Монголд цөмийн хаягдал булшилж 10 тэрбум ам.долларын ашиг олно гэнэ ээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 25


 

Монголын төр, засгийн томоохон цар хүрээтэй, бас аймшигтай алхмуудын тухай мэдээллүүдийг бид гадаадын хэвлэлүүдээс л олж мэддэг боллоо. Тухайлбал цөмийн хаягдлыг Монголд авчирч булах гэж байгааг Япон, Америк, Хятадын сэтгүүлчдээс анх сонссон. Манай дарга нар Японы “Майничи” сонины сэтгүүлчийг ихээхэн буруутгаж байлаа. Тэгвэл саяхан Оросын “Известия” сонин “Монголд цөмийн хаягдал булшлах гэрээний төслийг Монгол улстай үндсэндээ тохиолцсон” гэжээ. Оросууд аль эртнээс манайхыг цөмийн хаягдлын бааз болгохоор хөөцөлдөж байсан гэдэг. Энэ талаар 2005 онд судлаач Д.Ганхуяг олж мэдээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд бичгээр мэдэгдсэн ч тухайн үеийн дарга нар огт тоолгүй орхисон байв. Тоохгүй ч юу байхав дээ, ийм нууцаа эрт зарлахаас болгоомжилж байсан болов уу. Гэтэл саяхан бас Хятадын хэвлэлүүд энэ талаар бичиж эхэллээ. Бүр үнэ ханшийг нь ч зарлаж байна. Хятадын нэгэн хэвлэлд “Монгол улс гадаадын цөмийн хаягдлыг нутагтаа хадгалаад 10 тэрбум доллар авахыг хүсч байна” гэжээ. Чухам ямархуу хэмжээний цөмийн хаягдал булаад ийм их мөнгө авах талаар харин хэлсэнгүй. Ер нь нэг килограмм цөмийн хаягдал хадгалахад 500 ам. долларын өртөг төлдөг гэсэн дэлхийн жижиг байдаг бололтой. Өнөөдөр цөмийн хаягдлаа хаях газаргүйгээс баахан хуримтлал бий болгочихсон улс орон зөндөө олон болжээ. Тайвань гэхэд л 10-20 мянган тонн цөмийн хаягдалтай гэнэ. Тиймээс 2005 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа Оросуудын санаачлагаар Тайвань руу өөрийн бие төлөөгчийг явуулан цөмийн хаягдлыг нь эх орондоо авчирч булах тухай асуудлыг судлуулж байсан биз. Зарим эх сурвалжууд түүнийг аль хэдийнээ нууцаар авчраад говийн аймгуудад булчихсан байж магадгүй гээд байгаа. Өмнөх сонгуулиудад Н.Энхбаяр мөнгөөр бороо оруулж байсан нь үүнтэй холбоотой байж болзошгүй гэсэн хардлага бий.

            Ямартай ч одоо Монгол маань гадаад улс орнуудад багтаж шингэхээ больсон тэр их цөмийн хог хаягдлын агуулах, хогийн цэг нь болж хувирах ажээ. Монголд олборлосон ураныг цөмийн эрчим хүч үйлдвэрлэдэг орнуудад гаргаад, хаягдлыг нь буцааж авчран булшлах цогц үйлчилгээний талаар Монгол, Америк, Япон улсын гурвалсан гэрээ хэлцлүүд хийгдэж байна. Энэ тухай Японы “Киодо цүшин” сонин дахин мэдээллээ. Гурван улсын гэрээний зарим зүйлийг тус сонин нийтэд зарласан байна. Үүнд:

-Цаг агаарын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдал, хэрэгцээний өсөлт их байгаа тул дэлхий даяар цөмийн эрчим хүч хэрэглэхийг дэмжих.

-Цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх гэрээг дахин хянасан 2010 оны хуралдаанаас цөмийн түлшний асуудалд олон талаас хандаж, хөгжүүлэх хэрэгцээ байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн явдлыг анхаарах.

-Ашигтай ажиллах цогц үйлчилгээг хөгжүүлэхийн тулд хурал зөвлөлгөөн хийж, харилцан үйл ажиллагаагаа зохицуулах.

-Монголд цөмийн хаягдал хадгалах агуулах барихын тулд хэрэгцээтэй техник технологийн туслалцааг Олон улсын эрчим хүчний агентлагаас авах.

-Цогц үйлчилгээг эсэргүүцэн гарч болох нийгэм, олон нийтийн санал бодлыг тооцоолох.

-Цөмийн эрчим хүчний эрсдэлээс хамгаалах олон улсын байгууллага байгуулан цогц үйлчилгээнд элсэх магадлалтай орнуудыг нэгдэхийг уриалах зэргийг уг гэрээний заалтуудад дурьджээ.  

Энэхүү цогц үйлчилгээ гэгчийг Америк, Японы мэргэжлийн хүмүүс тайлбарлахдаа “Үхлийн авс хүртэлх үйлчилгээ” гэж байна. Харин Монгол улс энэ гэрээнд голлох үүрэг гүйцэтгэх бололтой. Арабын нэгдсэн Эмират улсад уран нийлүүлэх гэрээг манай төр, засгийнхан хийгээд амжсан гэнэ. Эцсийн дүнд монголчууд цөмийн хог хаягдалыг эх нутагтаа булж баяжих уу. Үүнээс бид ямар эрсдэл хүлээх вэ. Хэдэн зуун жилийн дараа хойч үеийнхэн маань өнөөгийн биднийг харааж зүхэх нь ч багадах юм биш биз ээ.

Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top