БНАСАУ, ОХУ хоёр ойртох нь дамжиггүй, ГЭХДЭЭ...

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 07 сарын 31

Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судлаачид олон улсын харилцаанд хямрал үргэлжилж буй энэ үеийн  ОХУ-БНАСАУ,  АНУ-БНАСАУ, БНСУ-ОХУ-ын харилцааны нөхцөл байдлын талаар өгүүлсэн судалгааны материал хэвлүүлсэн байна. 

Судалгааны дүгнэлтээс эшлэхэд, Олон улсын харилцаанд хямрал үргэлжилж буй энэ үед БНАСАУ гол хоёр улс болох БНХАУ, ОХУ-тай шинэ тактикаар шатрын нүүдэл хийх боломжтой болсон. ОХУ-БНАСАУ-ын олон жил “унтаа” байсан харилцаа эрчимтэй хөгжиж, энэ хугацаанд БНАСАУ харилцааг бүх талаар ашигтай байлгахыг эрмэлзэж байна.

Учир нь эрчимтэй өрнөж буй харилцаа Украины дайн дуусах үед сулрах нь тодорхой бөгөөд урт хугацаанд тогтвортой байх эсэх нь эргэлзээтэй юм.

АНУ болон барууны орнуудын гол алдаа нь БНАСАУ-ыг дутуу үнэлэх явдал юм. Тэд нөхцөл байдлыг Умард Солонгосын байр сууринаас бус өөрийн байр сууринаас харж, дүн шинжилгээ хийхийг зорьдог гэсэн шүүмжлэл дагуулдаг. Эдийн засгийн хориг арга хэмжээгээр БНАСАУ-ын дотоод байдлыг туйлдуулж, улмаар яриа хэлэлцээнд буулт хийлгэж, дэглэмийг сулруулна гэсэн төсөөллөөр олон жилийг өнгөрөөсөн юм.

Үүний хариуд БНАСАУ цөмийн болон пуужингийн хөтөлбөр, хиймэл дагуул, хиймэл оюун ухааны гээд салбар салбарын технологийг хөгжүүлж, цөмийн гүрнээр хүлээн зөвшөөрүүлэх стратегийн зорилгодоо хүрэхийг чармайсаар байна. БНАСАУ цөмийн зэвсгээс татгалзахгүй гэдэг нь тодорхой бөгөөд үүнийгээ хуульчилж баталсан. Иймд АНУ энэ талаарх бодлогоо сулруулж, зэвсэглэлд хяналт тавих шат руу бууж тохиролцох магадлалтай юм. Таамаглахад эрт байгаа ч АНУ-БНАСАУ-ын харилцааны динамик АНУ-ын сонгуулийн дүнгээс ихээхэн хамаарах юм.

БНСУ-ОХУ-ын харилцааны хэтийн төлөв нь “үл таамаглах” гол асуудал болж байна. Учир нь хурцадмал байдал үүсэх бодитой нөхцөл байгаа ч цаашид төдийлөн хурцдахгүй гэж шинжээчид дүгнэж байна. Орос Өмнөд Солонгос хоёр тал одоогийн байр сууриа хадгалахыг илүүд үзэж байгаа нь харагдаж байна. Орос цэргийн технологио Умард Солонгост өгөхөөс татгалзаж, Өмнөд Солонгос Украинд аминд халтай зэвсгийн тусламж үзүүлэхгүй хэвээр байна.

БНАСАУ, Орос хоёр ойртох нь дамжиггүй, гэхдээ энэ эвсэл нь голчлон мэссэж өгөх хэлбэрээр байх бөгөөд тэдний харилцаа НҮБ болон бусад олон улсын форумд бие биеэ дэмжихээр хязгаарлагдах болно гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top