"Даашинзтай улстөрч"-ийн эрэлд мордоцгоов

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 01 сарын 16

-БНН-ын Б.Жаргалсайхан хүүхнүүдтэй “чатлаж”, Ш.Сайхансамбуу “VIP болзоо”-нд урьж явна- 


Бүсчилсэн тойргоор явуулж, 126 гишүүнийг гаргаж ирэх 2024 оны УИХ-ын сонгуулийн гараа намын дарга нар бэр гуйж яваа аятай хадаг сүү, алмазан бөгж, зүүлт барьж хүүхнүүд рүү гүйснээр эхэлж байна. Бариа нь тийм байвал урд хожид байгаагүй тун сонирхолтой сонгууль болох дог. Ер нь бол энэ удаа өмнөх сонгуулиудаас өөр үр дүн гарч мэдэхээр байгаа. Учир нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр, аль нэг хүйсийн нэр дэвшигчдийн төлөөллийг ирэх оны сонгуулиар 30-аас доошгүй, 2028 оны сонгуулиар 40-өөс доошгүй хувьтай байхаар хуульчилсан.

Мөн нам, эвсэлүүд нэр дэвшүүлэхдээ хүйсийн харьцааг 1:1 дараалалтай байхаар, нэр дэвшигчийн сонгуулийн зардлыг 50 хүртэл хувь бууруулах хуулийн заалтыг оруулж өгсөн. Урьдчилсан судалгаагаар 2024 оны сонгуулиар УИХ-д 20-24 эмэгтэй сонгогдон нийт гишүүдийн 20 орчим хувьд хүрэх боломж бүрдсэн гэдгийг судалгааны байгууллагууд гаргасан. 2028 онд энэ тоо нэмэгдэж орж ирэх боломж бүрдсэн  гэдгийг ч хэлж байгаа юм. Үүний зэрэгцээ  Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад намууд жендэрийн хариуцлагатай байх, дотооддоо шийдвэр гаргах бүтцийн байгууллагууддаа 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөлтэй байх бодлого баримтлахыг нарийн зааж баталсан. Үүнийгээ төрийн санхүүжилт нь жендэрийн мэдрэмжтэй байхад чиглэнэ гэсэн хуулийн заалтаар чиглүүлсэн. Тэгэхээр улс төрийн намууд дуртай ч, дургүй ч эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэхээс аргагүй болж байгаа юм. Ядаж л нэг нам наад зах нь 20-25 эмэгтэй нэр дэвшигчийн нэрийг жагсаалтдаа зоохгүй бол хүрд эргүүлэх боломж олдохгүй. Жендэр талаасаа ч, харагдах өнгөнөөсөө ч хүүхнүүдээр чимэг хийж урагшлахгүй л бол утгагүй болчихож байгаа юм.

Ийм асуудал хоолойд нь тээглэсэн тул өнгөрсөн долоо хоногт жижиг намуудын удирдлагууд хуралдсан гэх мэдээлэл дуулдсан. Залгуулаад БНН-ын дарга Б.Жаргалсайхан хүүхнүүдэд жигтэйхэн хайртай болчихсон, энд тэндхийн охид, бүсгүйчүүлтэй чатлах болсон сураг чих дэлссэн. Тэр нь мэдээж ”сонгуулийн хайр”. Угаасаа манай намаас нэр дэвшээч, ах нь дэмжинэ, ингэнэ тэгнэ гэсэн амлалтаар бороо оруулахыг түүнийг давж хийх хүн Монголд бараг л гарахгүй байх. Тэр аргаа л хэрэглэж буй бололтой. Тэгвэл “Нарантуул”-ын босс, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу хүүхнүүдийг VIP болзоонд урьж, “Манай намд ор, нэр дэвшээч. Ах нь бүх зардлыг нь даана” хэмээн хошуу дэвсэж яваа аж. Түүний хувьд Ардын чуулган нам байгуулснаа бүртгүүлэхээр хэд хэдэн удаа хандсан. Гэсэн ч УДШ материалыг нь буцааж шидсээр 2-3 жил болж байна. УДШ-д учир байна уу, дээрээс хэн нэгэн нь “буцаа” гэсэн дохио өгсөн үү, үнэхээр баримт бичиг нь шаардлага хангахгүй байгаа юу. Эсвэл Ш.Сайхансамбуу өөрөө шулуун шударга болохоор МАНАН бүлэглэлийнхэн түүнийг улстөрд дахин оруулахаас айсан уу, бүү мэд. Гэхдээ л мань эр өөртөө тун ч итгэлтэйгээр хүүхнүүдийг улс төрд урьж, сонгуульд уриалж яваад гэрэлд цохиулсан бололтой. Тэдний араас Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намын дарга Б.Жагар, Үнэн ба Зөв намын дарга Ц.Отгонбаатар нар ч бүсгүйчүүдийг “өдөж, хоргоож”, учирлаж, ухуулж юм юм л болж явааг ойр тойрныхон нь хэлж байна. Тэгэхээр парламентад суудалтай МАН, АН, ХҮН-ынхан илүүтэй зангараг гаргаж, бодлоготой хөдлөх биз.

Сонгууль угтаж үүсээд буй дээрх дүр зургаар бол даашинзтай улстөрчид моданд орж, улмаар нэр дэвших магадлалтай эмэгтэйчүүдийн эрэлд улс төрийн намууд ийнхүү гарчээ. Нөгөө хувьсгалын тохироо бүрдэнэ гэгчээр бол томсгосон тойрог, 126 гишүүнтэй парламент, дээр нь УИХ-ын сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга бүсгүйчүүдэд ээлтэй туслаа. Энэ боломж дээр эмэгтэйчүүд нам харгалзахгүй эв нэгдлээ бэхэлж, нэгдсэн мөрийн хөтөлбөр боловсруулаад орчихвол 126 суудлаас ахиухан авчихаж мэдэх юм.

