Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.08.26-аас 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд) 38.561 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 376 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс:
Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 142, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 14, Өмчлөх эрхийн эсрэг 117, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 77, бусад 8 хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 80.064 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 79.702 зөрчлийг шийдвэрлэжээ. Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 78.614 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 1.088 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2.637, Танхайрах 120, Хүний биед халдах 337, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 205, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 74.788, бусад 1.615 зөрчил байна.
Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 43 иргэнд 12.900.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 205 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 29, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 59, сураггүй алга болсон хүн 86, шүүхээс даалгасан хүн 77, зөрчил үйлдсэн этгээд 27 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.
Шалгаж шийдвэрлэсэн онцлог хэргийн талаар дурдвал:
Өнгөрсөн 2023 оны 03 дугаар сарын 01-нд нэр бүхий иргэд бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх нэр бүхий хотхонд иргэн Г-г хүч хэрэглэн авчирч, тодорхой үйлдэл хийлгэх зорилгоор эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахаар заналхийлж, эрхшээлдээ байлгасан гэх хэрэгт иргэн “Н” нарын 6 этгээдийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 1, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж энэ оны 08 дугаар сарын 28-ны өдөр тус хэргийг эрүүгийн 23100****** дугаартай хэрэгт нэгтгэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
Түүнчлэн нэр бүхий иргэд нь насанд хүрээгүй С-ийг хууран мэхэлж, эмзэг байдлыг нь далимдуулан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд цахим орчинд зар байршуулан биеийг нь үнэлүүлэх хэлбэрээр хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт иргэн М, Н нарын үйлдэлд Монгол улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар энэ оны 08 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )