Нүүрс баяжуулах үйлдвэрийн гэрээг ₮955.8 тэрбумаар байгуулж, жилд $1.9 тэрбум олохоор төлөвлөжээ

2023 оны 12 сарын 19

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой дараах 6 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 51 гэрчийг дуудсан байна. (сонсголын хоёр дахь шатны нийт гэрчүүдийн нэрсийн жагсаалт)

(2023.12.19)

Яг одоо  Нүүрс баяжуулах үйлдвэрийн талаар шинжээчийн дүгнэлтийг сонсож, хэлэлцэж байна.

Шинжээчийн зүгээс "Төслийн гэрээг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг байгуулсан. Уг гэрээ нь хөнгөлөлттэй нөхцөлтэй учраас оффтек гэрээнд оруулжээ. Хөнгөлөлттэй нөхцөлийн зөрүү нь 34.1 сая ам.долларын алдагдсан боломж гарсан" гэдгийг тодотголоо. 


Шинжээчийн танилцуулга: Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г 2021.04.01-нд Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

ТЭЗҮ-ийн дагуу жилд блок тус бүр нь 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай, нийт 3 блок буюу жилдээ 30 сая тонн нүүрс хүлээн авч баяжуулах хүчин чадалтай үйлдвэр барихаар төлөвлөсөн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс уг төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ба нэгдүгээр үе шатанд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах, хоёрдугаар үе шатанд 20 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр барихаар төлөвлөсөн байна. Төслийн нэгдүгээр шат урьдчилсан байдлаар 335.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт төсөвлөсөн.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажлын тендер сонгон шалгаруулалтыг нийт гурван удаа зохион байгуулсан. Нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулаад хоёр удаа амжилтгүй болсон тул гэрээ шууд байгуулах аргаар дараагийн тендер шалгаруулалтыг зохион байгуулсан.

2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр А/34 дугаар тушаалаар үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг хэсэг 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр тендер зарлан, мөн оны гуравдугаар сарын 02-ны өдөр тендерийг хүлээн авч, нээсэн.

Ирүүлсэн тендерийг хянан үзэж, хууль болон тендерийн баримт бичиг, ажлын даалгаварт заасан шаардлагыг хангасан гэж үзсэн тул “Норинко Интернэшнл Күүперэшн” болон Дад Инженеринг Девелопмент Групп” түншлэлийн ирүүлсэн тендерийг шалгаруулж, 2022 оны гуравдугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулах эрх олгосон.

Захиалгч гэрээ байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр “Норинко Интернэшнл Күүперэшн” болон Дад Инженеринг Девелопмент Групп” түншлэлтэй 955.854.399.578 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг байгуулсан.

Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор Тавантолгой ордын 0, 5, 8, 9 дүгээр давхрын нүүрсийг уурхайн бүрэн хүчин чадалд нийцүүлэн олборлох боломж бүрдэнэ.

Төсөл бүрэн хэрэгжиж дууссанаар Тавантолгой ордыг түшиглэсэн баяжуулах үйлдвэр нь жилд дунджаар 1 тэрбум 968 ам.долларын орлого олно гэж тооцоолж байгаа бөгөөд оруулсан хөрөнгө оруулалтаа 8.1 жилд нөхнө гэж төлөвлөсөн.

Төсөл хэрэгжсэнээр жилд дунджаар 185.8 сая ам.долларыг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлнэ гэж тооцсон байна.

Төслийн ажлын төлөвлөгөөнд 2022 онд 5%, 2023 онд 65%, 2024 онд 35% ажлыг хийж гүйцэтгэнэ гэж төлөвлөснөөс 2023 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар 63.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Санхүүжилтийг 2022 онд 95.5 тэрбум төгрөг олгосон. 2023 онд 510.4 тэрбум, 2024 онд 353.6 тэрбум төгрөг олгохоор тооцоолжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эдийн засагч(172.91.182.247) 2023 оны 12 сарын 20

Энэ төслийн ажлыг зогсоолгүй, саадгүй үргэлжлүүлж амжилттайидуусгах хэрэгтэй шүү. Ажлын явц нь төлөвлөсний дагуу хэвийн үргэлжилж байгаа юм байна гэж ойлгогдож байна. Амжилт хүсье. Хэрэгтэй төсөл байх ёстой

0  |  0
Top