БНХАУ үйлдвэрлэлийн шинэчлэлд 1.44 тэрбум ам.доллар зарцуулна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 05

 

БНХАУ-ын Засгийн газар үйлдвэрлэлийн дэд бүтцийн шинэчлэлд 1.44 тэрбум ам.доллар зарцуулах тухай Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын хоёрдугаар чуулганы нээлт дээр танилцуулсан төсвийн төсөлд тусгажээ. Үүний сацуу тус улс илүү олон улстай чөлөөт худалдааны болон хөрөнгө оруулалтын хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн, Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүс байгуулах тухай хэлэлцээ урагшлуулах зорилт тавиад байна. БНХАУ нь Дэлхийн худалдааны байгууллагын шинэчлэлд бүх талын оролцоог хангаж, харилцан ашигтай хамтын ажиллагааны үр шимийг бүх улс орон хүртдэг байх дэлхийн нээлттэй эдийн засгийг хөгжүүлэхийг идэвхтэй дэмжин ажиллана гэж илтгэлд онцолсон байна.

БНХАУ-ын Засгийн газар энэ онд ДНБ-ий өсөлтийг таван хувьд хүргэх зорилт тавьжээ. Өнгөрсөн онд тус улс ДНБ-ий өсөлтийг таван хувьд хүргэх зорилго тавьсан ба оны эцсийн дүнгээр 5.2 хувьд хүрсэн юм. Түүнчлэн, төсвийн алдагдлыг ДНБ-ий гурван хувьд барихаар тусгаад байна. 2023 онд БНХАУ-ын төсвийн алдагдал 1.5 хувиар нэмэгдэж, 5.78 их наяд юаньд хүрсэн байна. БНХАУ-ын Сангийн яамны мэдээлснээр, төсвийн орлого 6.4 хувиар өсөж, 21.67 их наяд юаньд хүрсэн бол зарлага 5.4 хувиар өсөж, 27.45 их наяд юань болжээ. Энэ онд тус улс батлан хамгаалах салбарын зардлаа 7.2 хувиар өсгөхөөр төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top