Б.Өлзийбат: Сонгогчдын 51 хувь болох залуучуудын дуу хоолойг УИХ-д оруулж ирэх хэрэгтэй

Г.Ганчимэг | Zindaa.mn
2024 оны 04 сарын 03

Хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалдаг хамгийн том байгууллага МҮЭХ-оос ажлын гараагаа эхэлж, Монгол Улсын Их хурал, Засгийн газар, Олон улсын байгууллагын хамтарсан төсөл зэрэгт 10 гаруй жил ажилласан туршлагатай Монгол Улсын Их хурлын Тамгын газрын Цахим парламент инновацын газрын анхны дарга, Бизнесийн удирдлагын магистр Б.Өлзийбаттай D-Parliament системийн тухай болон нэрээ дэвшүүлэх хүсэлт өгсөн талаар ярилцлаа.


-Сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу. Та эхлээд өөрийгөө “Өглөөний сонин”-ы уншигчдад танилцуулаач. 1990-ээд оны төлөөлөл байх аа?

-Сайн. Сайхан хаваржиж байна уу. “Өглөөний сонин”-ы уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе! Тийм би 1990 онд төрсөн. Долоон ахтай. Найман хүүтэй айлын отгон. Нийт хүн амын 70 хувь нь 1990 оноос хойш төрсөн хүүхэд залуучууд байна. Энэ утгаараа би улс төрд нэлээд идэвхтэй байдаг.

-Залуучууд сонгуулиа өгдөггүй. Өвөө эмээ нар л сонгуульдаа идэвхтэй оролцдог гэж ярьдаг?

-Өмнө нь залуучуудыг сонгуульд оролцох идэвх сул, ирц бага, тэгсэн мөртлөө их шүүмжилдэг гэж ярьдаг байсан. Харин энэ удаагийн сонгуулийг өөр гэж харж байна. Яагаад гэвэл, анх удаагаа 18-39 насныхан сонгуулийн 50+1 буюу ялах боломжийг бүрдүүлж байгаа. Анх удаагаа залуучууд жинхэнэ утгаараа өөрсдийнхөө хүсэж байгаа нэр дэвшигчийг сонгох, өөрсдийнхөө хүсэж буй өөрчлөлтийг хийх боломжой болж байна гэж харж байгаа юм. Залуучууд өмнөхөөсөө өөр хандлагатай байх болов уу. Нөгөөтэйгүүр, залуучууд яагаад нийгэм, эдийн засгийн энэ асуудлуудад хойрго ханддаг юм бэ гэвэл үндсэндээ шийдвэр гаргах түвшин буюу парламентад, төлөөллийн дээд байгууллагад орох аливаа нэгэн сонгууль болоход тэдний үеийнхнийг нэр дэвшүүлэхгүй байгаа нь “Өө, миний үеийнхэн байхгүй байна. Өөрчлөлт, шинэчлэлт харагдахгүй байна. Би сонгууль өгөхгүй” гэж бодоход хүргэдэг. Залуучуудад үе тэнгийнхний сонголтыг бий болгохгүй байгаа нь маш олон залуу хүнийг сонгуульд идэвхгүй оролцох, ийм хандлага гаргахад нөлөөлдөг. Тиймээс энэ удаад үе тэнгийнх нь залуучуудыг улс төрийн намууд нэр дэвшүүлбэл залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцоно. Өөрөөр хэлбэл, анх удаагаа хүссэн, хүсээгүй үеийнх нь залуучуудыг нэр дэвшүүлэх цаг болсныг Монгол Улсын өнөөдрийн хүн амын насны судалгаа харуулж байна.

-Нийгэмд өнөөдөр үе хоорондын зөрчил их болжээ. “60, 70 оныхон үхээсэй” гэдэг байсан бол одоо “80 оныхон болио”, ер нь 40-өөс дээш насныхан байхгүй болж байж л улс орон хөгжинө гэдэг. Гэтэл эсрэгээрээ ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийн төлөөлөл нь байж аливаа байгууллага ч, улс төр ч бүтцийн хувьд зөв байж, оновчтой шийдвэр гаргана гэж үздэг хүмүүс ч бий. Тэр нь ч зөв юм шиг. Яагаад гэвэл залуу хүмүүсийн хийг ахмад, дунд үе нь туршлагаараа дарна гэдэг?

-Улс төр гэдэг чинь ерөөсөө нийгмийн бүхий л харилцааг шийднэ. Яг гэр бүлийн харилцаа шиг зүйл шүү дээ. Бид 18 нас хүрээгүй байхдаа аав ээжийнхээ асран хамгаалалтад өсөн, “Биднийг дуртай” гэж бодоод өөрсдийнхөө сонирхол татсан ном, хувцас юу байдаг юм аваад өгчихдөг. Харин биднийг 30 гараад ирэхээр “Миний хүү одоо эрийн цээнд хүрлээ. Өөрийнхөө амьдралыг өөрөө шийдээд яв” гээд үр хүүхдэдээ илүү шийдвэр гаргах эрхийг олгодог. Одоо манай улсын байдал бол яг ийм байна. Өмнө нь сонгууль өгөх хүмүүс нь буюу шийдвэр гаргагчид нь бидний аав ээж, өвөө эмээ байлаа. Одоо тэдний хүүхдүүд буюу шинэ үеийнхэн нийт сонгогчдын 51 хувь болж байгаа нь илүү шийдвэр гаргахад олноороо оролцох боломжтой болчихсон гэсэн үг. Тийм учраас улс төрийн намууд, УИХ-д олон жил суусан хүмүүс дараагийн эрийн цээнд хүрсэн шинэ үеэ дэмжлэгээр оруулж ирэх, эсвэл тэдэнд өөрсдөө орж ирэх боломжийг бий болгож, залуучуудыг нэр дэвшүүлбэл улс орондоо өөрчлөлт авчирна.

