Ж.Нэргүй: Тамгын газар, парламентын сэтгүүлчдийнхээ дэмээр ажилдаа хурдан зүгширсэн

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 09 сарын 16

 

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Жамьяндоржийн Нэргүй 1990 онд байнгын ажиллагаатай анхны парламент-Улсын Бага Хурлын хэвлэл, мэдээллийн төлөөлөгчөөр томилогдож байжээ. Улмаар Монголын парламентын хэвлэл, мэдээллийн албанд тасралтгүй 26 жил ажилласан байна. Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан түүхт өдрийг тохиолдуулан түүнтэй уулзаж ярилцлаа.

 

-Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл таныг “Монгол Улсын хэвлэл, мэдээллийн анхны төлөөлөгч” мөн болохыг нотолж “Батламж” өгсөн гэсэн. Байнгын ажиллагаатай парламентын анхны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч яаж болсон талаар ярилцлагаа эхлэе?

-Би тэр үед Монгол телевизэд ажиллаж байсан. Тэр үеийн Монгол телевизийн дарга Ю.Эрдэнэтуяа “Улсын Бага Хурал байгуулагдаж байна. УБХ-ын нарийн бичгийн дарга Б.Чимид гуай энэ байгууллагын хэвлэл, мэдээллийн асуудал хариуцаад хийчих хүн санал болгооч гэсэн. Чиний нэрийг санал болгосон. Судлаад хариу өгнө гэсэн шүү” гэж надад хэлж байв. Удалгүй “Тэр хүнээ яаралтай явуул, ажилд нь оруулмаар байна” гэсний дагуу Улсын Бага Хурлын удирдлагатай намайг уулзуулснаар ажилдаа анх орж байлаа.

 

Өмнө нь байнгын ажиллагаатай хууль тогтоох дээд байгууллага гэсэн бүтэц, хэвлэл, мэдээллийн төлөөлөгч гэсэн ажил, орон тоо байгаагүй учраас энэ ажлын эрх үүрэг, хийх ажлын хүрээ, хамрах асуудал юу байх нь хүртэл тодорхойгүй, нэг хүн ийм том байгууллагын хэвлэл, мэдээллийн асуудлыг хэрхэн яаж хариуцаж хийх нь  үнэндээ  миний санаанд багтахгүй байсан. Дарга нарын өгсөн үүрэг, зөвлөмжийн дагуу юуны өмнө хэвлэл, мэдээллийн төлөөлөгчийн эрхлэх ажил, үүргийн хуваарь, Бага Хурлын үйл ажиллагааг сурталчлах төлөвлөгөө зэргийг боловсруулж батлуулснаар ажлаа эхэлж байлаа. Улсын Бага Хурлын удирдлагын албан ёсны уулзалт, айлчлал, чуулган, байнгын хороодын хуралдааны тухай албан мэдээ бичих, баталсан хуулиар радио, телевизийн шууд болон тойм нэвтрүүлэг, хэвлэлийн бага хурал хийх, хэлэлцэж буй асуудалтай холбоотой төсөл, илтгэл, бусад материал сэтгүүлчдэд тараах,  УБХ-ын удирдлага, гишүүдээр сонин хэвлэлд ярилцлага өгүүлэх, хуралдааны ажиллагааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж буй байдлыг тоймлон удирдлагад танилцуулах, сурвалжлах эрхийн үнэмлэх  олгох  гээд өмнө нь хийж үзээгүй олон асуудалтай тулгарч байсан. Гэхдээ Тамгын газрын хамт олныхоо дэмжлэг туслалцаа, парламентын сэтгүүлчдийнхээ хүч дэмээр ажилдаа хурдан зүгширсэн.

-Анхны парламент түүний Тамгын газрын бүтэц, орон тоо ямар байсан бэ?

-УБХ Нийгмийн бодлогын, Төрийн байгуулалтын, Хууль зүйн, Эдийн засгийн, Эмэгтэйчүүд, хүүхэд, залуучуудын Байнгын хороо гэсэн бүтэцтэй байсан. Гишүүдийн насны хувьд хамгийн залуу нь буюу 30 хүртэл насных 10, хамгийн ахмад нь 50-иас дээш насных нь гурав байсан, мэргэжлийн хувьд эдийн засагч, хуульч, инженер, багш, математикч голдуу байв.

