П.Золжаргал: Амьдрал дээр гадаадын иргэний өмнөөс Монголын иргэн хүсэлт илгээж байна

2023 оны 12 сарын 05

Өнөөдрийн сонсголоор Ханбогд сумын нүүрсний үйл ажиллагаатай холбоотой газар олголтын талаар танилцуулга хийж, хууль бусаар газар олгосон асуудлыг хэлэлцэж байна.

(2023.12.05)

Шинжээчийн танилцуулгад дурдсанаар Ханбогд сумаас гаргаж өгсөн мэдээллээр газрын дуудлага худалдааны анхны үнэ төлөгдөөгүй 11 хуулийн этгээд 81.5 га газар эзэмшиж байна. 2020-2022 оны газар олголтоос гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд 457.3 га газар эзэмших эрх болгосон байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ дараах асуултыг асуулаа.


АСУУЛТ | Ж.БАТ-ЭРДЭНЭ: Монгол Улсын Газрын тухай хуульд 44.5 “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа болзолтойгоорр ашиглуулах бөгөөд” гэж заасан байна. Та бүхэн энэ хуулиа мэдэж байгаа байх. “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид” гэснийг өөрсдийн ойлголтыг тайлбарлаж өгөөч. Үүнийг ойлгож байгаа юм уу, ойлгохгүй байгаа юм уу. Эндээс та бүхний ажил үнэн байна уу, ашиг сонирхлын зөрчил цаанаа байсан уу гэдэг харагдана.

Хоёрдугаар асуулт: Өмнөговь руу очиж ажиллах сонирхолтой байдаг. Тэнд эдийн засгийн болон ямар нэгэн ашиг сонирхол нь тэнд илүү байдаг гэж сонссон. Одоо тэнд ажиллаж байгаа мэргэжилтнүүд маань орон нутгаасаа төгсөөд буцаж очиж ажиллаж байна уу? Эсвэл Улаанбаатар хотоос зорьж очсон байна уу, харьяалал нь ямар байна вэ гэдгийг тодруулж өгөөч.

Бид та бүхнийг улайлгах гээд байгаа юм биш. Та бүхний хариултыг ард иргэдэд сонсгох гээд байгаа юм.

ХАРИУЛТ | ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА П.ЗОЛЖАРГАЛ: Миний хувьд 2002-2009 онд Газрын алба гэж байхад даргаар ажиллаж байсан. Өнөөдрийн албан тушаалыг 2021 оны дөрөвдүгээр сард үүрэг гүйцэтгэгчээр, түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 12 дугаар сард шалгалт өгөөд энэ албан тушаалд ажиллаж байна.

Ер нь манай салбарын хуулиуд бүгд цахимжсан байгаа. Газрын дуудлага худалдаа цахим биржээр явагддаг. Эзэмших, ашиглах, өмчлөх асуудал өмчлөл цахимд арай ороогүй байгаа.

Газрын дуудлага худалдаагаар аль болохоор ашиглах хэлбэрээр дуудлага худалдааг зарладаггүй.

Газрыг дуудлага худалдаанд ороход аймаг болон сумдын ИТХ-ын шийдвэрүүдийг бүгдийг төлөвлөлтийн цахим системд оруулна. Төлөвлөлтийн цахим системээс татаад тухайн Засаг дарга эрх, үүргийнхээ хэмжээнд тухайн газрын дуудлага худалдаа зарлаж, төсөл сонгон шалгаруулалтаар ИТХ шийдвэрлэсэн бол тухайн газрыг олгож байгаа.

Үүнд мэдээж Гадаадын хөрөнгө оруулалт яригдаж байна. Үүн дээр янз янзын процесс явагддаг. Тиймээс бид дурдагдаад байгаа олон компаниудад яаж эрх шилжсэн бэ гэдгийг бүгдийг нь эргээд хяналт шалгалт, шинжээч нарт нэг бүрчлэн тайлбарлаж өгч болно.

Өнөөдөр сонсох ажиллагаа маань яг ямар хүрээнд явагдах вэ гэдэг мэдээлэл бүрэн байгаагүй учраас би тухайн ажиллаж байсан бүрэлдэхүүнээрээ нэмэлтээр хүмүүсээ оруулж байгаа.

Энэ оролцож байгаа хүүхдүүд маань бүгдээрээ газрын мэргэжил эзэмшиж, хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа. Бүгд Өмнөговийн харьяат иргэн байгаа. Манай аймагт Газрын даамлын нэлээд орон тоо сул байгаа. Ажил үүргээ гүйцэтгэхэд хэцүү байна, хяналт шалгууд их байна гэдэг шалтгаанаар өргөдлөө өгсөн байдалтай байна. Өнөөдөр Цогтцэций суманд Монгол Улсын эдийн засагтай холбоотой өдөр дутмын үйл ажиллагаа их явагддаг. Энэ газрын Даамлыг түр гараад явахад л араас нь хэл ам дагуулдаг ийм жишээтэй ажиллаж байдаг.