-Ийм туршлага, жишээг нэрлээч?

-1990 оны цагаан морин жилийн хувьсгалыг 30 хүрээгүй залуучууд хийсэн. 2004 онд одоогийн МАН, хуучнаар МАХН-д 1970 онд төрсөн 34 настай шинэ үеийнхэн орж ирж байсан. Тэр үеийн шижигнэсэн залуучууд өнөөдөр УИХ-ын дарга, Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга,  Зам тээврийн сайд зэргээр Монголын улс төрд аль хэдийн бойжчихсон, олон нийтийн саналыг авч, итгэлийг хүлээгээд дээд түвшинд явж байна. Мэдээж, зарим нь шүүгдээд бүр улс төрөөс гараад явчихсан нь ч байна. Дараагийн улс төрийн нэг том өөрчлөлт буюу шинэ үеийнхэн бол 2024 оны сонгуулиар гарч ирнэ байх. Энэ нь эхлэл болно. Харин 2028, 2032 он бол хүссэн, хүсээгүй залуучуудынх. Гэхдээ одоо парламентыг бий болгож байгаа 76 гишүүний 74 нь 39-өөс дээш насныхан буюу хэт нэг насны төлөөлөл дийлэнх олонх болчихоод байгаа юм. Гэтэл парламентаар хэлэлцэж байгаа асуудлыг харахад, залуучуудын санал өгч байгаа асуудал илүү гацаад байна. Парламентад хэт олонхыг 39-өөс дээш насныхан бүрдүүлж байна. Гэтэл идэвхтэй байгаа буюу нийт иргэдийн олонх нь 39-өөс доош насныхан байна шүү дээ.

-Үүнийг хүч түрэх маягаар шийдэж болохгүй байх. Гэхдээ насны бүтцийн хувьд яаж тэнцвэржүүлэх вэ?

-Монголын парламентад үе солигдох, ахмад үе нь шинэ залуу үеэ туршлагажуулах боломж 2024-2028 онд болох юм байна. Тиймээс эрийн цээнд хүрсэн залуучуудыг парламентад оруулахад туршлагатай гишүүд төдийлөн татгалзахгүй байх. Гэхдээ энэ манлайллыг улс төрийн намуудын удирдлага л хийж чадна. Мэдээж, олон жил УИХ-ын гишүүн байсан хүн өөрийгөө байх ёстой л гэж боддог.

Өнөөдөр залуучууд маш олноороо гадагшаа явахыг хүсэж байна. Яагаад ингэж байна вэ гэвэл улс төрд буюу шийдвэр гаргах түвшинд үе тэнгийнхэн нь харагдахгүй байгаа учраас “За за, дэмий юм байна” гээд бодчихдог. Гэтэл өөрийнх нь үеийн залуу улс төрд гараад ирвэл “Нээрээ нэг үеийн хүнээ дэмжье” эсвэл “Би оронд нь байж болох юм байна” гэж боддог. Системийг өөрчлөхөд залуучуудын дуу хоолой байх боломжийг энэ удаагийн парламентад оруулж өгснөөрөө УИХ-д туршлага, ид үе, технологи, шинэ хандлага буюу залуу үе орж ирэх боломжтой. 

 