Харин ажлын албанд УБХ-ын нарийн бичгийн даргын 1990 оны есдүгээр сарын 24-ний өдрийн 01 тоот захирамжаар анхны ажилтнуудыг томилж байжээ. Тухайлбал, УБХ-ын үйл ажиллагаа эхлэхэд ажлын алба нь 20 орчим хүнтэй байсан бөгөөд Ч.Бавуу, Б.Алтангэрэл, Г.Совд, Ч.Ядамсүрэн, Х.Булган, Г.Хүрэлбаатар, Т.Уранчимэг нарын  хүмүүс анхны ажилтнууд нь байсан. Ингэж УБХ-ын гишүүд, Тамгын газрын ажилтнууд байнгын ажиллагаатай парламентын тулгыг тулж, парламентын засаглалыг тогтоохын эхлэлийг тавьж байлаа.

-Байнгын ажиллагаатай анхны парламентын үйл ажиллагааг олон нийтэд хүргэхэд сэтгүүлчид ямар үүрэг, оролцоотой байсан бэ?

-Хууль тогтоох явц нь гишүүдийн байр суурь, үзэл бодлын хурц маргаан, ширүүн мэтгэлцээний дунд явагдаж байв. Зарим хуулийн төслийн зүйл, заалтаар 10 гаруй удаа санал хураалт явуулах, зөвшилцөлд хүрэхгүй хуралдаан хаяж гарах, санал хураалтад оролцохгүй хуралдааныг хойшлуулах, гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах, түдгэлзэх, УБХ-ыг тараах хүртэл мэдэгдэл хийх тохиолдол гарч байлаа. Энэ бүхнийг сэтгүүлчид үнэн бодитой, ёстой л голыг нь  олж олон нийтэд хүргэнэ гэдэг амаргүй байсан. Гишүүд ч, парламентын сэтгүүлчид ч шинэ байсан учраас алдаж онох, үйл ойлголцох явдал гарна.

УБХ-ын зарим гишүүн  чуулганы үйл ажиллагааг дэлгэрэнгүй мэдээлэхгүй байна, үнэн бодит мэдээлэл өгөхгүй байна, нэг намын байр сууриас хандаж байна, сэтгүүлч өөрийн бодол санаа, үнэлэлт дүгнэлтээ өгч байна гэх зэргээр хэвлэлийнхэнд шүүмжлэлттэй ханддаг байв. Нөгөө талаар чуулган, байнгын хороон дээр хэлсэн өөрийнхөө үгийг хэвлэж нийтлэх, нэвтрүүлэхийн өмнө заавал үзүүлж хянуулж байх гэсэн  зарим гишүүний саналыг  хэвлэлийнхэн шүүжлэлтэй хүлээн авч байсан. Парламентын гишүүд, сэтгүүлчдийн хооронд иймэрхүү зарим үл ойлголцох явдал гардаг байсан ч парламентын сэтгүүлчдийн ажлыг их хүндэтгэдэг, парламентын ардчилал, соёл, ёс зүйг эхнээс нь зөв төлөвшүүлэхэд тэдний гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмрийг  гишүүд өндөр үнэлдэг байлаа.

Байнгын ажиллагаатай парламентын хамт Монгол Улсад парламентын сэтгүүл зүй зэрэгцэн хөгжиж ирсэн түүхтэй. Энэ мартагдашгүй түүхийг  парламентын үе үеийн сэтгүүлчид Төрийн соёрхолт Б.Цэнддоо, Соёлын гавьяат зүтгэлтэн Ө.Энхтүвшин, И.Рэнчинханд, Л.Гүнсэн, С.Амарсанаа, С.Цацралт, О.Бат-эрдэнэ, Г.Жамьян, Ш.Цэрэнпил, Д.Цэдэн-Иш, Д.Оюунцэцэг, Ж.Алтангэрэл нарын зэрэг олон туршлагатай сурвалжлагч, сэтгүүлчид  бичилцэж үлдээсэн билээ.

