Ер нь бол УИХ-аар амралт, баяр ёслолыг тохиолдуулж байгаад ард иргэд, үндэсний аюулгүй байдалд хохиролтой тусаж мэдэхээр но-той, ноцтой хуулиудыг батлуулдаг хуучтай. Бүр гаднын захиалагчтай ч байж мэдэхээр. Гэтэл сүүлийн үед эрх мэдэлтнүүдийн луйвар булхай, идсэн уусантай холбоотой асуудал илэрч, түүнийг хэлэлцэх болохоор ойрын хөршүүдийн “том гарууд”-ын бойкотод өртөж, элдэв сенсаац мэдээ, дуулиан шуугиан өдөөн иргэдийг самгардуулж, анхаарлыг нь сарниулан тухайн асуудлаас холдуулдаг “технологи” хэрэгждэг болсон нь ил болж байх шиг байна.
Хамгийн сүүлийн жишээ. Хоёрхон хоногийн өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн яаран тэвдэн мэдэгдэл хийж Оросын талаас Монголд нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний хэмжээг тал орчим хувиар бууруулж буйг дуулган үе үе цахилгааны хязгаарлалт хийхэд хүрснээ хэлсэн. Өмнөхөн нь шатахууны хомсдолд орж стресс нь арилаагүй байсан иргэд юун нүүрсний сонсгол, бусад хэргүүд манатай, явган дээрээ харанхуй боллоо хэмээн бухимдсан нь мэдээж. Гэтэл сайдын мэдэгдлээс хэдхэн цагийн дараа ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй болсныг Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов мэдэгдлээ.
Гэтэл өчигдөр бүр нүд бүлтийлгэсэн явдал болох нь тэр. Шатахууны хомсдол, цахилгааны хязгаарлалт зэрэг сүүлийн үед нийгмийг цочроосон асуудлууд нь нүүрсний сонсгол, сонгуулийн томсгосон тойрог хэлэлцэгдэж байхад олон нийтийн сэтгэл зүйг өөр тийш хандуулах, нийгэмд тогтворгүй байдал үүсгэх зорилготой үйлдэл байж болзошгүй нөхцөл үүссэн тул Монголын Тагнуулын Ерөнхий газар ОХУ-ын тусгай албадтай хамтарч шалгаж тогтоох ажлын хэсэг байгуулсан гэнэ ээ. Эндээс харвал монгол, оросын талын бүлэг нөхөд дуулиант асуудлуудаас иргэдийн анхаарлыг холдуулахын тулд амьжиргаагаар нь тоглож, бойкотлох гэсэн нь хоёр талын тусгай албадад мэдэгдэж, хамтран шалгахаар болсон юм аа даа.
Ямар ч гэсэн тагнуулынхны гарт тийм сэжигтэй баримт олдсон учраас л уг асуудлын учрыг шуурхай тогтоох чиглэлтэйгээр ажилдаа ороод байгаа аж. Асуудлыг нягталж, ард нь гадна дотны гар хөл байгаа эсэх, бий бол ямар зорилго, шалтгаантайг шалгах нь ажлын хэсгийн чиглэл ажээ. Жил жилийн өвөл хүйтний эрч эрс чангарах үеэр Нүүрсний хэрэгтэй холбоотой нэг ийм дуулиан давтагддаг болсны цаана явж явж гадна дотны гар хөл ордог байсны учиг ийнхүү цухуйж эхлэв үү.
Хэрэв нүүрсний сонсголоос олон нийтийн анхаарлыг холдуулахаар сэтгэл зүйн довтолгоон явуулах, тэгэхдээ ид өвлийн цагаар шатахуун, цахилгаангүй болж буй мэт шуугиан дэгдээж чадаж байгаа бол, ард нь үнэхээр л хоёр талын оролцоо бий бол эрх мэдэлд ойр, бүр эрх мэдэл атгаж байж болох “том гар”-уудын л хийж чадах ажил гэдэг нь тодорхой.
Өнгөрсөн жилийн өдий үед юу болсныг эргэж саная. Нүүрсний хулгайчдын нэрийг зарлаж, хариуцлага тооцохыг шаардсан шударга иргэдийн жагсаал 2022 оны 12 дугаар сарын 3-наас эхэлж Сүхбаатарын талбайд олон хоног дараалан үргэлжилж тун удалгүй жүжигчин У.Цогтбаяр гол дүр болон тодорч байв. Иргэд ч түүнд итгэж идэвхийлэн дэмжсэн. Үнэхээр ч шударга шаардлага учир жагсагчдыг дэмжиж олон хүн цугларч, хэсэг залуус хөхөө өвлийн хүйтнээр Төрийн ордны хашааны хаалганы дэргэд нүцэглэж, уйлж дуулж, Төрийн ордонд халдаж эд зүйлийг нь эвдэхдээ тулсан.
Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах Ерөнхий хяналтын сонсгол 2022 оны 12 дугаар сарын 21-нд болоход уг арга хэмжээг зохион байгуулах танхимын хуваарилалт, орох хүмүүсийн нэрсээс үүдэн маргаан гарч, сонсгол гацаж, улмаар түр завсарлах үеэр жагсагчдаас зарим нь дотогш оруулахыг шаардаж Төрийн ордны гадна хувцсаа тайчиж, түргэн тусламж дуудахад тулж, нэлээд хэд нь нэгдүгээр зэргийн осголттой гэсэн оноштойгоор эмнэлт хүргэгдэж байв. Гэтэл анхандаа үнэний төлөөх тэмцэл байсны дундуур “хар муур” гүйж мөнгөнийх болон хувирч, нүцгэлэгчид болоод жүжигчин У.Цогтбаяр нар өмнө нь АТГ-т ажиллаж байсан гэх нэгэн эмэгтэйгээс их хэмжээний мөнгө авсан, мөнөөх эмэгтэйн ард УИХ-ын гишүүн, “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнэ, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар байсан, У.Цогтоо нар шүүхээр шалгагдах болсон гэх дуулианаар мөнөөх тэмцэл өндөрлөхдөө тулсан.
Нөгөө нэг жишээ. Бас яг нэг жилийн өмнө. "Нүүрсний хулгай"-н асуудлаар БНХАУ-ын эрх бүхий байгууллагатай хамтран ажиллаж хил гаалийн мэдээлэл авахаар УЕПГ-аас хамтын ажиллагааны санал тавьсан боловч Хятадын тал мэдээлэл гаргаж өгөх боломжгүй гэх хариу өгөв. Тиймээс УЕПГ-аас ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хандаж хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын хууль зүйн яамтай харилцан хэрэг хянан шийдвэрлэх, мэдээлэл солилцоход тусламж үзүүлэхийг хүссэн бичиг хүргүүлж байв. 2022 оны арваннэгдүгээр сарын 29-нөөр өдөрлөсөн 1/7881 тоот уг бичигт “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэхтэй холбогдуулан Хятадын талаас зарим мэдээ, мэдээллийг өгөх болон хүсэлтэд дурдсан даалгаврыг биелүүлэх боломжгүй талаар хариу ирүүлж, Монгол Улсад мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй эрүүгийн хэргүүдийг шуурхай хянан шийдвэрлэхэд хүндрэлтэй нөхцөл үүсэж байна. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан зарим эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд БНХАУ-ын гаалийн болон хил хамгаалах байгууллагатай мэдээлэл солилцох, эрх зүйн туслалцааны хүсэлтийг харилцан үр дүнтэй байлгах чиглэлээр тус улсын эрх бүхий байгууллагаар дамжуулан тодорхой мэдээлэл авах нь чухал ач холбогдолтой байна.Иймд хоёр улсын найрсаг хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Хууль зүйн яамтай харилцан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий мэдээллүүдийг солилцоход дэмжлэг үзүүлэхийг хүсье” гээд Улсын прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбат гарын үсгээ зурсан байдаг.
Өмнө нь ч Монголын талаас Хятадын Хөгжил шинэтгэлийн хороонд уг асуудлаар хандаж, тус хороо зөрүүлээд Хятадын Гаалийн байгууллагад ханд хэмээн “бухаж” байсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гаалиар “хоосон” гэдэг бүрдүүлэлттэй гарсан нүүрс тээврийн машинууд БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ нүүрс тээвэрлэж орсон эсэхийг тулгахаар БНХАУ-ын талтай хамтран ажиллахаар хүсэлт хүргүүлсэн боловч хариу өгөөгүй тул Монгол Улсын Гадаад харилцааны яамаар дамжуулж Хятадын Хөгжил, шинэтгэлийн хороо руу албан бичиг явуулахад "БНХАУ-ын гаалийн байгууллага руу ханд" гэсэн хариу илгээж байв. Ингээд Гадаад харилцааны яамаар дамжуулан БНХАУ-ын гаалийн байгууллага руу албан хүсэлтээ дахин илгээж байлаа.
УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд өнгөрсөн оны 12 дугаар сард “Хилийн мэдээлэл, гаалийн бүрдүүлэлт хоёрын зөрүүг тогтоохоор ажиллаж байна. Хэрэв 2013 онд Монгол Улс, БНХАУ-ын гаалийн байгууллагуудын мэдээллийг тулгахад анх илэрсэн, тогтоогдсон баримтуудыг тухайн үед хууль хяналт, шүүхийн байгууллагууд нь шийдээд явсан бол асуудал өнөөгийн түвшинд хүрэхгүй байсан. Тэр үед хэрэгсэхгүй болгосноос өнөөдрийг хүртэл уг нөхцөл байдал даамжирсан гэж бид үзэж байна. Эдгээр мэдээ, баримтыг тодруулж, нотлох гэж ажилласаар зургаан сар өнгөрлөө" хэмээн мэдэгдэж байв. Бүтэн 10 жилийн өмнө нүүрсний хулгайн хэрэг анхлан мэдэгдэж, баримтууд нь ил тод гарч ирсэн атал байдлыг даамжруулж, түүнээс хойш 2016, 2020 онд УИХ-ын хоёр удаагийн сонгууль болж нүүрсчид бүхэл бүлгээрээ УИХ-ын суудлыг эзэгнэн тухлахад хүрч өнөөгийн нөхцөл байдлыг үүсгэсэн нь ийнхүү ил болсоор байна.
Тиймдээ ч нүүрсний сонсгол зарлах бүрд хойд талын эрх бүхий “хүнд гар”-ууд шатахуун, цахилгаанаар хяхан боож, дотоод талаас нүүрсний холбоотнууд шударга ёс нэхэж эхлүүлсэн иргэдийн жагсаалыг үймүүлж, мөнгөний болгон хувиргаж үнэгүйдүүлэн, өмнө талаас холбогдох мэдээ баримтыг ирүүлэхээс хойш сууж “бойкотлодог” байдал дунд бид явж иржээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Уг нь нүүрсний асуудлыг ингэж их дэлгэж, учрыг нь мэдэхгүй хүмүүсээр өргөн хэлэлцүүлмээргүй л байгаа юм даа. Ер нь бол ямар нэгэн бүрдүүлэлтгүй машин гарна гэж байдаггүй. Бас нүүрсийг маань авч байгаа ганц улсдаа ингэж хандаж болохгүй дээ. Залхдаг биз.