- Нэр дэвшигчид нэг нэгнийхээ эдийн засгийн бодлогыг буруутгав -
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Байден, Доналд Трамп нарын анхны теле мэтгэлцээн боллоо. Мэтгэлцээний өмнө “Хамгийн хөгшин нэр дэвшигчид болох Байден, Трамп нар мэтгэлцэнэ. Энэ оны арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй хамгийн хөгшин нэр дэвшигчид болох 81 настай одоогийн Ерөнхийлөгч Жо Байден, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч, 78 настай Дональд Трамп нар 90 минутын турш мэтгэлцэх юм. 90 минутын турш үргэлжлэх мэтгэлцээнд ямар асуудлыг хөндөж, асуултад хэрхэн хариулахаас илүүтэй тэд энэ хугацаанд биеийн байдал нь муудахгүй тэсэж чадах эсэх нь сонгогчдын анхаарлын төвд орсон асуудал болоод байна” хэмээх мэдээ нэлээд явсан. Сонгогчдоос авсан судалгаагаар тэд Трампын наснаас илүү Байдены насанд санаа зовж байна хэмээн хариулсан аж. Судалгаанд оролцогчдын 73 хувь нь Жо Байденыг "Сайн ерөнхийлөгч байхад дэндүү хөгшиднө" хэмээн үзжээ. Тэгвэл хоёр нэр дэвшигчийн анхны мэтгэлцээн өмнөх таамгаас огт өөр уур амьсгалд боллоо. Үзэгчид төдийгүй Доналд Трамп Жо Байдены хариултууд, биеийн байдал маш сайн байсан зэрэгт гайхав.
Ирэх арваннэгдүгээр сарын 5-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх анхны мэтгэлцээнээр Жо Байден, Доналд Трамп нар Атланта хот дахь CNN телевизийн студид “туллаа”. Теле дуэль АНУ-ын эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэхээс эхэлсэн байна.
Эдийн засаг
Трамп, Байден нар инфляц, ажлын байр, татварын бодлогын асуудлаар санал бодлоо солилцжээ. Цагаан ордны одоогийн тэргүүн засаглалынх нь үед гарсан эдийн засгийн амжилтууд гэж үзэж буй хүчин зүйлсийг нэрлэж, өөр илүү олон зүйл хийх хэрэгтэй болохыг нэмж хэлсэн байна. Харин Трамп “Инфляц АНУ-ыг “алж байна” гэж няцаажээ.
Түүнчлэн CNN телевизийн мэдээлснээр, тавдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэрэглээний үнэ 3.3 хувиар өссөн байна. 2022 онд инфляц 9.1 хувьд хүрсэн байна.
Мэтгэлцээний гол онцлох сэдэв нь АНУ-ын эдийн засаг байлаа. Трамп Байдены эдийн засгийн бодлогыг буруутгаж “Би Байденд ямар ч асуудалгүй төгс эдийн засгийг үлдээсэн. Харин тэр засгийн эрхэнд гарсан цагаас эхлэн манай агуу улсын эдийн засаг доройтож, хүмүүс ядууралд нэрвэгдсэн. Би хэрэв дахин Ерөнхийлөгчөөр сонгогдвол улсынхаа экспортыг нэмэгдүүлж, урьд нь байсан шиг агуу хүчтэй улс болгох болно” гэв. Харин Жо Байден Трампын үгийг няцааж “Би түүний үлдээсэн хогийг цэвэрлэж байна. Трамп Ерөнхийлөгч байх хугацаандаа АНУ-ын өрийг 8.4 их наяд ам.доллароор нэмэгдүүлсэн. Түүхэнд байгаагүй их хэмжээний өр тавьсан, Трампын бодлогын буруугаас болж инфляц өсөж, татвар нэмэгдүүлсэн” гэв.
Украины асуудлаарх Путины шаардлагын талаар
Цагаачлалын асуудал, үр хөндөлтийг хориглох талаар санал бодлоо солилцоод Трамп, Байден нар зохицуулагчдын санаачилгаар гадаад бодлогын хөтөлбөр рүү шилжив.
Эхлээд Украин дахь дайныг хэлэлцлээ. Дана Баш мэтгэлцээнд оролцогчдоос ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины дэвшүүлсэн гал зогсоох нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа эсэхийг асуув. Хөтлөгч асуултаа хоёр удаа давтах хэрэгтэй болсноос харахад улстөрчдийн эхний хариулт тийм ч тохирохгүй байсан бололтой. Доналд Трамп Жо Байденыг Украинд болсон дайнд буруутгаж “Хэрэв бид удирдагчтай байсан бол бүрэн хэмжээний довтолгоо хэзээ ч болохгүй байх байсан” гэж хэлжээ. “Энэ бол хэзээ ч эхлэх ёсгүй дайн” гэж АНУ-ын экс Ерөнхийлөгч тэмдэглээд “200 тэрбум ам.доллар ба түүнээс дээш мөнгийг Киевт Жо Байден хуваарилсан. Энэ бол маш их мөнгө” гэв. Путины шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байгаа эсэхийг дахин асуухад Трамп “Үгүй ээ, эдгээр шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэлээ.
АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч эргээд Оросын удирдагчийг цэргийн гэмт хэрэгтэн” гэж нэрлэжээ. “Түүнд Украин бүхэлдээ хэрэгтэй” гэж Жо Байден онцлон тэмдэглэв. Цагаан ордны тэргүүн мөн Путин үүгээр зогсохгүй гэсэн байр суурийг илэрхийлжээ. “Польшт юу болно гэж та бодож байна вэ” хэмээн асуухад Жо Байден “НАТО-гийн орнуудад тархаж болзошгүй гэж санаа зовж байна” гэв.
Газын зурвас дахь нөхцөл байдлын талаар
Сүүлд нь улстөрчид Газын зурвасын нөхцөл байдал руу анхаарал хандуулжээ. Жо Байден Палестины хоригдлууд, Израилийн барьцаалагдсан хүмүүсийг солилцох, нэмэлт нөхцөл бүхий урт хугацааны гал зогсоох төлөвлөгөөг хэлэлцэж байна гэж мэдэгдэв. “Дайныг үргэлжлүүлэхийг хүсдэг цорын ганц тал бол ХАМАС” гэж Америкийн Ерөнхийлөгч онцолсон юм.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Газын зурваст Израил, ХАМАС хоорондын дайныг зогсоохын тулд бие даасан Палестин улс байгуулахыг дэмжих үү гэсэн” асуултад шууд хариулт өгсөнгүй. “Бид үүнийг харах хэрэгтэй” гэж Трамп хариулаад Европын орнуудтай хийх худалдааны хэлэлцээ рүү шилжсэн байна.
Цагаачлалын тухай
Доналд Трамп цагаачдын асуудлаар ярихдаа нэлээд хүнд сэдвийг жишээ татав. Тухайлбал “АНУ-ын хилээр хууль бусаар орж ирж буй цагаачдаас болж хүн амины хэрэг ихэссэн. Үүний гол буруутан нь Жо Байдены цагаачлалын алба. Бас хууль бус цагаачид өнгөт арьстай хүмүүсийн бизнесийг хууль бус цагаачид эзэлж байна” гэлээ.
Тэгвэл Жо Байден “Трамп бол арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч. Түүний засаг захиргаа хууль бус цагаачид бус албан ёсны эрхээ эдэлж буй визтэй цагаачдын тоог нэмснээрээ бахархдаг” гээд Трампын хэлсэн ахмад дайчдын тухай доромж утгатай үгсийг тархины хорт хавдраар нас барсан хүүгийнх нь тухай ярьж байна гэж хүлээж аван Трампын хувийн амьдрал, порно жүжигчинтэй нэр холбогдсон зэрэг рүү нь “дайрчээ”.
Гадаад харилцааны талаар
Доналд Трамп, Жо Байден нар гадаад харилцааны талаар, тэр дундаа Ойрх Дорнодод болж буй мөргөлдөөний талаар мэтгэлцсэн байна. Трамп “2021 онд АНУ-ын цэргүүдийг Афганистанаас татсан нь Америкийн түүхэн дэх хамгийн ичгэвтэр явдал. АНУ-ын цэргүүд Афганистанаас гарсны дараа Талибан Афганистаны засгийн эрхийг авч, олон сая хүн хохирсон” гэжээ. Тэрбээр мөн Орос, Украины дайныг ашиг болгож байна хэмээн Жо Байденыг буруутгав. Тэрбээр Ерөнхийлөгч болвол ямар ч дайныг санхүүжүүлэхгүй гэдгээ илэрхийлжээ.
Жо Байден “Трампын хэлж буй бүхэн ор үндэслэлгүй. Худал гүтгэлэг байна. Би дэлхийн болон улсынхаа аюулгүй байдлыг үргэлж хамгаалахын тулд шаардлагатай бүх зүйлийг хийнэ” гэв.
Анхны үзэгчгүй мэтгэлцээн
Хөтлөгч нар мэтгэлцээний үеэр цаг хугацааны шаардлагыг дагаж мөрдөх, соёлтой хэлэлцүүлэг явуулахын тулд бүх арга хэрэгслийг өөрсдийн мэдэлд ашиглана гэж амласан. Энэ мэтгэлцээн нь Кеннеди, Никсон нарын үеэс хойш анх удаагаа студид үзэгчгүй зохион байгуулагдаж буй Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээн юм. Жон Кеннеди, Ричард Никсон нар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөнөөс хойш анх удаа студид үзэгчид байсангүй.
Телевизийн камер дор улстөрчид зөвхөн үзэг, хоосон дэвтэр, савтай ус авч ирнэ. Мэтгэлцээний үеэр урьдчилан хийсэн тэмдэглэл харах эсвэл ажилтнуудын зөвлөмжийг ашиглахыг хориглоно. Өрсөлдөгчид бие биедээ саад болохгүй байхын тулд нэгийнх нь ярианы үеэр нөгөөгийнх нь микрофон унтарсан байв.
Жо Байден, Доналд Трамп нар 2020 онд телевизийн мэтгэлцээнээр аль хэдийн уулзаж байсан юм. Тухайн үед яриа хурцадмал болж, өрсөлдөгчид нэг нэгнийхээ яриаг маш их тасалдуулжээ. Энэ жил мөн АНУ-ын түүхэнд анх удаагаа Цагаан ордны одоогийн тэргүүн өмнөх тэргүүнтэй мэтгэлцлээ.
Хоёр дахь теле мэтгэлцээн есдүгээр сарын 10-нд ABC телевизийн эфирээр гарна.
Сэтгэгдэл ( 0 )