УБХ-ын гишүүд хэвлэл, мэдээллийнхэн чөлөөт, хараат бус, бие даасан, өрсөлдөх чадвартай сонин хэвлэлтэй болгох талаар төсөл санаачилж, өргөх бичиг хүртэл Бага Хуралд ирүүлж байлаа. УБХ-ын гишүүн Д.Ламжав “Төрийн төв хэвлэлийн тухай” тогтоолын төслийг гишүүдэд өргөн мэдүүлж байсан. Тэр үеийн “Ардын эрх” сонин 1990 оны хоёрдугаар хагаст гэхэд  20 гаруй мянган хувь хэвлэгдэж,  1991 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн долоо хоногт таван дугаар гаргаж эхэлсэн бөгөөд эхний хагаст захиалагчийн тоо 70 гаруй мянгад хүрч байж билээ. Тус сонин хоёр сэтгүүлийн хамт нэгдсэн редакц нь 70 хүнтэй, сарын цалингийн сан нь 60 мянган төгрөг байхаар тооцоо гаргаж танилцуулж байсан сан.

Тус сониныхон УБХ-д хандаж “Ардын эрх” сонин бол төрийн төв хэвлэл мөн гэсэн үндэслэлийг тогтоож өгөх, сонины гаргалтын тоо хэмжээг албан ёсоор тогтоох зэрэг санал гаргаж байсан санагдана.

Түүнээс гадна В.Бат-эрдэнэ, Д.Гарам-Очир, З.Дорж, Ц.Төрмандах нар радио, телевизийн монополь эрхийг халж, ижил нөхцөлд өрсөлдөх радио, телевиз байгуулах саналыг УБХ-д хүргүүлж байж билээ. Засгийн газрын радио,телевизтэй өрсөлдөх чадвар бүхий, өөрийгөө санхүүжүүлэх, мэргэжлийн радио, телевизийн нэвтрүүлгийн байгууллага зохион байгуулж буйгаа өргөн мэдүүлж байлаа.

-Бага Хурлын хөгжлийн түүхээс сэтгэлд хоногшин үлдсэн үйл явдлаас товч дурдвал...?

-Сэтгэлд хоногшин үлдсэн мартагдашгүй олон сайхан дурсамж  бий. Улсын Бага Хурал  1990-1992 онд бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ  таван удаа чуулж, Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн байгууллыг шинэтгэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд чиглэгдсэн олон хууль тогтоомжийг хэлэлцэн баталсан. УБХ-ын хууль тогтоох үйл ажиллагаа, бодлогын хамгийн оргил нь Үндсэн хуулийн  төслийн хэлэлцүүлэг байсан гэж боддог.

Үндсэн хуулийн төслийг батлахад парламентын дээд танхим болох Ардын Их Хурлын үүрэг, оролцоог хүмүүс сайн мэддэг. Харин доод танхим болох Улсын Бага Хурал, түүний Тамгын газрын гүйцэтгэсэн үүргийг төдийлөн сайн мэддэггүй. Үндсэн хуулийн төслийг АИХ-аар хэлэлцэж батлахын  өмнө түүнийг Улсын Бага Хурал нухацтай хэлэлцсэн. Улсын Бага Хурлын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг амар хялбар байгаагүй. Байр суурь, үзэл бодлын хурц тэмцлийн дүнд хэлэлцүүлэг болж өнгөрсөн билээ. Зарим асуудлаар 7-10 удаа санал хурааж байсан тохиолдол бий. Тухайлбал, Үндсэн хуулийн төслийн гуравдугаар бүлгийн 30-р зүйлд  “Ерөнхийлөгчөөр … Монгол Улсын гурваас доошгүй үеийн уугуул иргэнийг дөрвөн  жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалтаар 11 удаа санал хураалт явуулж байсан санагдана. Энэ асуудлаас болж Бага Хурлын зарим гишүүн  гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах, түдгэлзэх тухай мэдэгдэл ч хийж байв. Энэхүү хурц мэтгэлцээн өрнөж мухардалд орох, завсарлага авах, санал хураалтад оролцохгүй хуралдаан хаяж гарахаас аваад Улсын Бага Хурлыг тараах хүртэл мэдэгдэл хийх зэргээр хуралдааны уур амьсгал тун халуухан болох  үе цөөнгүй байсан.

