Хэрэгтнүүдийн машинд мөргүүлсэн хоккейч хүүгийн бие САЙЖИРЧЭЭ

2024 оны 04 сарын 01

Москва хотын “Крокус Сити Холл”-д болсон халдлагын үеэр террористуудын машинд мөргүүлсэн 8 настай Илья хүүгийн аав амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулсан арга хэмжээнд оролцож, үг хэлжээ.

Игорь Толпыкин хүүг нь аварсан эмч нар болон хоккейчид, тусламж үзүүлсэн бүх хүнд талархал илэрхийлсэн байна. Солнечногорскийн оршин суугч түүний хүү, охин хоёрыг террористууд зугтах үеэрээ машинаар мөргөсөн аж. 8 настай Илья хүү 5м хол зайд шидэгдэж, тархи нь хөдөлж, цээж, гэдсэндээ битүү гэмтлүүд авч, зүүн хөл, гуя нь хугарсан байна. Хүү одоо эмнэлэгт байгаа бөгөөд амь нас нь аюулгүй болжээ.

Игорь Толпыкин “Тэр аймшигт өдөр бид гэр бүлээрээ “Крокус”-т байсан. Бурхны ачаар бид аврагдсан юм. Бид “Крокус”-аас зугтаж гартал террористуудын цагаан машин ирж мөргөсөн. Хүү маань хамгийн их гэмтсэн. 5м хол зайд шидэгдэж, амьсгалахгүй хэвтэж байсан” гэж ярьжээ.

Тэрбээр хүүд нь анхны тусламж үзүүлж, түргэн тусламжийн сул машин олсон хүмүүст талархал илэрхийлээд “Шөнөжин хүүг минь эмчилсэн эмч нарт баярлалаа. Бурхны авралаар хоёр дахь хагалгаа хийгдэж, хүүг маань сэхээнээс энгийн өрөө рүү дүү дээр нь авчирлаа. Одоо бүх аймаар зүйлс ард үлдсэн гэж би бодож байна” гэжээ. Илья хүү хоккейгоор хичээллэдэг бөгөөд ухаан ороод хэлсэн үг нь “Тэмцээн рүү явахгүй юм уу” гэх асуулт байсан гэнэ. Ээж нь түүнийг тайвшруулж “Хэн ч чамгүйгээр явахгүй ээ. Бүгд чамгүйгээр явахгүй гэсэн” гэж хэлжээ.

Залуу хоккейчийг дэмжин түүний шүтдэг Александр Овечкин болон бусад алдартай хоккейчид холбогдож, зарим нь эмнэлэг дээр бэлэг авчирч өгсөн байна.

Хүүгийн аав “Залуус аа, та нарт мэхийе. Та бүхний дэмжлэг хүүг минь яаж эмчилж байгааг та нар төсөөлөхгүй дээ. Шүтээнүүд нь мэнд мэдэж, ажлаа орхин эмнэлэг дээр ирж байгааг хараад.... Та нар төсөөлөхгүй дээ. Маш том гэр бүлтэй гэдгээ би мэдлээ. Энэ бол та нар. Та нарт мэхийе. Амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлье” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top