Сарьсан багваахай хүн шиг сэтгэдэг байж магадгүй

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 07 сарын 02

Израилын Тель Авивын их сургуулийн эрдэмтэд өмнө нь зөвхөн хүнд байдаг гэж үзэж байсан нарийн сэтгэх чадварыг сарьсан багваахайд илрүүлжээ.

“Current Biology” сэтгүүлд бичсэнээр, Африк, Арабын хойг, Газар дундын тэнгист тархсан Египетийн жимсний сарьсан багваахай нь олон төрлийн жимсний моднуудын байршлыг тогтоож, хооллохын тулд эргэн ирдэг гэсэн таамаг дэвшүүлжээ. Моднуудын байршлыг тогтоохыг тулд амьтдад дүрслэх ой болон төлөвлөх чадвар шаардлагатай. Эдгээр чадвар нь зөвхөн хүнд хөгжсөн танин мэдэхүйн чадвар аж. Үүнийг нотлохын тулд сарьсан багваахай бүрд өндөр нарийвчлалтай GPS төхөөрөмж зүүжээ. Ингэснээр тэдний нислэгийн маршрут, зорьж буй моддыг олон сарын турш баримтжуулсан байна. Ажиглалтын дүнд ахмад сарьсан багваахайнууд тухайн модонд хэзээ очсон, хэр хугацаа өнгөрснийг тооцоолон, аль модны жимс богино хугацаанд боловсордог, аль мод жимсгүй болсныг үнэлж чаддаг болохыг харуулжээ. Харин залуу сарьсан багваахайнууд ингэж чаддаггүй байна. Судалгаагаар Египетийн жимсний сарьсан багваахайнууд хаашаа нисэж байгаа, ямар хоол хайж байгаагаа мэддэг болохыг харуулжээ.

Эрдэмтдийн онцолсноор, зөвхөн хүнд байдаг гэж үзэж байсан танин мэдэхүйн бараг бүх чадвар амьтдад янз бүрийн хэлбэрээр байдаг гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top