АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Байден, Доналд Трамп нарын анхны теле мэтгэлцээн боллоо.
Ирэх арваннэгдүгээр сарын 5-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх анхны мэтгэлцээнээр Жо Байден, Доналд Трамп нар Атланта хот дахь CNN телевизийн студид “тулав”. Теле дуэль АНУ-ын эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэхээс эхэлсэн байна. Трамп, Байден нар инфляц, ажлын байр, татварын бодлогын асуудлаар санал бодлоо солилцжээ. Цагаан ордны одоогийн тэргүүн засаглалынх нь үед гарсан эдийн засгийн амжилтууд гэж үзэж буй хүчин зүйлсийг нэрлэж, өөр илүү олон зүйл хийх хэрэгтэй болохыг нэмж хэлсэн байна. Харин Трамп “Инфляц АНУ-ыг “алж байна” гэж няцаажээ.
Түүнчлэн CNN телевизийн мэдээлснээр, тавдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэрэглээний үнэ 3.3 хувиар өссөн байна. 2022 онд инфляц 9.1 хувьд хүрсэн байна.
Украины асуудлаарх Путины шаардлагын талаар
Цагаачлалын асуудал, үр хөндөлтийг хориглох талаар санал бодлоо солилцоод Трамп, Байден нар зохицуулагчдын санаачилгаар гадаад бодлогын хөтөлбөр рүү шилжив.
Эхлээд Украин дахь дайныг хэлэлцлээ. Дана Баш мэтгэлцээнд оролцогчдоос ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины дэвшүүлсэн гал зогсоох нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа эсэхийг асуув. Хөтлөгч асуултаа хоёр удаа давтах хэрэгтэй болсноос харахад улстөрчдийн эхний хариулт тийм ч тохирохгүй байсан бололтой. Доналд Трамп Жо Байденыг Украинд болсон дайнд буруутгаж “Хэрэв бид удирдагчтай байсан бол бүрэн хэмжээний довтолгоо хэзээ ч болохгүй байх байсан” гэж хэлжээ. “Энэ бол хэзээ ч эхлэх ёсгүй дайн” гэж АНУ-ын экс Ерөнхийлөгч тэмдэглээд “200 тэрбум ам.доллар ба түүнээс дээш мөнгийг Киевт Жо Байден хуваарилсан. Энэ бол маш их мөнгө” гэв. Путины шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байгаа эсэхийг дахин асуухад Трамп “Үгүй ээ, эдгээр шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэлээ.
АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч эргээд Оросын удирдагчийг цэргийн гэмт хэрэгтэн” гэж нэрлэжээ. “Түүнд Украин бүхэлдээ хэрэгтэй” гэж Жо Байден онцлон тэмдэглэв. Цагаан ордны тэргүүн мөн Путин үүгээр зогсохгүй гэсэн байр суурийг илэрхийлжээ. “Польшт юу болно гэж та бодож байна вэ” хэмээн асуухад Жо Байден “НАТО-гийн орнуудад тархаж болзошгүй гэж санаа зовж байна” гэв.
Газын зурвас дахь нөхцөл байдлын талаар
Сүүлд нь улстөрчид Газын зурвасын нөхцөл байдал руу анхаарал хандуулжээ. Жо Байден Палестины хоригдлууд, Израилийн барьцаалагдсан хүмүүсийг солилцох, нэмэлт нөхцөл бүхий урт хугацааны гал зогсоох төлөвлөгөөг хэлэлцэж байна гэж мэдэгдэв. “Дайныг үргэлжлүүлэхийг хүсдэг цорын ганц тал бол ХАМАС” гэж Америкийн Ерөнхийлөгч онцолсон юм.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Газын зурваст Израил, ХАМАС хоорондын дайныг зогсоохын тулд бие даасан Палестин улс байгуулахыг дэмжих үү гэсэн” асуултад шууд хариулт өгсөнгүй. “Бид үүнийг харах хэрэгтэй” гэж Трамп хариулаад Европын орнуудтай хийх худалдааны хэлэлцээ рүү шилжсэн байна.
Хоёр дахь теле мэтгэлцээн есдүгээр сарын 10-нд ABC телевизийн эфирээр гарна.
Сэтгэгдэл ( 1 )
Trump is disgusting sick animal