-Иргэд, сонгогчдын олонхоороо санаа нийлж байгаа нэг зүйл нь шинэчлэгдээсэй, өөрчлөгдөөсэй, хувьсаасай гэдэг хүсэл яалт ч үгүй мөн. Гэтэл нэр дэвшигчдийнхээ сурталчилгааны материал, анкеттай танилцаж эхлэх үеэсээ л ой гутдаг. Яагаад гэвэл улс төрд нэр, нөлөөтэй хүмүүсийн хүүхдүүд, хүргэн, бэрүүд үе залгамжлаад орж ирдэг. Адгийн наад зах нь хороон дээр хүртэл намын ухуулагч, хэсгийн ахлагч хийж байсан хүмүүс хүүхдээ, хүргэнээ, бэрээ, эхнэрээ, нөхрөө өөрийнхөө хийж байсан ажилд оруулах зэргээр анхан шатнаасаа эхлээд төрийн дээд өндөр албан тушаал хүртлээ иймэрхүү байдлаар “кастын” маягийн системтэй болчихсон. Ингэхээр чинь ерөөсөө болохгүй байна?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бид хувь тэнцүүлсэн тогтолцоог сонгосон. Дараа нь бүсчилсэн том хэлбэрээр сонгуулийн тойргийг явуулахаар болж хамгийн анхны 126 гишүүнийг энэ удаа сонгоно. Миний хувьд үүн дээр хамгийн гол манлайллыг улс төрийн намын удирдлага л үзүүлж чадна гэж харж байна. Удирдлага л үндсэндээ шинэ уур амьсгал, шинэ хандлага, инновацыг парламентад оруулах боломжтой гэсэн үг. Нөгөөтэйгүүр, цахим технологи КОВИД-19 цар тахлын дараа үеэс дэлхий нийтийн хамгийн чухал зүйл болсон. D парламент гарч ирснээр гар утсан дээр маш олон эрх мэдэл, хүнд суртал, авлигын асуудлыг таслан зогсооход хүргэж байгаа. Маш олон иргэний санаа бодлыг өөрчилж, “Болох юм байна аа” гэж бодоход хүргэж байгаа юм. Үүнд дургүй хэсэг ч бий. Хүссэн, хүсээгүй нийгмийнхээ жам ёсоор үүн рүү явахаас аргагүй. Маш олон иргэний ажил хийх, бүтээмжтэй байх зарчмыг өмнө нь хүнд суртлаар боодог байсан бол одоо цахимд шилжсэнээр эсрэгээрээ бүтээмжийг нэмэгдүүлж, нэг даргын үүдэнд олон цагаар суухгүй болгож өгч байгаа юм. Энэ нь маш сайн зүйл. Энэ хандлагыг бид УИХ-ын сонгуулиар парламентад оруулах ёстой. Үндсэндээ, өнөөдөр Монгол Улсын гурван хүн тутмын хоёр нь ядуу байна. Бид Авлигын индексээр сүүлийн таван жилд 15 байраар ухарчихлаа. Судалгаагаар манай улс ардчиллаас ухарч байгаа улс орнуудын тоонд орж байна. Иймээс 18-60 насныхан боломж байвал гадагшаа явъя гэдэг сонголт хийж байна. Хамгийн дээд хууль тогтоох байгууллага буюу парламент нь эдгээр асуудал дээр нэг чигт харж чадахгүй байна гэсэн үг.

-Яагаад нэг чигт харж чаддаггүй юм бэ?

-Тэнд анхнаасаа ядуурлыг бууруулах, реформыг хийх, авлагыг багасгах, нийгэмд  бүх хүнд хуулиар олгосон тэгш гараа өгөх боломжийг бий болгох зорилготой хүмүүс ороогүй. Нэг талын эрх ашиг буюу олигарх, монополь хүмүүсийг дэмжих, тэдний болон өөрсдийнхөө эрх ашгийг л хамгаалах хүмүүс орсон байна гэсэн үг. Таны түрүүний хэлдгээр намд олон жил болчихсон, эсвэл нэг газарт олон жил эрх мэдлийг барьчихсан хүмүүс. Гэтэл одоо анх удаагаа тэр хүмүүсийн хүүхдүүдийн ирээдүй энэ удаагийн сонгуулиар шийдэгдэнэ, “Нээрээ, би хүүхдүүдийнхээ ирээдүйг хааж байгаа юм байна шүү” гэдэг дохио болно. 2028, 2032 онд бол “Би үүнийг өөрчлөхгүй л юм бол өөрийнхөө үр хүүхдүүдийн амьдралыг гацаагаад дуусах юм байна” гэдэг шинэ уур амьсгал, шинэ хандлага өмнө нь байгаагүйгээрээ ирж, нийгмийн маш том шинэ давлагаа явна. Энэ нь өөрөө Монголд парламент цахимжих буюу ил тод, хүртээмжтэй байх, парламентад хяналтыг бий болгох, нөгөөтэйгүүр, бид өмнө нь дандаа өвөөгийнхөө, тэгээд аавынхаа асуудлуудыг л боддог байсан бол нэг харсан чинь одоо өөрийнхөө хүүхдүүдийн асуудлуудыг боомилдог, ач нарынхаа ирээдүйг зарж иддэг нийгэм болчихсон гэдгийг хүн болгон ойлгодог болчихсон. Тэгвэл одоо үүнийг өөрчлөх нь. УИХ-д суудалтай намуудын удирдлага энэ хандлагыг хараад залуучуудыг олноор оруулах юм бол бидний хэлээд байгаа нөгөө хүмүүсийг өөрчлөх, анх удаагаа хүүхдүүд, дүү нарынхаа төлөө өөрчлөлт хийх боломж гарч байгаа юм байна, энэ шинэ салхин дээр ач холбогдол өгч чадвал бид нийгэмдээ маш том өөрчлөлтийг бий болгож авчирна.

-Гэхдээ нөгөө талд нь сандал ширээ, эрх мэдлээсээ бүхий л чадлаараа зууралдаж байгаа бүхэл бүтэн цул болтлоо явчихсан бүлэг хүмүүсийн бөөгнөрөл байна шүү дээ.

