“Нүүрсний” хэрэгт холбоотой зарим хүний хэргийг өнөөдрөөс шүүхээр болов

2024 оны 01 сарын 15

Энэ долоо хоногт “Нүүрсний” хэрэгт холбоотой зарим хүний хэргийг шүүхээр товложээ. Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 15-нд “Нүүрсний” асуудалд ороогдсон 11 хүнд холбогдох хэргийг шүүх юм байна. УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг болон Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Даваадорж, П. Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарын хүмүүсийн хэргийг түүгээр хэлэлцэх ажээ. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн 2023 онд таван удаа эхэлж байсан ч хойшилсоор өнөөг хүрсэн бөгөөд нүүрсний хэргийн яллагдагч нар өнөөдөр ийнхүү зургаа дахь удаагаа шүүх хуралдаанд орохоор болов.

Хамгийн сүүлийн тав дахь шүүх хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр товлон зарласан ч шүүгдэгч Б.Отгонжаргал эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй учир шүүх хуралдааныг 2023 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 09 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэж байсан юм.

Тэгвэл Пүрэв гарагт УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарыг шүүхэд дуудах ажээ. Уг шүүх хурал мөн л өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн боловч гэрчүүд ирээгүй хэмээх шалтгаанаар 2024 оны нэгдүгээр сарын 18 хүртэл хойшлуулаад байсан юм.

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалангийн хувьд 2019-2020 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой хэмээх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутгагджээ. З.Энхболд нь төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг шүүхээс аваад байгаа билээ.

Д.ОЮУН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top