Ингэж хэлэхээр “доромжиллоо”, дооглолоо” гэж харин бүр шүлсээр булж, ойрхон бол зодуулж цохиулж ч мэдэх биз. Аливааг жаахан ч гэсэн эргэцүүлдэг хүн бол “үнэн шүү” гэж бас ч толгой дохих нь лавтай. Ер нь бол “Нийтээрээ сэтгэцээ шалгуулах юмсан” гээд өөрсдийгөө доромжилж суухын оронд нийтээрээ шүлсээ гамнаж сурмаар байгаа юм л даа. Шүлсээ гамнана гэдэг мөн ч их тэвчээр шүү.
Өнөөдөр хөгшин, залуугүй сошиалд солиортлоо цухалдаж, хэрэлдэж, бачимдаж, шүлсээ үсчүүлж байна. Тэгвэл сүүлийн 70 жилийн хугацаанд сэтгэцийн өвчний төрөл 5-6 дахин нэмэгдсэн гэж судлаач, мэргэжилтнүүд үздэг аж. Ер нь бол сэтгэцийн өвчнийг соёлын хэм хэмжээ, нийгмийн зан үйлийн эсрэг биеэ авч явах, бодох, сэтгэх гэдгээр гол шалгуур болгон оношилдог. Тэгвэл цахим орчинд ч гэсэн хүн хэрхэн зөв байх нь үүнд хамаатай.
00-ийн өрөөний хананд “Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг” гэж бичдэгтэй л адил. Тэгэхээр аливаа өвчний дотроос ёс суртахууныг үгүй хийдэг “солиорлын” төрөл нь нийгэмд хамгийн аюултай. Тэд гэмт хэрэг үйлддэг, ингэхдээ хэний ч санаанд оромгүй аймшигтай, гаж хэргүүд үйлдэнэ. Сэтгэцийн өвчтэй хүмүүс өөртөө шүүмжлэлтэй хандаж чаддаггүй, хэнд юу хийх нь хамаагүй мэт санадаг гэж судлаачид хэлж байна.
Тэгвэл өнөөдөр Монголд урд хожид сонсох бүү хэл гарч байгаагүй гаж үйлдэл, аймшигт гэмт хэрэг гарах болсон нь сэтгэцийн эрүүл мэндээс хамаарч байна. Хэрэв сэтгэцийн өвчтэй бол ийм хүмүүсийг шоронд хорих биш, эмнэлэгт эмчлэх ёстой гэж эмч, мэргэжилтнүүд ярьдаг. Монгол Улсад нийт хүн амын хоёр хувь буюу 50 мянга орчим нь сэтгэцийн өвчтэй бол таван хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудал буюу стресстэй байдаг гэсэн судалгаа хэдэн жилийн өмнө гарчээ. Сэтгэцээ эрүүл байлгая гэвэл өөртөө хяналттай бай. Шүлсээ хамаагүй үсчүүлж уурлаж, бухимдахын оронд гамна, тэвч. Тэгвэл та эрүүл байна гээд ухуулж яагаад болохгүй гэж.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )