Оросын сөрөг хүчин 2024 оны сонгуульд бэлэн үү

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 19

ОХУ-ын эрх баригч “Нэгдсэн Орос” намын их хурлаар Владимир Путины нэрийг 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэхийг санал нэгтэй дэмжив. Энэ бол ёс төдий журам. Сонгууль ч мөн адил. Учир нь Путины гол гол өрсөлдөгчид нь хоригдож байгаа, зарим нь дүрвэсэн.

Үүнтэй зэрэгцэн ням гарагт улстөрч Екатерина Дунцова бие даан нэр дэвших болсон тухай зарлав.

В.Путин ерөнхийлөгчийн сонгуульд тав дахь удаагаа оролцох гэж байна. Өмнөх бүрэн эрхийн хугацаануудыг нь 2020 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр тэглэсэн.

Ирэх оны гуравдугаар сард болох сонгуульд оролцох тухай В.Путин өнгөрсөн долоо хоногт зарлаж байсан. “Нэгдсэн Орос” намын их хурлын үеэр В.Путин Оросын бүрэн эрхт байдал, өрнөдийн талаар ярив. Тэрбээр “Орос улс зарим улс шиг бүрэн эрхт байдлаа хиамаар сольж, бусдын дагуул болохгүй. Орос улс бүрэн эрхт байдлаа хадгалан үлдэх учиртай. Эс бөгөөс Орос гэж үгүй болно” гэв.

Дунцова гэж хэн бэ

Ням гарагт /2023.12.17/ ерөнхийлөгчийн сонгуульд оролцох тухайгаа бас нэг улстөрч зарлав. Тэр бол гурван хүүхдийн эх, 40 настай сэтгүүлч Екатерина Дунцова. Тэрбээр өнгөрсөн ням гарагт бие даан нэр дэвшигчдийн хувиар дэмжигчидтэйгээ уулзалт зохион байгуулав. Уулзалт асуудалгүй өнгөрсөнгүй. Эхлээд уулзалт болсон газрын цахилгааныг тасалж, хожим нь хууль хүчнийхэн орж иржээ. Гэхдээ цагдаа нар цуглааныг тараагүй тул Дунцоваг албан ёсоор нэр дэвшүүлж дөнгөв. Цуглааны үеэр тэрбээр нэр дэвшихэд шаардлагатай 500 саналаас 521 хүний дэмжлэг авчээ.

Тэрбээр “Оросыг энх тайванч, найрсаг, “хүний нүүр царайтай” улс орон болгохыг хүсэж байна гэж мэдэгдэв.

Түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй буйгаа илэрхийлсний дараа прокуророос дууджээ. Нэр дэвшигч дэмжигчдээсээ санхүүгийн дэмжлэг хүсэхэд түүний дансны гүйлгээг хаасан байна.

Цөллөг дэх сөрөг хүчний төлөвлөгөө

Оросын сөрөг хүчин бүрэн цэвэрлэгээний байдалтай сонгуультай золгох гэж байна. Өмнөх сонгуулиас хойших зургаан жилийн хугацаанд Оросын эрх баригчид бараг бүхий л улс төрийн хараат бус бүтэц, нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг тааламжгүй, хэт даврагч байгууллага, гаднын агент хэмээн цоллосон билээ.

Өдгөө тогтолцооны бус сөрөг хүчнийхэн, тухайлбал Алексей Навальный, Илья Яшин, Владимир Кара-Мурза, Андрей Пивоваров эсвэл шоронд, эсвэл дүрвээд байна. Оросоос дүрвэн гарсан улстөрчид сүүлийн хэдэн долоо хоног ирэх сонгуульд ямар стратегитай оролцох талаар хэлэлцэх болжээ. Улстөрч Максим Кац хэт даврагч цол хүртээд буй Авлигатай тэмцэх санд хандан түүнтэй болон бизнесмен Михаил Ходорковскийн хамт сонгуульд оролцох нэгдсэн стратегийг хамтран боловсруулах саналыг нэг бус удаа тавиад байна. “Сөрөг хүчний нэгдсэн штаб байгуулж, сонгуулийн сурталчилгааны мессежийг хүргэх шаардлагатай байна. Мессеж нь зөөлөн, тайван өнгө аястай байх учиртай. Ямар ч Путин, түүнтэй төстэй хүн хэрэггүй” гэсэн санал дэвшүүлжээ.

Сурталчилгааг зөвхөн сөрөг хүчний тэргүүн нарын оролцоотой явуулах боломжтой. Гэвч Авлигатай тэмцэх сангийн төлөөлөгчид Кацтай уулзахыг хүсээгүйгээр үл барам өөрийнхөө дэмжигчдийг сангийн багийн эсрэг турхирч байна хэмээн буруутгав.

