Олон улсад сонгуультай холбоотой гарч байсан КИБЕР ХАЛДЛАГЫН жишээнээс.. 

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 06 сарын 28

Энэ 2024 онд манай дэлхийн хүн амын тал хувь нь оршин суудаг 60 гаруй улс  үндэсний сонгуулиа явуулан улс орныхоо бодлогыг шууд бусаар тодорхойлж байгаатай зэрэгцэн кибер аюулгүй байдал болон сонгуулийн үйл ажиллагааны огтлолцлын талаар дэлхий даяар эргэцүүлэн бодоход чиглэсэн зүйлс ихээр нийтлэгдэх болсныг Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судалгаанд онцолжээ. 

Хэдийгээр кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд кибер аюул заналхийллийн эсрэг үнэмлэхүй түвшний аюулгүй байдлыг баталгаажуулах арга хэрэгсэл байхгүй гэдэгтэй санал нэгддэг ч эрсдэлийн удирдлагын тогтолцоог сонгуулийн нөхцөлд тохируулан хэрэглэх, сонгуулийн дэд бүтцийг хамгаалах үүрэг хариуцлагыг хуваарилах, оролцогч талуудын мэдээллийн урсгалыг уялдуулан зохицуулах, мэдээллийг буруугаар ашиглахаас хамгаалахын зэрэгцээ кибер халдлагын эсрэг авах хариу арга хэмжээг урьдчилан төлөвлөх, халдлагад тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх зэргээр сонгуулийн үйл явцын үе шат бүрд кибер аюулгүй байдлыг анхаарч үзэх шаардлагатайг судалгаанд өгүүлсэн байна. 

Түүнчлэн олон улсад сонгуультай холбогдуулан гарч байсан кибер халдлагын жишээнүүдээс дурдсаныг эшлэн хүргэе.

2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль

Доналд Трамп, Хиллари Клинтон нарын өрсөлдөөний үеэр гарсан кибер халдлагууд нь ОХУ-аас зохион байгуулалттайгаар сонгуульд хөндлөнгөөс нөлөөлөх зорилгоор хийгдсэн оролдлого байсан талаар 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрдөн байцаалтын баримтад дурдсан байдаг. Заримаас нь дурдвал:

2016 оны гуравдугаар сарын 19-нд Хиллари Клинтоны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг удирдаж байсан Жон Подестад түүний аккаунтад нэвтрэхийг оролдсон тухай Google-ээс анхааруулж буй мэт харагдахуйц фишинг и-мэйл ирсний улмаас нууц үгээ нэн даруй өөрчилсөн нь хакеруудад түүний цахим шуудан руу нэвтрэх боломжийг олгосон байна.  Улмаар 2016 оны 10-11 дүгээр сарын хооронд WikiLeaks дээр түүний аккаунтаас хакердсан 58,000 гаруй мессежийг нийтэлсэн байдаг. 

2016 оны дөрөвдүгээр сард хакерууд хуурамч и-мэйл хаяг үүсгэж, түүгээрээ Клинтоны гуч гаруй ажилтан руу “hillaryclinton-favorable-rating.xlsx” хэмээх нэрээр хадгалсан баримт бичигт чиглүүлэх хортой холбоосыг илгээн, улмаар тэдгээр ажилтнуудын компьютер дахь мэдээллийг хулгайлж олон нийтэд түгээсэн болох нь илэрсэн.

2016 оны зургаадугаар сарын 14-нд Оросын засгийн газарт ажилладаг хакерууд Ардчилсан намын үндэсний хорооны системд нэвтэрч, Трампын талаарх сөрөг хүчний судалгааг хулгайлж, ажилтнуудын чат болон цахим шууданг үзсэн тухай аюулгүй байдлын экспертүүд анхлан “Вашингтон Пост” сонинд мэдэгдсэн. 

2016 оны долоодугаар сарын 22-нд буюу Ардчилсан намын их хурал болохоос хэдхэн хоногийн өмнө WikiLeaks дээр Ардчилсан намын үндэсний хорооны серверээс хакердсан 20,000 орчим цахим шууданг нийтэлжээ. Үүгээр Ардчилсан намын үндэсний хорооны дарга асан Дебби Вассерман Шульцийн ажилтнуудаа доромжилсон утгатай мессежнүүд ил болж, улмаар түүнийг албан тушаалаасаа огцроход хүргэв. 

АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яам болон Үндэсний тагнуулын газрын Ажлын албанаас 2016 оны аравдугаар сарын 7-ны өдөр хамтарсан мэдэгдэл гаргаж, “АНУ-ын иргэд болон байгууллагуудын цахим шуудан руу чиглэсэн сүүлийн үеийн халдлагуудыг Оросын засгийн газар удирдан зохион байгуулсан гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов. Түүнчлэн WikiLeaks болон DCLeaks вэб сайтууд дээр дэлгэгдсэн баримтуудын мөрөөр мөшгөхөд ОХУ-аас чиглэсэн өмнөх кибер халдлагуудын арга барилтай ижил төстэй байгааг мөн дурджээ.

Ингээд төд удалгүй АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2016 оны сонгуульд ОХУ-ыг хөндлөнгөөс оролцсон гэж тодорхойлон хориг арга хэмжээ авах тухай зарлиг буулгав. Уг зарлигт тус хакердах ажиллагаанд оролцсон гэх Оросын зургаан хүнийг нэрлэсэн бөгөөд Оросын 35 дипломатчийг 72 цагийн дотор АНУ-ыг орхин гарахыг шаардсан байдаг. Хэргийн мөрөөр ажилласан тагнуулын ажилтнууд 2017 оны нэгдүгээр сарын 5, 6-нд Барак Обама, Дональд Трамп нартай тус тус уулзан ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр кибер тагнуул хийсэн хэргийн мөрдөн байцаалтын үр дүнг танилцуулсан бөгөөд тус тайланд хакерууд санал хураах машинд нэвтэрч сонгуулийн үр дүнд нөлөөлөөгүй хэдий ч төөрөгдүүлсэн худал мэдээллийг цахим орчинд түгээх, Ардчилсан намын үндэсний хорооны систем болон Хиллари Клинтоны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг удирдаж байсан Жон Подестаг хакердах зэрэг сөрөг нөлөөллийн үйл ажиллагаа явуулсан тухай дурдсан байдаг.

2014 оны Украины Ерөнхийлөгчийн сонгууль

Украины Ерөнхийлөгчийн сонгуулийг хорлон сүйтгэх зорилготой APT28 (эсвэл Fancy Bear) гэгддэг хакерын бүлэгтэй холбоотой байж болзошгүй CyberBerkut хэмээх Оросын талыг баримтлагч хакерын бүлэглэлийн гурван үе шаттай кибер халдлагын давлагааг тус улсын засгийн газрын кибер аюулгүй байдлын шинжээчид шуурхай илрүүлж, таслан зогсоожээ. Тус бүлэглэл DDoS (A distributed denial-of-service), Unauthorized access, Malware зэрэг халдлагын арга техникүүдийг ашиглан сонгуулийн санал тоолох, тайлагнах системд хөндлөнгөөс оролцох замаар сонгуулийн үйл явцад саад учруулах зорилготой байв. Халдлагын эхний давлагаа бүх нийтийн санал хураалт эхлэхээс ердөө дөрөв хоногийн өмнө хакерууд Украины сонгуулийн төв компьютерт нэвтэрч, гол файлуудыг устгаснаар эхэлсэн юм. Маргааш нь буюу санал хураалт эхлэхээс 3 хоногийн өмнө тус хакерын бүлэглэл “хакердах ажиллагаа” амжилттай болсны нотолгоо болгон задруулсан мэдээллийг цахим орчинд түгээсэн нь ердөө эхлэл байв. Энэ үйл явдлын дараа буюу сонгуулийн дүнг тавдугаар сарын 25-ны ням гаригийн оройн 20 цагт орон нутгийн телевизээр шууд дамжуулахаас ердөө 40 минутын өмнө засгийн газрын кибер аюулгүй байдлын шинжээчдийн баг хакерын бүлэглэлийн сонгуулийн төв хорооны компьютерт нууцаар суулгасан байсан “вирус”-ийг илрүүлж устгасан байдаг. Тус бүлэглэл нь хэт үндсэрхэг үзэлтэй Дмитрий Ярошийг 37 хувийн саналаар (яг үнэндээ 1 хувийн санал авсан) ялалт байгуулсан мэт харагдуулахаар бэлтгэсэн байсан тухай Украины албаны хүмүүс маргааш өглөө нь сэтгүүлчдэд мэдэгдэж байв. Тус сонгуульд Петр Порошенко үнэмлэхүй ялалт байгуулсан бөгөөд CyberBerkut хакерын бүлэглэлийн халдлагууд нь сонгуулийн үр дүнг өөрчилж чадаагүй юм. 

Харин сонгуулийн тогтолцооны эмзэг байдал, төр засгаа сонгох ардчиллын үйл явцын бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд кибер аюулгүй байдлыг хангахын чухлыг дэлхий дахинаа ухааруулсан кэйс болон үлджээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top