-Энэ бүхнийг парламентад шинэ уур амьсгал, шинэ өнгө, шинэ дуу хоолой, инновац нэвтрүүлж байж л өөрчилж чадна. УИХ өөрөө насны болоод нийгмийн бүх төлөөллийн байгууллагын олонлог бүрдүүлж байж л энэ бүгдийг өөрчилнө. Хогийг дээрээс нь шүүрдэнэ гэдэг шиг УИХ-д шинэ залуу үе орж ирж байж олон жилийн туршлага гэхээсээ илүү хүчтэй үзэл бодолтой хүмүүс орж ирж байж өөрчилж чадна. Гэтэл өнөөдөр бид сугалаа сугалуулаад, дуучин аваад тойрч байгаа хүнийг л УИХ-д нэр дэвшиж байгаа юм байна гэж ойлгодог болчихсон. Үүнийг халж байж л нийгэмд өөрчлөлт явагдана. Үүнийг хэн хийж чадах вэ гэвэл маш олон залуу хүн үе тэнгийн хүнээ сонгож байж хийнэ. Сонгуулийн 2189 хэсгийн хороон дээр очиж саналаа өгөх сонгогчдын 60 хувийг нь анх удаагаа залуучууд эзэлж байгаа нь тэд сонголтоороо өөрчлөлт, шинэчлэлт хийх боломжтой. Энэ үе бидэнд ирлээ. Энэ дуу хоолойгоо бид намуудын удирдлагуудад хүргэж, “Залуучуудыг нэр дэвшүүлээч” гэж уриалан хандаж байгаа юм. Энэ нь таны түрүүний хэлээд байгаа маш олон жилээр бүхэл цул болтлоо эрх мэдлийг атгасан бөөгнөрөлийг задлахад бэлэн болж байгаа гэсэн үг.

Дуу хоолой, үзэл бодол л нийгэмд олон жил болчихсон ийм зүйлийг задалдаг. Түүнээс биш дарга “Задла” гээд задарчихгүй. Тэгэхээр ийм дуу хоолойтой залуусыг улс төрд, УИХ-д оруулъя. Олон жил дамжсан, төрийн өмчөөр, сандал ширээгээр амьдралаа болгодог, шинэ дуу хоолойтой шинэ хүн ирэхэд аль болох зайлуулдаг, хор найруулаад явуулдаг. Энэ нь УИХ-д ч байдаг. Үүнийг халахын тулд ерөөсөө л шинэ дуу хоолойтой залуу үеийг л оруулж ирэх.

Тэгэхгүй, манайхан ингэж байгаа юм, анхан шатны байгууллагууд нь дэмжих ёстой, тэндээ нэр хүндтэй байх ёстой гээд баахан архидалт зохион байгуулдаг. Улс төрийн ийм чимээгүй дайн олон жил явсан. Энэ нь маш олон залуу хүний зоригийг мохоосон. Анхан шатандаа хордчихсон байгаа зүйл рүү шинэ залуу үеийг оруулна гэвэл дээшээгээ гарч ирж чадахгүй л гэсэн үг. Тэгвэл залуучууд бид өөрсдийнхөө үзэл бодолдоо үнэнч байж өөрчлөлтийг дээрээс нь хийж, шүүрдэх хэрэгтэй. УИХ-аас гарч байгаа шийдвэрийг Монгол Улсын бүх иргэн биелүүлдэг. Тэнд байгаа гишүүдийн үзэл бодол нь, өөрсдийнх нь сайн дурын санаачлага хүчтэй байж чадвал нийгмийн бүх шатанд өөрчлөлтийн дуу хоолой болж чадна.

-Та технологи, инновац гэж хоёр зүйлийг чухалчлан ярьдаг юм билээ?

-Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 87.5 хувь нь ухаалаг гар утас хэрэглэж байна. Бага насны хүүхдүүд хүртэл гар утас хэрэглэдэг болчихлоо. Сүүлийн 30 жилийн турш үргэлжилж байсан технологийн энэ өөрчлөлт КОВИД-19 цар тахлын хөл хорионы үеэр буюу гуравхан жилийн дотор шийдэгдсэн. Үндсэндээ одоо бүх газар интернэтэд холбогдсон, бүгдээрээ гар утастай байна. Энэ нь ямар боломжийг олгож байна вэ гэвэл бид төрийн гаргаж буй бүх шийдвэрт оролцох боломжийг бүрдүүлж байна. Үүнийг одоо УИХ-д нэвтрүүлэх л ёстой. Өнөөдөр Засгийн газарт сайн зүйл байгаа. E Mongolia-г 1.7 сая хүн хэрэглэж байна. Энэ нь бий болсноороо маш олон иргэнд боломж олгосон. Тэгвэл Засгийн газар инновацлагдаад байна, технологижоод байна. УИХ үүнийг хийх л хэрэгтэй. Яагаад гэвэл, УИХ Засгийн газрыг томилдог. Өнөөдөр УИХ цахим шилжилтийг зарлаад D парламент гэдэг цахим системийг нээчихлээ. D өргөдөл системийг ашиглаж иргэд хууль санаачлах, хяналт шалгалтын түр хороо санаачлах, ажлын хэсэг санаачлах, мөн Ерөнхий сайдаас асуулт асуух, УИХ-аар хэлэлцэж байгаа бүх боловсруулж буй болон өргөн баригдсан хуулийн төслүүдэд саналаа өгөх боломжийг бий болгоод 2 жил болж байна. Яагаад ингэж байгаа юм бэ гэвэл Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1-т “Монгол Улсад Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт, ард түмэн тэрхүү эрхээ шууд болон төлөөллийн байгууллагаараа эдэлнэ” гээд заачихсан. Төлөөллөөрөө бид 76-г сонгочихосн. Шууд эдлэх боломжийг бид найман удаагийн сонгуулиар эдэлсэн болохоос өдөр тутамдаа хэрэглэж чаддаггүй. Тэгвэл D парламент цахим системээр дамжуулаад 18 нас хүрсэн бүх хүн өдөр тутам УИХ-ын үйл ажиллагаанд оролцох боломжтой болчихсон.

-D парламент цахим системийг иргэд хэр хэрэглэж байна вэ?

-Улсын Их хурал D парламент цахим системийг 2022 оны 04 сарын 05 нд нэвтрүүлснээс хойш 958 мянган иргэн хэрэглэж байна. Хамгийн гол иргэн хүн  хууль санаачлах онцгой эрхээ эдэлж D парламент цахим системийн  D-өргөдөл-р Нийгмийн даатгалын шимтгэлийг 50 хувь бууруулах, НӨАТ-ын хоёр хувийг таван хувь болгох, цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг нэмэгдүүлэх тухай гаргасан иргэдийн саналыг тус бүр 100 мянган иргэд дэмжээд байна. Мөн  Газрын тухай 2013 оны заалтыг өөрчилье гэдэг асуудлаар монголчууд цахимд нэгдээд хууль санаачлаад, хэлэлцэх шатандаа очсон ч УИХ одоог хүртэл хэлэлцээгүй. Анх удаагаа парламентад “Энэ асуудлуудыг шийдье” гээд 612 мянган иргэн эдгээр дөрвөн асуудлаар 100 мянгад хүргээд саналаа өгчихсөн. УИХ дээр 150 хоног гацаж байгаа юм. УИХ өөрөө байнгын ажиллагаатай буюу хэлэлцэх, энэ асуудлуудыг шийдэх газар. Гэтэл өнөөдөр 400 мянган иргэн дөрвөн асуудлаа дэмжээд нийтдээ 612 мянган иргэн энэ дөрвөн асуудлыг парламент шийдээдэх. Миний амьдралд нөлөөлөх юм гээд саналаа өгчихөөд байхад 150 хоног гацааж байгаа УИХ иргэн Дондог саналаа хэлбэл түүнийг хэзээ ч шийдэхгүй гэдэг нь харагдаж байна. Эндээс харахад, УИХ санаатайгаар иргэдийн саналыг боож байна. Энэ 612 мянган иргэний 85 хувьд 18-35 насныхан, 90 хувь нь 18-39 насныхан байгаа юм. Залуучууд улс төрд оролцдоггүй, хойрго гэдэг боловч технологиор залуучууд парламентад орох дуртай байна. Тиймээс бид парламентад шинэ өнгө аяс, технологи, инновац нэвтрүүлэхэд залуу үе хэрэгтэй юм байна гэдэг нь харагдаж байна. Одоо байгаа гишүүд инновац, технологи, 612 мянган иргэний саналыг гацааж чадаж байгаа хүмүүс. Дараагийн удаа сонгогдвол дахин гацаана. Залуу үе орж ирж байж л технологи, инновацын асуудлыг шийдэх юм байна.

-Парламент цахим байх нь хэр оновчтой вэ? 

-Хамгийн чухал Парламентын цахимжилт дүр эсгэсэн байж болохгүй. Олон улсын парламетын холбооны зөвлөмжинд Ерөөсөө парламет иргэдийн хүчтэй оролцоог дэмж, нээлтэй, оролцоотой, хамтын байх, цахимжилтыг бүрэн нэвтрүүлж хяналтыг бий болго, хамгийн гол нь хариуцлагыг өөрсдөөсөө эхэл гэж байна. Төлөөллийн дээд байгуулага өөрөө ил тод нээлттэй байх үүрэгтэй. Парламентад цахим систем нэвтэрчихвэл бидний хэлээд байгаа залуучууд хойрго, улс төр сонирхдоггүй, худлаа утасны цаанаас шүүмжилдэг гэдэг боловч технологиор орох боломжийг нээчихвэл бэлэн байгаа юм гэдгийг харж байна. Уг нь хуульчлаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 3.1-т зааснаар төрийн үйл хэрэгт шууд оролцох боломжийг эдлүүлчихэж байгаа юм. Иргэндээ ингэж эрхийг нь эдлүүлж, саналыг нь авчихангуутаа дараа нь хэлэлцэхгүй удаагаад байна. Хэлэлцэхгүй удаах нь хоёр муу талтай. Нэгдүгээрт, парламентын шинэчлэлийг зогсоох. Хоёрдугаарт, УИХ-д анх удаа саналаа өгч байгаа, “Нээрээ би өөрчлөлтийг хийж болох юм байна”, “Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй”, “Цахим боломж бий болгожээ” гээд саналаа өгсөн иргэдийн саналыг гацааж байгаа нь энэ иргэд дахин улс төр сонирхохгүй байх, УИХ-ыг сонирхохгүй байх сэдлийг өгч эхэлж байгаа байхгүй юу. Одоо цахимаар 612 мянган иргэн УИХ-д саналаа өгчихсөн байгаа юм. Хуулийнхаа дагуу. Үүнийг хэлэлцэхгүйгээр сонгууль руу орно гэдэг чинь энэ 612 хүний 50 хувь нь саналаа өгөхгүй байх магадлалыг өсгөж байгаа юм.

-Яагаад саналаа өгөхгүй гэж?

-“Өө, та нар худал юм билээ шүү дээ”, “Өөрсдөө авна, авна гэчихээд саналаа өгөхөөр хэлэлцдэггүй юм билээ” гэдэг хандлага, ойлголттой болно. Нөгөөтэйгүүр, энэ 612 мянган хүн саналаа дөрвөн сарын өмнө өгчихсөн. УИХ дээр дөрвөн сар гацаж байгаа юм. Тэгвэл энэ 612 мянган иргэн одоо УИХ-д сонгогдох 20 гишүүнийг сонгох хүчтэй гэсэн үг. Тэгэхлээр энэ удаагийн сонгуулиар Улаанбаатар хотоос 24 УИХ-ын гишүүн сонгогдоно. Гэтэл энэ 24 гишүүний 20-ийг нь сонгох 18-аас дээш насны залуучуудын саналыг шийдэхгүй байна гэдэг УИХ инновацыг, дээр нь залуучуудын үзэл бодлыг боомилж байна гэсэн үг. Хэрэв дээрх дөрвөн асуудлыг хэлэлцэж үзээд, Засгийн газарт шийдэх боломжтой эсэхийг судлах чиглэл өгөөд, шийдвэрээ гаргасан бол иргэд “Аан, бид оролцох ёстой юм байна. УИХ-аар авч хэлэлцдэг юм байна” гэсэн сэдлийг төрүүлэх байсан. Угаасаа УИХ иргэдийн төлөөллийн байгууллага.

Гэтэл өнөөдөр юу харагдаж байна вэ гэвэл УИХ иргэдийг төлөөлөх чадамжгүй болчихсон юм байна. Залуучуудын дуу хоолойг боомилж байгаа юм байна. Нөгөөтэйгүүр, УИХ-д залуучуудын дуу хоолой орж ирэхээс айж байгаа юм байна. Яагаад гэвэл, эдгээр асуудлыг хэлэлцээд, болно, болохгүй гээд шийдвэр гаргачих л юм бол дахиад энэ 612 мянган иргэн чинь “Ямар ч байсан хэлэлцдэг юм. Бид саналаа өгөөд л байх ёстой юм байна” гээд 1.2 сая болж өсөх гээд байгаа байхгүй юу.

-Бодит байдлыг харж мэдэрсэн учраас л та өөрчлөлт шинэчлэлт хийе гэж бодож зорьжээ. УИХ-д нэрээ дэвшүүлнэ байх?             

 -Энэ удаагийн парламент 126 гишүүнтэй. Сонгогчдын 51 хувийг залуучууд бүрдүүлж байгаа. Өмнө нь хэзээ ч ийм боломж байгаагүй. Тэр утгаараа залуучууд бид 2020, 2021 онд КОВИД-19 цар тахлын хөл хорионы үед “Нүүрсний хулгай” гэх мэтээр 21 аймгаас төлөөлөл ирж, талбай дүүргэн жагслаа. Тодорхой үр дүн гарсан. Нөгөөтэйгүүр, үр дүн гараагүй. Хэргийг шийдээд байгаа юм шиг боловч бас пи ар чиглэлээр ашиглаж байгаа нь харагдаж байна. Парламентын засаглалтай орны давуу тал нь сонгууль байна. Удахгүй болох гэж байна. Энэ сонгуульд залуучууд олноороо нэрээ дэвшүүлээч. Үндсэн хуулиар Монгол Улсын 25 нас хүрсэн, ял шийтгэлгүй Монгол Улсын иргэн УИХ-ын гишүүн болж болно гэж байгаа. Тэгвэл залуучууд бид улс төрийн намуудыг нийгмийн шударга бус байдал, баялгийн тэгш биш хуваарилалт, авилгын асуудлыг шийдэхийн тулд, та нар 2024 оны УИХ-ын сонгуульд залуучуудыг оролцуулан нэр дэвшүүлээч гэдэг санаачилгыг миний хувьд МАН, АН, ХҮН, бусад намуудад хандаж гаргасан. Яагаад гэвэл, бид үнэхээр л нийгмээ өөрчилье гэж байгаа бол энэ сонгуульд нэр дэвшүүлж байгаа хандлагаараа харуулах хэрэгтэй. Бодит үнэнгээ. Яах вэ, сонгуульд ялалт байгуулах эсэхийг ард түмэн шийднэ. Зүгээр л нэр дэвших боломжийг олгооч. Эрх мэдэл нь намын удирдлагуудад байгаа. Миний бие ингэж уриалга гаргасан юм. Энэ хүрээндээ би 25-35 насны залуучуудаа уриалаад, 18-аас дээш насны залуучуудаа сонгуульд идэвхтэй оролц, 25-35 насны залуучуудаа өөрсдөө нэр дэвшиж оролц, та сайн сонгогч байж чадахгүй бол нэр дэвшүүл л дээ. Танд Үндсэн хуулиар олгогдсон эрх нь байгаа.

-Нэр дэвшүүлэх хүсэлтээ албан ёсоор өгсөн үү?

-Би МАН-ын Удирдах зөвлөлд нэрээ дэвшүүлэх хүсэлт өгсөн байгаа. Минийн хувьд 1990 оны төлөөлөл, Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга бол 1980 оных. Надаас 10 насаар ах. Энэ хүмүүсийн хийж байгаа шинэчлэл нь миний хийхийг хүсэж байгаа, ирээдүйд байх нийгмийг авчрах зорилтууд, үзэл бодолд маань нийлж байгаа учраас би энэ намыг сонгоод, Ерөнхий сайдын өөрчлөлт, шинэчлэлтэд дуу хоолой болж байя, энэ утгаараа сүүлийн 34 жилийн хугацаанд төрсөн 2.4 сая хүүхэд, залуучуудынхаа манлайд нь байгаад ямар ч байсан 2024 оны УИХ-ын сонгуульд буюу шийдвэр гаргах түвшинд би оролцох ёстой юм байна гэж бодсон. Надад оролцох үзэл баримтлал, өөрийн гэсэн үнэт санаа байна. Мөн ажлын туршлага байгаа учраас би нэр дэвшмээр байна гэдэг хүсэлт гаргаж байгаа юм. 

