Дэлхийн улс орнуудын эрчим хүчний хэрэгцээг даган цөмийн эрчим хүчний хэрэглээ улам нэмэгдсээр буй энэ үед ураны салбарын номер нэг тоглогч Казахстаны төдийгөөс өдийг хүртэлх замнал хийгээд одоогийн эрмэлзэл, амбицын талаар Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судлаачид авч үзсэн байна.
Дэлхий даяар уран олборлолт сүүлийн 10 жил буюу 2013-2022 оны хооронд 553,187 тоннд хүрчээ. Үүн дотор Төв Азийн пост-коммунист орон болох Казахстан уран олборлолтоороо олон улсад тэргүүлж байгаа нь бусад ижил төстэй улс төр, нийгэм, эдийн засгийн орчинтой орнуудад уул уурхайн салбараа ашиглан эдийн засгаа эрчимтэй хөгжүүлж болохыг харуулсан юм.
Казахстан нь өдгөө дэлхийд хоёрдугаарт орох ураны 700 гаруй мянган тонн батлагдсан нөөцтэй ба дэлхийн нийт нөөцийн 14 орчим хувийг бүдүүлдэг. 2009 онд Казахстан улс ураны үйлдвэрлэлээрээ дэлхийд нэгдүгээрт жагсаж өнөөдрийг хүртэл дэлхийн зах зээл дээр тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байна.
Тус улс 2023 оны байдлаар дэлхийн нийт ураны үйлдвэрлэлийн 40 орчим хувийг үйлдвэрлэсэн нь ураны салбарт бусад өрсөлдөгчөөсөө хол илүү болохыг нотолно. Өдгөө Казахстанд уран олборлолтыг байгаль орчинд ээлтэй, хямд өртөгтэй арга гэгдэх гүний цооног ухах аргаар явуулдаг. Олборлолтын явцад Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагтай нягт хамтран ажиллаж, олон улсын хөрөнгө оруулалт, технологийг татах, аюулгүй олборлолтын стандартыг хэрэгжүүлдэг гэдгээрээ сайн туршлагатай улсад нэрлэгдэж байна.
Үүх түүхийг нь авч үзвэл, Казахстаны ураны салбар 1950 оноос хойш ураны олборлолтоос эхлээд цөмийн зэвсгийн туршилтын талбар болж, дэлхийн номер нэг олборлогч болсон гэх мэт уналт, өсөлтөөр дүүрэн адармаатай түүхтэй. 1991 онд ЗХУ задарч нүд ирмэх зуур дэлхийн 4 дэх хамгийн том цөмийн зэвсэгтэй улс болсон Казахстаны эрх баригчид тэр даруй зэвсгээсээ татгалзсанаар алсдаа олон улстай цөмийн аюулгүй байдлаа хангаж, ураны олборлолтоо хөгжүүлэх сууриа бат цутгажээ.
Тодруулбал, Казахстаны хувьд цөмийн зэвсгээсээ ангижирч, холбогдох олон улсын гэрээ конвенцүүдэд нэгдэж чадсанаар ураны үйлдвэрлэлд олон улстай хамтран ажиллах үүд хаалга нээгдсэн байна. Тусгаар тогтнолын дараахан ураны салбар Казахстаны Цөмийн энерги, аж үйлдвэрийн корпорацын мэдэлд шилжүүлсэн бол төд удалгүй 1997 онд олон улсын жишгийг дагаж төрийн өмчит ураны асуудал эрхэлсэн арилжааны аж ахуйн нэгж болох Казатомпромыг байгуулах замаар ураны салбараа шинэчлэв. Казатомпром үүсгэн байгуулагдсан цагаас хойш Казахстан улс ураны салбартаа олон талт хөрөнгө оруулалтыг татахад анхаарч эхэлжээ.
Казахстаны эрх баригчид Казатомпромыг байгуулан ураны салбарт Япон, БНХАУ, Канад, Францын хөрөнгө оруулалтыг ихээр татах замаар их гүрнүүдийн тэнцвэрийн хангаж, 1998-2009 онд олон талт оролцоо, хөрөнгө оруулалт, технологи оруулж ирэх бодлогыг хэрэгжүүлсэн.
Гэхдээ тус стратеги их гүрнүүдийн нөлөө, тэмцлээс ангид байж чадсангүй. ОХУ-ын Росатомын зүгээс Казахстаны хүчний тэнцвэрийг хадгалах оролдлогод хариу барьж 2009 онд Казатомпромын удирдлагын багийг тоглоомоос гаргах замаар бусад улс төр, бизнесийн элитүүдэд сануулга өгсөн гэх баримтууд байна. Үүний дараа Росатом 2010 оноос хойш Казахстанд хөрөнгө оруулсан Канад компанийг бага багаар залгих замаар нөлөөллөө томруулсан байна.
Харин Астанагийн зүгээс цөөхөн худалдан авагчтай ураны салбарт нэг их гүрний нөлөө хэт өндөр байх нь алсдаа эдийн засгийн хориг арга хэмжээгээр дүүрэн геополитикийн эрсдэлийг дагуулна гэдгийг бодлогодоо тунхагласан бололтой. Энэ нь Казахстаны эрх баригчид ураны салбартаа бүрэн реформ хийхийг сонгосноос харагдана. 2017 оны хууль эрх зүйн шинэчлэл, 2018 оны Казатомпромын хувьцааг Лондоны хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалж нээлттэй компани болгосон зэрэг бодлогын сонголтууд уг дүгнэлтийг дэмжиж байна.
Астана ураны зах зээлд дэлхийн тэргүүлэгчийн байр сууриа хадгалахын тулд цаашид Төв Азийн бүс нутгийн аюулгүй байдал тэр дундаа цөмийн аюулгүй байдлын асуудал дээр тэргүүлэгч байхыг эрмэлзэх болно. Казахстан Төв Азийн цөмийн зэвсгээс ангид бүсийн хэлэлцээрийг хөрш орнуудтай хамтран байгуулах замаар бүс нутагт цацрагт идэвхт бодисын хууль бус олборлолт, наймаа, баяжуулалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж буй байдал нь гагцхүү хүчний тэнцвэрийг хадгалах амбицаар тайлбарлагдаж байна гэж Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судалгаанд дурджээ.
Сэтгэгдэл ( 4 )
КАЗАКУУД ХАРЧИН ХОРЧИН
Зөв зөв
Казахууд өөрсдийн харьяат оросуудыгаа маш идэвхтэй хянаж байгаа
Tend baigaa orosuud l uranii menejmentiig hiij bgaa.