Аравдугаар сарын дундуур Алексей Навалтный хараат бус улстөрч, идэвхтэн, соёлын зүтгэлтэн болон хүссэн хүн бүрийг 2024 оны сонгуулийн талаарх санал асуулгад оролцохыг урьсан. Санал асуулгаар сонгуулийг ач холбогдолтой үйл явдал гэж үзэж байгаа эсэх, сөрөг хүчнийхэн хамтран нэг нэр дэвшигчийг дэвшүүлэх стратегид итгэж байгаа эсэх, хэнийг дэвшүүлэх боломжтой, сонгуулийг бойкотлох боломжтой эсэхийг асуужээ. Санал асуулгын дүнг Навальный арваннэгдүгээр сарын сүүлээр өөрийнхөө блогт дүгнэсэн.

Сөрөг хүчнээс хэнийг нэр дэвшүүлэхэд тохиромжтой вэ гэсэн асуултад Екитеринбург хотын захирагч асан Евгений Ройзманыг нэрлэсэн байна. Хоёрт Нобелийн шагналт сэтгүүлч Дмитрий Муратов, гуравт “Яблоко” намын тэргүүн Григорий Явлинский нар олонхын дэмжлэг авчээ. Явлинскийгаас бусад нь сонгуульд өрсөлдөх тухай одоогоор зарлаагүй байгаа. Явлинский түүнийг дэмжиж 10 сая гарын үсэг цугласан тохиолдол сонгуульд өрсөлдөнө хэмээн мэдэгдсэн. Харин одоогоор төдий тооны гарын үсэг цуглаагүй л байна.

Санал асуулгад оролцсон 55 мянган хүнээс 30 мянга гаруй нь сонгуульд хэрхэн оролцох тодорхой стратеги байхгүй байгааг хүлээн зөвшөөрчээ. Сонгуулийг тодорхой нөхцөлд бойкотлох боломжийг мөн 30 мянга орчим оролцогч хүлээн зөвшөөрсөн байна. Харин үүнийг 25 мянган оролцогчид дэмжээгүй байна.

“Путин л биш бол хэн ч яахав” гэсэн стратегиар санал өгөхийг 45 мянга гаруй дэмжжээ. Энэ стратегийг Авлигатай тэмцэх сан “Путины эсрэг сонгуулийн сурталчилгаа”-ныхаа стратегиар сонгоод байна.

“Путины хувьд 2024 оны сонгууль нь өөрийнхөө үйл ажиллагаа, дайныг дэмжүүлэх гэсэн бүх нийтийн санал асуулга юм. Ирэх оны гуравдугаар сарын 17-нд Орос улс Путиныг төрийн тэргүүний хувиар дахин харахыг хүсэхгүй байгаагаа харуулах ёстой. Санал хураалтын дүнг гажуудуулна. Гэхдээ бидний зорилго бол үүнийг ил тод болгох явдал юм” гэж Навальныйн багаас гаргасан мэдэгдэлд онцолжээ.

Путины эсрэг кампанит ажлын төлөвлөгөө нь таньдаг бүх хүнээ түүний эсрэг санал өгүүлэх, эсэргүүцлийн ухуулах хуудас наах, утсаар Путины эсрэг ухуулга хийх зэргийг тусгасан байна. Сонгуулийн кампанит ажил эхлүүлснийг зарласан өдөр Москва, Петербург, Новосибирск зэрэг хотуудад “Орос орон, бүх зүйл заавал бүтнэ” гэсэн бичиг бүхий QR кодтой самбарууд гарчээ. QR кодыг уншуулахад Навальныйн сайт руу шууд орно. Гэвч яг тэр өдрөөс эхлээд QR кодтой самбаруудыг буулгаж эхэлжээ. Баасан гарагт /2023.12.15/ РБК хэвлэлд Москвагийн эрх баригчид QR кодтой самбар байршуулахыг хориглосон тухай мэдээлэл гарчээ.

Сонгууль хэрхэн болох вэ?

Холбооны зөвлөл ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг 2024 оны гуравдугаар сарын 17-ны пүрэв гарагт зохион байгуулах тов гаргав.

ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр, анх удаа ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт гурван хоног буюу гуравдугаар сарын 15-аас 17-ны хороонд үргэлжилнэ. Олон хоног санал хураах хэлбэрийг 2020 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал хураалтын явцад туршсан.

Ерөнхийлөгчийн сонгуулиар мөн 2020 онд туршиж байсан явуулын санал хураах цэгүүдэд саналаа өгөх боломжтой. Түүнчлэн санал хураалтыг Украины нутаг дэвсгэрт буюу Донбасст болон хил орчмын Брянск, Курс, Белгород мужуудад болон Крымд явуулна.

Мөн 2020 онд шинээр нэвтрүүлсэн зайнаас цахимаар санал хураах системийг хэрэглэнэ. Цахим санал хураалтын платформыг өмнө нь туршиж байсан мужуудад явуулна. Өдгөө тийм муж 30 байгаа ба тэдний дунд Москва оржээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITY (129.205.113.173) 2024 оны 07 сарын 24

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Top