ТОДРУУЛГА АСУУЛТ Ж.БАТ-ЭРДЭНЭ: Газрын тухай хуулийн 44.5-ыг тайлбарлаж өгөөч? Хоёрдугаарт энэ хууль зөрчигдөж байна уу, үгүй юу? Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрчилгээ гаргаад өгсөн байна шүү дээ. Энэ нь хууль зөрчиж байгаа юм уу, үгүй юу?

Сая хэллээ. Олон шалгалтаас хүмүүс маань зугтаад төрийн албанаас зугтаж байна гэх юм. Үүнийг ерөөсөө ойлгохгүй байна. Шалгалт ирэхээр юунаас айж төрийн албанаас зугтдаж, ажлаа өгөх гээд байна вэ? Хууль бус юм хийгээд байдаг болохоор болье гэж байгаа юм уу. Эсвэл төрийн албанд тангараг өргөөд орсон хүн шалгалт ирэхээр л ажлаа өгөөд байна гэж ямар юм байх вэ?

ХАРИУЛТ П.ЗОЛЖАРГАЛ: Энэ бол Газрын даамлын ачаалал их байдаг. Өдөр шөнөгүй ажилладаг. Ажлын байр дахь ачааллыг нь аваад үзэхээр үнэндээ маш их ачаалалтай ажилладаг.

Шалгалтын хувьд шат дараатай маш олон шалгалт ирдэг. Энэ хүүхэд шалгагдаад явахад залуу хүн учраас ажлын ачааллыг ар гэртэй, гэрийн бараа харахгүй байдлаар ажиллахад шантардаг асуудлууд гарч байна гэдэг үүднээс би тайлбарласан. Бусдаар бол хууль бус зүйл хийсэн гэж би хэлэх үндэслэл байхгүй.

Газрын хуулийн энэ заалтыг мэдээж гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгж нь ашиглагч байх ёстой. Гэхдээ Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дандаа эзэмшихээр төлөвлөсөн байгаа. Энэ нь дотоодын аж ахуйн нэгж.

Энд эрх шилжүүлэх процесс нь өөрөө эзэмших эрхийг бусдад шилжүүлж болно гээд хуулиар зөвшөөрөгдсөн. Үүнийг эрх шилжүүлж байгаа хоёр этгээд хоорондоо гэрээ хийгээд наториат түүнийг батлаад бичиг баримтаа онлайнаар илгээж байгаа.

Энэ аж ахуйн нэгжтэй холбоотой нарийн мэдээллүүд архивт хадгалагдаж байдаг.

Эрх шилжүүлж байх үед мэдээж монгол эзэнтэй, монгол компани байгаа.

ТОДРУУЛГА АСУУЛТ Ж.БАТ-ЭРДЭНЭ: Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт хугацаа бололцоотойгоор ашиглуулах гэж байгаа. “Ашиглуулах” гэсэн заалт хуульд байгаа. Ханбогд сумын Засаг даргын Захирамж дээр газрын эзэмших хүсэлт гаргасан ..... хавсралтад заасны дагуу газрын эзэмшүүлсүгэй. Засаг дарга Х.Нэхийт гэж байна. Таныг Газрын албаны даргын хувьд үүнийг л зөв юм уу. Буруу юм уу гэдэг ганцхан асуулт асуугаад байна.

Ашиглуулна гээд  хуульд байгаа. Гарсан захирамж нь эзэмшүүлсүгэй гэж байгаа. Энэ зөв юм уу?

ХАРИУЛТ П.ЗОЛЖАРГАЛ: Би жишээлбэл тухайн хувийн хэргийг нарийн шалгаагүй учраас тухайн газрыг эзэмшүүлэх захирамж гарах хугацаанд тухайн бүрдүүлсэн материал Монгол Улсын харьяат байна уу. Ер нь бол гадаадын иргэдэд ашиглуулахаар гарах ёстой. Гэхдээ яг амьдрал дээр эзэмшүүлэх нь Монгол Улсын иргэнд гадаадын иргэдийн өмнөөс хүсэлт илгээгээд байгаа.

ХЗДХ-ИЙН САЙД Б.ЭНХБАЯР: Золжаргал дарга аа, амьдрал дээр амьдрал Үндсэн хуулиас баялаг гэж ярих гээд байна шүү дээ та.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top