-Энэ жил томсгосон тойргоор маш олон хүн нэр дэвшиж байгаа. Иргэд сонгогчдын зүгээс бол бараг танилцаж амжихгүй, үзэж хараагүй хүмүүсээс хэнийг сонгох юм бэ гэдэг асуудлыг хөндөж байгаа. Тийм учраас эхлээд нэр дэвшигчтэйгээ сайн танилцах хэрэгтэй болно байх?

-УИХ-ын сонгуулийн бүсчилсэн тойрог болоод хувь тэнцүүлсэн тогтолцоог би дэмжиж байгаа. Яагаад гэвэл зөвхөн энэ удаагаар харж болохгүй. Парламентын засаглалыг бид нэгэнт сонгосон шүү дээ. Төлөөллийн ардчиллыг бэхжүүлье гэвэл угаасаа ингэж явах ёстой юм. Нэг асуудал нь анхнаасаа тойрог том болсон өдрөөс эхлээд улс төрийн намууд ерөөсөө залуучууд боломжгүй гэдэг пи ар явуулж эхэлсэн. Нөгөөтэйгүүр, бид энэ 30 жилийн ядуурлын тойргоосоо гарч чадахгүй байгаа сэтгэлгээ нь залуучууд нь өөрсдөө “Нээрээ, бид боломжгүй байна” гэж бодож эхэлсэнд байна. Сонгууль гэдэг чинь ерөөсөө тоо бодох шүү дээ. Бүх боломж одоо залуучуудын талд байна. Тоо 51 хувь гэж зааж байна. Нийгмийн уур амьсгал өөрчлөлт шинэчлэлтийг хүсч байгаа. Энэ удаагийн сонгуулиар залуучуудыг хоёр аргаар дэмжиж болж байгаа юм. Дэмжих буюу угаасаа УИХ-д залуучууд орж ирье гэвэл улс төрийн намууд боломж нээж өгөх ёстой. Залуу хүн энэ удаагийн УИХ-ын бие даан нэр дэвшиж ялалт байгуулна гэвэл ямар ч боломжгүй. Бүр олонд танигдсан хүн ч байсан энэ удаагийн сонгуулиар бие дааж гарахад маш хэцүү. Тэр утгаараа, улс төрийн намууд залуучуудыг жагсаалтаар оруулж ирэн дэмжиж болно. Хоёрдугаарт, нөгөө бидний яриад байдаг олон жил УИХ-д суучихсан, дархлагдсан, олон нийтийн дэмжлэг авсан хүмүүс тойрогт нэр дэвшихдээ залуучуудаа тойглоод нэр дэвшүүлж болж байгаа юм. Яагаад гэвэл, энэ удаагийн парламентад улс төрийн намууд багш, эмч, эмэгтэйчүүд, тусгай хэрэгцээт хүмүүсийн төлөөллийг оруулна гээд зарлаж байна. Тэгвэл яагаад сонгогчдын 51 хувийг бүрдүүлж байгаа залуучуудын төлөөлөл гэж ерөөсөө ярихгүй байгаа юм бэ. Биднийг ерөөсөө нийгмийн нэг эд эс гэж бодохгүй, сонгуулийн ирц бүрдүүлдэг л гэж хараад байна. Үгүй. Тийм биш болчихсон. Сонгогчдын 50+1 хувь нь залуучууд байна. Нөгөө 49 хувь нь хэн юм бэ гэж. Бидний аав ээж байхгүй юу. Сүүлийн жил гаруйн хугацаанд бид багаараа долоон аймаг, 58 суманд ажиллалаа. 20 мянга гаруй иргэд, хүүхэд залуучуудтай уулзсан. Шинэ хүнийг хүсэж байна. Өөрчлөлтийг хүсэж байгаа юм. Одоо “Та нарын үе нээрээ болчихсон шүү” л гэж байна лээ. Бидний үе ямар үеийнхэн бэ гэвэл сонгуулийн 49 хувийг бүрдүүлж байгаа хүмүүсийн хүүхдүүд байхгүй юу. Эсвэл ач зээ нь. Тиймээс бид гэр бүлээрээ анх удаагаа сонгуулийн эрийн цээнд хүрлээ, өөрчлөлт хийх боломж байгаа гэдгийг харах хэрэгтэй. Анх удаагаа бид өөрсдийнхөө төлөө нэгдэж чадах юм бол, улс төрийн намууд залуучуудаа нэр дэвшүүлэх юм бол ялах боломж байна.

-Өмнө нь ийм боломж байгаагүй юм уу?

