Аавынхаа үргэлжлэл болж энэ албанд зүтгэж байна

2024 оны 02 сарын 01

Тэсэлгүй түүнээс жинг нь асуув. Төсөөлж байсанчлан зуугийн тал. Шавилхан биетэй ч шаггүй бүсгүй аж. Багийн эрчүүдээ удирдан гал ус, гамшиг ослын өөдөөс сөрөн ордог салааны захирагч. Хаа байсан Хөвсгөлийн Хатгалд төрж өссөн ч ханиа дагаж Увс аймгийн Баруунтуруун суманд суурьшсан. Онцгой байдлын сургуулийг дэслэгч цолтой төгсдөг бол тэрээр ахлах дэслэгч цолтойгоор дүүргэжээ. Харин одоо ахмад.

Увс аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн салааны захирагч, ахмад М.Өлзий-Оршихыг танилцуулж байна. Хүлээн авна уу.

-Намайг Мэндсайханы Өлзий-Орших гэдэг. 1998 онд Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн. Дунд сургуулиа төгсөөд Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуульд элсэн суралцсан. Би уг нь математикийн багш болох мөрөөдөлтэй байв. Гэнэт л аавынхаа мэргэжлийг өвлөе гэдэг шийдвэрт хүрсэн. Аав минь сумынхаа Онцгой байдлын албанд няраваас эхлээд, аврагч-гал сөнөөгч, гал  унтраах автомашины жолооч гээд бүхий л албыг нэр төртэйгээр хаагаад 2004 онд тэтгэвэртээ гарсан хүн. Гэхдээ тэтгэвэрт гараад удаагүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Би дөрвөн эгчтэй, айлын бага охин. Аавынхаа үргэлжлэл болж энэ албанд зүтгэе гэж төлөвлөж Онцгой байдлын сургуулийг сонгон суралцаж байв. Харин одоо нэг эгч Хатгал сумын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангид дуудлага хүлээн авагч, нөхөр минь бас Онцгойгийнх. Аавынхаа албыг гурвуулаа үргэлжлүүлж явна. Ээж минь харин насаараа тогооч хийсэн. Одоо зээ нараа тойруулсан сайхан эмээ бий.

-Миний хань Н.Норовсүрэн, одоо ОХУ-д Гал эсэргүүцэх академид суралцдаг. Бид оюутан байхдаа танилцсан. Нөхрөө дагаад Увс аймгийн Баруунтуруун суманд ирж салааны захирагчаар гурав дахь жилдээ ажиллаж байна. Нэг охинтой. Анх ирж суурьшихад нөхрөөс минь өөр таних хүнгүй их хэцүү санагдаж, ээж эгч нараа их санадаг байлаа. Одоо бол сумынхантайгаа ах дүү, төрөл садан мэт болцгоож дээ.  


-Би Онцгой байдлын сургуулийг “онц” дүнтэй, ахлах дэслэгч цолтой төгссөн 10 дахь төгсөгч. 2009 оноос хойш 11 жилийн дараах “онц төгсөгч” нь би байв. Төгсөх жилдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг авсан. Ерөнхийлөгчийн нэрэмжит төрийн цэргийн байгууллагууд дунд зохион байгуулагддаг марш тактикийн тэмцээнээс багаараа V байр эзэлж байлаа. Саяхан төгссөн сургуулийн хоёр ч танхимаас надад багшлах санал тавьсан. Би ярих, хүнд юм заах дуртай. Тиймээс ирээдүйд багш болчихсон явахыг үгүйсгэхгүй.

-Сагс, волейбол, хөл бөмбөг, таеквондо гээд сонирхдоггүй спорт үгүй. Ялангуяа дунд сургуульд байхдаа юм юм оролддог, нийгмийн идэвхтэй хүүхэд байлаа. Хөл бөмбөгийн улсын аваргад оролцож, хоёр удаа аймгийн аварга болсон. Онцгой байдлын мэргэжлийн гал унтраах, техникийн олон төрөлт спортоор эмэгтэйчүүд хичээллэвэл сонирхох бодол бий. Мөн Баруунтуруун сумынхаа эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгчээр ажилладаг. Өөр нэг хобби даалин оёх. Даалин оёх үед өөр юм огт бодохгүй, яг тухайн цагтаа төвлөрч чаддаг болохоор бясалгал шиг санагдаж маш их тайвшралыг олдог. 


-Хөдөө орон нутагт эмэгтэй салааны захирагч байна гэдэг амаргүй. Манай анги дөрвөн салаатай. Эмэгтэй салаан захирагчтай байхын давуу тал юм болов уу, манайхан хоорондоо нээлттэй, амь нэгтэй. Бэрхшээлтэй зүйл гэвэл, өвөл аврах ажиллагаанд явах үед маш их даардаг. Ядаж манай сум өвөл их хүйтэн байдаг онцлогтой ч холбоотой юм даа. Биеийн хүч, чадал шаардах ажилд алба хаагчдадаа тусалж  чаддаггүйдээ заримдаа гэмшдэг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top