болно” гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Бөхчүүд доктор профессор болно гэдэг мөн ч дампуу байна даа. Ямар ацных нь, баасных нь доктор профессор байхав дээ.