Бортээгийн уурхай дээр "МТАС" түншлэлд ДАВУУ БАЙДАЛ ҮҮСГЭЖ, ТЕНДЕРТ ШАЛГАРУУЛСАН гэв

2023 оны 12 сарын 22

Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол тав дахь (2023.12.22) өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголоор эхлээд хяналт шалгалтаар илэрсэн бусад асуудлын талаарх 6 сэдвийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд холбогдуулан 55 гэрч дууджээ.

Өнөөдрийн сонсголын эхэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захиалагчтай Бортээгийн уурхайн олборлогчийг сонгох тендер шалгаруулалтын талаар шинжээч дүгнэлтээ танилцууллаа.


Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордод “Эрдэнэс Тавантолгой” ХК Цанхи, Онч, Хараат Бортээг, Бортолгой, Оорцогийн тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна.

Тус компани 2010 оноос Цанхийн уурхайг ил уурхайн аргаар олборлож эхэлсэн бөгөөд Бортээгийн чулуун нүүрсний ордыг 2022 оноос ил уурхайн аргаар олборлохоор үйл ажиллагаагаа төлөвлөн, зохион байгуулж явж байна.

Бортээгийн ордын нөөцийн хувьд Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолын хүрээнд хийгдсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэлгээгээр 3.7 их наяд төгрөг гэж байсан бол 2023 оны есдүгээр сарын биржийн тонн тутмын үнээс нэгжийн нийт өртгийг хасаж тооцсон дүнгээр 404 их наяд төгрөг байхаар байна.

“Эм Эм Маркет” ХХК 2019 онд “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын Бортээг /өмнөд/ хэсгийн MV-011956 тоот тусгай зөвшөөрлийн талбай дахь нөөцийг ил уурхайн аргаар ашиглах ТЭЗҮ үндэслэл” боловсруулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгосон шалгаруулах тендерт шалгарч 527.9 сая төгрөгийн үнийн дүнтэй ЭТТ-2019/630 дугаартай гэрээг байгуулсан бөгөөд 2020 онд УУХҮЯ-ны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулж хүлээлгэж өгсөн.

Энэхүү ТЭЗҮ-г үндэслэн “Эрдэнэс ТавантолгойХК-ийн 2021 оны “Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө”-ндБортээгийн уурхайн олборлогч”-ийг сонгох төсөл, арга хэмжээг 715.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр баталсан.

“Бортээгийн уурхайн олборлогчийг сонгон шалгаруулах” нээлттэй тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр гурван удаа зохион байгуулсан байна.

Эхний тендерийг Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд тусгаснаар компанийн санхүүгийн боломжгүй болсон, дээд газраас шийдвэрлэсэн гэсэн 2 үндэслэлээр тендерийг цуцалсан.

1. Тендер нь нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлтэл хөрөнгийн эх үүсвэр шаардлагагүй байсан.

2. Дээд газрын шийдвэр гэдэгт албажсан тайлбар, албан бичиг зэрэг ямар нэг үйлдэл хийгдсэн баримт байхгүй байна.

Дээрх хурлын тэмдэглэлээс үзэхэд тендер шалгаруулалтыг зогсоох үндэслэл бүхий бодит шаардлага, шалтгаан нөхцөл тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлтийг Шинжээч танилцууллаа.

Хоёр дахь удаагаа зарлагдсан тендер шалгаруулалтад “Си -Ар Найнтээн бюро Монголиа” ХХК 799.8 тэрбум төгрөгийн үнийн санал, “Монголиа контракт майнинг сервис” ХХК, “Өсөх зоос алтан говь” ХХК, “Спэйшлмайнинг сервис” ХХК-ийн түншлэл 707.0 тэрбум төгрөгийн үнийн санал тус тус ирүүлсэн байна. Харин захиалагч тал болох “Эрдэнэс Тавантолгой” ХХК  нь Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн тендерээс татгалзжээ.

Харин “Монголиа контракт майнинг сервис” ХХК, “Өсөх зоос алтан говь” ХХК, “Спэйшлмайнинг сервис” ХХК-ийн түншлэл Сангийн яаманд тендерээс татгалзсан Захиалагчийн шийдвэр үндэслэлгүй тухай гомдол гаргасан боловч 2021 оны есдүгээр сарын 13-ншы өдрийн 4/442 дугаартай албан бичгээр гомдлоосоо татгалзах тухайн мэдэгдсэн байна. Шинжээчийн дүгнэлтээр тухайн тендер шалгаруулалтын шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул Захиалагч тал бүх тендерээс татгалзсан нь хуульд нийцсэн байна.

Ингээд “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал 2021.09.15-ны өдрийн А/350 дугаар тушаалаар “Бортээгийн уурхайн гэрээт олборлогч”-ийг сонгон шалгаруулах үүрэг бүхийн үнэлгээний хороог шинэчлэн байгуулжээ.

Гурав дахь тендерийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тендер хүлээн авч, нээхэд цорын ганц оролцогч болох “Монголиан контракт майнинг сейрвис” ХХК, “Таван хур” ХХК, “Админерал” ХХК, “Спейшлмайнинг сервис” ХХК-уудын “МТАС” түншлэл 715.9 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлсэн.

Үнэлгээний хороо тендерийг хянаж үзээн “МТАС” түншлэлийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзэж, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлж, 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ байгуулсан байна.

Шинжээчийн зүгээс тендер сонгосон шалгаруулалтыг үнэлбэл “МТАС” түншлэл шалгарах боломжгүй байсан нь баримтуудаар нотлогдож байгааг Шинжээч танилцуулав.

НЭГДСЭН ДҮГНЭЛТ:

Уг үйл ажиллагааг тухайлсан этгээдэд зориулан, хуулийн хүрээнд явагдсан гэж харагдуулах зорилгоор ЭТТ ХК-ийн 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд суулгаж, улмаар тендер шалгаруулалт зохион байгуулсан байж болзошгүй байна.

-Тендер зохион байгуулахдаа эхний тендерийг тодорхой үндэслэлгүй цуцалж, хоёр дахь тендерийг шалгаруулалтыг хуулийн хүрээнд зохион байгуулсан үнэлгээний хороог гурав дахь тендер шалгаруулахаас хоёр өдрийн өмнө өөрчилсөн нь “МТАС” түншлэлийн гишүүн “Админерал” ХХК болон “Таван хур” ХХК-д давуу байдал үүсгэсэн нөхцөлийг бүрдүүлэх зорилготой байсан гэж үзэхээр байна.

-Гурав дахь тендерийг зохион байгуулсан Үнэлгээний хороо /ТББТ-т “Сүүлийн 3 жил буюу 2018,ү 2019, 2020 оны нийт борлуулалтын орлого нь төсөвт өртгийн 15 хувь буюу 107.393.418.915 төгрөгөөс багагүй байна.”/ Түншлэлийн гишүүдийн үзүүлэлтийг 4.5 дахь заалтын дагуу нэмж тооцно/ гэж оруулсан нь “Таван хур” ХХК, “Админерал” ХХК болон “Монголиан контракт майнинг сейрвис” ХХК-д давуу байдал үүсгэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой байсан гэж үзэхээр байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top