Эмэгтэйчүүдийн улс төрийн сонгуульд хэрхэн оролцож ирснийг харвал, байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших найман удаагийн УИХ-ын сонгуульд нийтдээ 3445 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 25 хувь нь эмэгтэйчүүд байв. Нийт 608 гишүүн сонгогдсоноос 10.7 хувь нь эмэгтэйчүүд байсан бол 45 эмэгтэй давхардсан тоогоор нийт 65 удаа сонгогдсон байдаг. Үүнээс 10 эмэгтэй хоёр болоод түүнээс дээш удаа, үлдсэн 35 эмэгтэй нэг удаа сонгогджээ. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эзэлж буй эмэгтэйчүүд хууль тогтоох байгууллагад дээрх байдлаар оролцож ирсэн нь хангалтгүй үзүүлэлт юм.

Хийсэн ажил, шийдвэрлүүлсэн асуудлын царааг авч үзвэл 2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр таван намын төлөөлөл 11 эмэгтэй парламентын гишүүн болж, албан ёсны бүлэг байгуулан “Монос”-ын Л.Эрдэнэчимэг удирдаж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Тамхины хяналтын тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Хог хаягдлын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай гэх мэт 10 гаруй хуулийн төсөл дээр ажиллаж, УИХ-аар батлуулсан нь бараг түүхэн гэж хэлэх дэвшил байх.

Сүүлийн үед гарсан эерэг өөрчлөлт гэвэл төрийн албан хаагчдын хүйсийн харьцаанд хийсэн судалгаагаар эмэгтэй төрийн албан хаагчдын тоо нэмэгдэж, хүйсийн харьцаа 61:39 болсон гэх мэдээлэл гарсан.

Дүүргийн Засаг даргаар С.Одонтуяа, Л.Амгалан, Ц.Цогзолмаа нар ажиллаж байсан, одоо Сүхбаатар дүүргийг Х.Болормаа удирдаж байгаа бол анх удаа эмэгтэй хүн аймгийн Засаг даргаар сонгогдсон нь Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа юм. Харин нийслэлийн Засаг дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар эмэгтэй хүн ажиллаж байсан түүх байхгүй. Улс төрийн намын даргаар ганцхан эмэгтэй, тодруулбал С.Оюун ИЗНН-ыг даргалж байсан. Ерөнхий нарийн бичгийн даргын алба хашсан эмэгтэй цөөхөн. МАХН-ын генсекээр Нацагийн Удвал, АН-ын генсекээр Б.Дэлгэрмаа нар ажиллаж байсан, мөн 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэр дэвшиж байв. Хэдийгээр энэ мэт дэвшил гарч байгаа ч Монголын улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо тун хангалтгүй байсаар ирсэн.

УИХ-ын түвшинд 2016, 2020 онд 13 эмэгтэй гишүүн сонгогдсоныг жендерийн хувьд түүхэн өөрчлөлт болохыг зарим судлаач хэлдэг. Гэхдээ энэ тоо нь Азийн дундаж 20 хувь, дэлхийн дундаж 25 хувиас доогуур үзүүлэлт юм. Тухайлбал, Монгол Улс жендерийн тэгш байдлын 2022 оны индексийн 146 орноос 70 дугаарт эрэмбэлэгдсэн. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад есөн байр урагшилсан ч  бодит байдалд тийм биш. Учир нь дээрх үзүүлэлтийг хэмжихдээ эдийн засгийн оролцоо, боловсрол, эрүүл мэнд, улс төрийн эрх мэдэл, оролцоо гэсэн дөрвөн зүйлийг авч үздэг. Манай улсын хувьд эдийн засгийн оролцоогоор 26 дугаарт, боловсролын түвшнээр 63 дүгээрт, эрүүл мэндийн байдлаар нэгдүгээрт орсон бол улс төрийн эрх мэдэл, оролцооны байдлаар 113 дугаарт эрэмбэлэгджээ. Тэгэхээр ямар улс орнууд түлхүү хөгждөг вэ, ардчиллын өндөрлөгт нэр хүндтэй байдаг вэ гэсэн асуулт гарна. Үүнд жендэрийн тэгш байдлыг нэгдүгээрт тавьж чадсан, шийдвэрлэх эрх мэдэл, хууль батлах түвшинд эмэгтэйчүүд болон нийгмийн олон бүлгийн төлөөллийг багтаасан улс орнууд л оновчтой, олон ургалч шийдвэр гаргадаг гэж олон улсад дүгнэдэг байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
л(202.9.40.214) 2024 оны 01 сарын 17

Нэг багана дээр айл гэр тогтохгүйтэй адил юм шүү дээ, тиймээс ч өнөөдрийн монголын улс төр ийм гажиг болсон.

0  |  0
Мөнхжаргал (66.181.190.125) 2024 оны 01 сарын 17

Намын дарга ганц эмэгтэй гэдэг Паоламентин намын хүрээнд шүү. О. Заяа, Б. Саранцэцэг гэх мэт хүмүүс байсан. Одоо ч байгаа

1  |  0
Ахмад настан(202.21.107.21) 2024 оны 01 сарын 17

Энэ л манай улсын сонгуулийн гаж тогтолцоо шүү дээ.

1  |  0
сонгогч(202.9.47.12) 2024 оны 01 сарын 17

”Даашинзтай биеэ үнэлэгч”-ийн эрэлд мордоцгоов

2  |  1
Top