Ази, Номхон далайн орнуудын 60-аас дээш насны иргэдийн 40% нь аль ч төрлийн тэтгэвэр авах боломжгүй байдаг

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 05 сарын 03

Хөгжиж буй Ази, Номхон далайн бүс нутаг өндөр настай иргэдээ эрүүл, жаргалтай амьдруулахад бэлэн биш байна гэж АХБ үзэж буй юм. Тодруулбал, тус бүс нутагт аж төрж буй илүү олон өндөр настай иргэд эрүүл мэндийн асуудалтай, нийгмээс тусгаарлагдмал болж буйн зэрэгцээ тэтгэвэр тэтгэмж бага, нэн шаардлагатай үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал зэрэг сорилтуудтай тулгарч байгаа аж. 

Хүн амын дундаж наслалт урт байх нь тухайн бүс нутгийн хөгжлийн амжилтыг илтгэдэг хэдий ч ахмад настнуудын нийгмийн хамгааллыг дэмжих иж бүрэн бодлогын шинэчлэл яаралтай хийх шаардлагатай байгааг АХБ-ны "Ази тивд өндөр наслах нь: Азийн хөгжлийн бодлогын тайлан"-д  дурджээ. Тус тайланг АХБ-ны 57 дахь удаагийн жилийн хурлаар өчигдөр танилцуулсан байна.

Хөгжиж буй Ази, Номхон далайн орнуудад амьдарч буй 60 ба түүнээс дээш насны иргэдийн тоо 2050 он гэхэд бараг хоёр дахин нэмэгдэж, 1.2 тэрбумд хүрэх буюу нийт хүн амын дөрөвний нэг хувийг эзлэх төлөвтэй байгаа нь тэтгэвэр тэтгэмж, халамжийн хөтөлбөр, эрүүл мэндийн үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхээр байна. Нөгөө талаараа, улс орнууд ахмад настнуудын хөдөлмөрөөс нэмэлт бүтээмж хэлбэрээр “мөнгөлөг буурал ногдол ашиг” авах боломж бий бөгөөд энэ нь бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг дунджаар 0.9%-иар нэмэгдүүлэх боломжтой юм.

“Ази, Номхон далайн бүс нутгийн хурдацтай хөгжил нь амжилтын түүх боловч хүн ам зүйн асар их өөрчлөлтийг өдөөж, нэг төрлийн дарамт учруулж эхлээд байна” хэмээн АХБ-ны Ерөнхий эдийн засагч Алберт Парк хэлээд “Ази, Номхон далайд аж төрж буй хэдэн зуун сая хүмүүст аз жаргалтай өтлөх боломжийг нь олгохын тулд улс орны Засгийн газрууд одооноос бэлдэх хэрэгтэй. Эрүүл мэнд, боловсрол, ур чадвар, тэтгэвэрт гарах санхүүгийн бэлэн байдалд насан туршийн хөрөнгө оруулалт хийхийг төрөөс бодлогоор дэмжих шаардлагатай. Ахмад настнуудыг эрүүл саруул, үр бүтээлтэй байлгаж, тэдний нийгэмд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд гэр бүл, нийгмийн харилцаа чухал ач холбогдолтой” хэмээн онцлон тэмдэглэв.

Тус тайланд дурдсанаар, Ази, Номхон далайн орнуудын 60-аас дээш насны иргэдийн 40% нь ямар ч төрлийн тэтгэвэр авах боломжгүй байдаг ба үүнд эмэгтэйчүүд цалингүй гэрийн ажил хийх магадлал өндөр байдгаас харьцангуй ихээр өртөж байна. Иймээс тус бүс нутгийн олон ахмад настнууд амьдрахын эрхээр тэтгэврийн насанд хүрснээсээ хойш ч удаан хугацаанд ажил хийсээр байна. 65 ба түүнээс дээш насны ажил эрхэлдэг хүмүүсийн 94% нь ажлын байрны баталгаагүй, тэтгэвэр тэтгэмж олгодоггүй албан бус салбарт ажилладаг.

Иргэд нас ахих тусмаа бие махбодийн болон сэтгэцийн эрүүл мэндийн сорилтуудтай тулгардаг. Ази, Номхон далайн орнуудын ахмад настнуудын 60 орчим хувь нь эрүүл мэндийн тогтмол үзлэгт хамрагддаггүй бол 31 хувьд нь өвчин эмгэг, нийгмээс тусгаарлагдах, санхүүгийн баталгаагүй байдлаас шалтгаалсан сэтгэл гутралын шинж тэмдэг илэрдэг. Бүс нутагт амьдарч буй өндөр настай эмэгтэйчүүд өндөр настай эрэгтэйчүүдээс илүү сэтгэл гутрал, чихрийн шижин, цусны даралт ихсэх зэрэг өвчнөөр өвчлөх магадлалтай байдаг.

Уг тайланд эрүүл саруул, эдийн засгийн баталгаатай хөгшрөлтийг дэмжих өргөн хүрээний бодлогын арга хэмжээг зөвлөсөн байна. Эдгээрийн дотор засгийн газрын тусламжтай эрүүл мэндийн даатгал болон тэтгэврийн төлөвлөгөө, эрүүл мэндийн дэд бүтцийг сайжруулах асуудал, жил бүрийн үнэ төлбөргүй үзлэг болон амьдралын хэв маягийн үнэлгээ зэрэг багтжээ. Бодлого боловсруулагчид бүх нийтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах зорилт тавьж, харин албан бус салбарт хөдөлмөр эрхэлж буй ахмад настай иргэдэд ажлын байрны баталгаа олгох хэрэгтэйг тус тайланд дурджээ.

Албан журмын дагуу тэтгэвэрт гарах насыг уян хатан болгож, ахмад настнуудыг эрүүл саруул байхад нь дэм болж, тэдэнд насан туршдаа сурч боловсрох, ур чадвараа хөгжүүлэх боломжийг олгон, тохирсон ажлын байраар хангаснаар бүс нутгийн улс орнууд өндөр настнуудад илүү урт хугацаанд бүтээмжтэй байхад нь тусалж чадна гэдгийг онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top