-Өнгөрсөн 34 жил юу болж ирсэн бэ гэвэл судалгаа авдаг. Нийгэм, эдийн засгийн талаар ч юм уу. Иргэд хүмүүс юу гэдэг вэ гэвэл “Шинэ хүнийг хүсэж байна” л гэдэг. Улс төрийн намууд нэр дэвшүүлэхдээ хорин жил дарга хийсэн хүнийг “Энэ нөгөө шинэ хүн шүү” гээд л тулгачихдаг. Одоо жинхэнэ утгаараа шинэ хүн гэдэг нь 49 хувийг бүрдүүлэх хүмүүсийн ачийг, дүүг нээрээ энэ шинэ хүн юм байна гэдэг сонголтыг бодитоор хийж чадах л юм бол залуучууд ялах боломж маш өндөр хувьтай байна гэж би харж байгаа юм.

-Найман хүүтэй айл хүчтэй. Таны ах нар улс төрд хэр нэр нөлөөтэй вэ. Аав ээж гээд гэр бүлээ танилцуулж болох уу?

-Манайх малчин удамтай айл. Их олон малтай. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул. Манайхан Уртын гол хавиар нутагладаг. Аав маань адуучин Б.Бор гээд их өндөр настай хүн байсан. Аав маань 1931 онд төрсөн хүн л дээ. Би хэнз хүүхэд. Ээжийг маань Д.Должин гэдэг. Шинэ үсгийн багш хийж байсан. Одоо тэтгэвэртээ гарсан. Мал дээрээ байгаа. Их сайхан хүн бий. Би бол ээжийн хүү. Одоо эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдарч байна. Эхнэр маань шүдний их эмч. Нагац эгч, Ардын багш, олон түмэнд “Цагаан толгой”-н гэж алдаршсан Г.Лхаахүүгийнхээ нөлөөгөөр номд дуртай хүн болсон доо. Маш их уншихыг хичээдэг. Гэрийн номын сан маань 1000 гаруй номтой. Багадаа уран зохиол, залуудаа хувь хүний хөгжил, одоо ихэвчлэн улс төр, улс орны хөгжлийн ялгаа, онцлог, геополитик, эдийн засгийн чиглэлийн ном уншиж байна. Манай гэр бүлд төрийн өмчийн ямар нэгэн дарга юм уу уул уурхай эрхэлдэг хүн байхгүй. Зарим нь малаа хариулаад, зарим нь төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс. Би яагаад улс төрийн амьдралд идэвхтэй оролцоод байгаа юм бэ гэвэл сүүлийн 10 гаруй жил УИХ, Засгийн газар, Олон улсын байгууллага, Үйлдвэрчний эвлэлд ажилласан туршлагатай.

Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл ерөөсөө бидний амьдарч буй энэ нийгэмд өөрчлөлт шинэчлэлтийг хийхдээ залуучуудаа дэмжиж байж хийх юм байна, эсвэл өөрсдөө хүсэж байгаа нийгмээ бий болгох гэдэг хоёр л сонголт бий. Тэр утгаараа, би Үндсэн хуульд олгогдсон эрхээрээ нийгмийн энэ өөрчлөлтөд өөрөө идэвхтэй оролцъё гэж байгаа юм. Өмнө нь ажлын арын албанд байлаа. Гэтэл хийж байсан ажлуудын маань маш олон санал санаачилга гацаж, санаанд хүрсэнгүй. Одоо үүнийг өөрийн гараар хийе гэж зорьж байгаа юм.

-Та хэр хариуцлагатай хүн бэ?

-Хариуцлагатай. Миний УИХ-д орох гээд байгаа хамгийн гол зорилго ч энэ. Парламентад инновац, шинэ хандлагыг нэвтрүүлж, цахим өөрчлөлтийг хийнэ. Ингэснээр гишүүдийн ирц, хэн ямар хууль санаалчилсан юм бэ, хуралдаа хэр идэвхтэй оролцдог юм бэ, хөрөнгө орлогын мэдүүлэг нь юу болж байна вэ гээд УИХ нээлттэй болно гэсэн үг. Цахимаар ингэж ил болсноор маш олон иргэн заавал сонгуулийн үеэр бус жилийн 365 хоногт УИХ-д санал бодлоо хэлдэг болно. Тэр асуудлууд нь яагаад шийдэгдэхгүй удаад, гацаад байгааг мэдэж эхэлнэ. Энэ зүйлийг өнөөдөр бий болгож байгаа. Хоёрдугаарт, төлөөллийн байгууллага гэдгийг жинхэнэ утгаар нь бий болгоё. Иргэдийн мэдэх эрхийг хангах, Тэр дундаа залуучуудын төлөөллийг оруулж ирээд иргэдийнхээ санаа бодлыг оруулах төлөөллийн үүргээ гүйцэтгэе. Гуравдугаарт, УИХ-д хяналтыг бий болгоно. Хяналт нь ил тод байдал, цахимаар л бий болно. Нээлттэй байж хяналт яригдана. УИХ-д хөгжлийн бодлого ярьдаг, тооцоо судалгаа хийж, хүчтэй мэтгэлцээн өрнөдөг соёл орж ирнэ. Өнөөдрийн манай УИХ-д хяналт, мэтгэлцээн, хариуцлага гэдэг зүйл ерөөсөө байхгүй байна. Ардчиллын бүхий үйл явцад залуучуудын оролцоо чухал байдаг. Залуучууд бол Ардчиллын ирээдүй. Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд монголын олон залуучууд шийдвэр гаргах түвшинд орж ирэх цаг болсон. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top