Турк улс Израилтай хийх худалдаагаа бүрэн зогсоолоо

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 03

Турк улс Израилтай бүх худалдааны харилцаагаа пүрэв гарагаас /2024.05.02/ эхлэн зогсоосон тухай Блүмберг агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ Анкара энэ шийдвэрийнхээ тухай албан ёсоор мэдэгдээгүй байна.

Статистик мэдээллээс үзвэл, 2023 онд хоёр улсын худалдааны нийт эргэлт 6.8 тэрбум ам.долларт хүрснээс 76 хувийг нь Туркийн экспорт эзэлж байжээ.

Израилын Гадаад хэргийн сайд Исраэл Кац Х сүлжээнд “Анкарагийн шийдвэр нь Туркийн ард түмэн, бизнесийн эрх ашгийг уландаа гишгэж, олон улсын худалдааны хэлэлцээртэй харшилж байна” гэж бичжээ. Израил Туркийг орлох нийлүүлэгчдийг олж, эх орны үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ гэж Кац мэдэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Израилтай худалдааны харилцаагаа царцаасан тухай мэдэгдэж байв. Тэрбээр Израилын эрх баригчдыг Газын зурвасын 45 мянган хүний амийг хөнөөж, 75 мянган палестин иргэнийг шархдуулсанд буруутгасан юм. Өнгөрсөн сарын эхээр Туркийн Худалдааны яам Газын зурваст гал бүрэн зогсоох, палестинчуудад хүмүүнлэгийн тусламж тасралтгүй нийлүүлэх боломж бүрдэх хүртэл Израилд аж үйлдвэрийн 54 төрлийн бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлэхийг хориглосон билээ. Хар жагсаалтад ган болон хуванцар хоолой, хөнгөн цагаан утас, моторын масло, цемент, бордоо зэрэг оржээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
E(202.9.40.69) 2024 оны 05 сарын 04

M martiin Nymdavaa gajig uvchtei

0  |  0
Zochin(202.126.89.155) 2024 оны 05 сарын 04

Evii gem zemgui mash olon myangan палестин хүүхэд хөгшид эмэгтэйчүүдийн амь насыг хөнөөх нь буруу .Хөөрхий энгийн ард иргэдийг ингэж хөнөөж байгаа нь дэлхийн маш олон улсын дургүйцлийг хүргэж байгаа шүү дээ .

1  |  0
Top