Ийнхүү Үндсэн хуулийн төслийн үг, үсэг, цэг таслал, нэр томьёо бүрийн төлөө уйгагүй мэтгэлцэж, үгийн цэц, ухааны цараа харуулж байж билээ.

Үүнийгээ ч Үндсэн хуулийн төсөл хэлэлцсэн АИХ-ын хуралдаанд Улсын Бага Хурлын гишүүд их идэвхтэй оролцож  харуулж байлаа.  Ямартаа л “Бүх эрх мэдэл Улсын Бага Хуралд байна”, “АИХ-ын дотор Улсын Бага Хурал хуралдаж байна”, “АИХ, УБХ хоёр туйл болж хуралдаж байна” гэж шүүмжилж байх вэ дээ.

-Улсын Бага Хурал хууль тогтоохдоо иргэдийн санал хүсэлтийг хэр сонсож хүлээж авдаг байсан бэ?

-Бага Хурлын үйл ажиллагааг иргэд их анхааралтай ажиглаж, хэлэлцэж буй асуудлын талаар олон санал хүсэлт ирүүлж, санаа бодлоо илэрхийлдэг байсан. Жил орчмын хугацаанд Улсын Бага Хурлын хүлээн авах байранд 200 орчим хүн биеэр ирж, гишүүдтэй уулзаж, Бага Хурал, гишүүдэд хандаж 1300 гаруй захидал ирүүлж байсан гэсэн бүртгэл байдаг. Тэдгээрт, тухайлбал, гишүүдэд өндөр итгэл найдвар хүлээлгэж, аливаа асуудлыг шийдвэрлэхдээ ноён нуруутай, буурь суурьтай, алсын хараатай хандаж улс, эх орон, ард түмнийхээ эрх ашигт нийцсэн хууль гаргана гэдэгт итгэлтэй байгаа, шинэ парламентын эхлэлийг тавьсан, улс төрийн намуудын зөвшилцөх талбар болсон, олон чухал хууль баталсан зэргээр эерэг талыг  үнэлэхийн хамт чуулган асуудлыг удаан хэлэлцэж цаг алдаж байна, маргааны индэр, улс төрийн тэмцлийн талбар болчих вий гэдэгт сэтгэл нь зовниж байгаагаа илэрхийлдэг байв.

Товч хэлэхэд, УБХ иргэдийнхээ саналыг хууль тогтоомжид тусгахыг ихээхэн анхаардаг байсан.

-Улсын Бага Хурлын үйл ажиллагааг иргэд болон гишүүд өөрсдөө хэрхэн үнэлж байсан бэ?

-УБХ, түүний Тамгын газар иргэд төдийгүй намууд, гишүүд өөрсдөө хэрхэн үнэлж дүгнэж байгаа талаар судалгаа хийж байсан. Тухайлбал, Бага Хурлын Тамгын газар гишүүдийнхээ дунд асуулга явуулахад, тэдний 20 гаруй нь УБХ-ын үйл ажиллагааг “сайн”, 23 нь “дунд зэрэг”, хоёр гишүүн хангалтгүй” гэж дүгнэж байж билээ. Ингэж дүгнэхдээ, хууль тогтоох мэдлэг чадвар дутсан, хуулийн биелэлтийг хянан шалгах ажил хангалтгүй, Ерөнхийлөгч, УБХ, Засгийн газрын ажлын уялдаа холбоо дутагдалтай, намынхаа эрх ашгаар явцуурдаг зэрэг УБХ-ын үйл ажиллагааны сөрөг талыг дурдсан байсан. Харин 40 гишүүн УБХ-д өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдсэн гэж хариулж байжээ.

Эцэст нь тэмдэглэхэд, Улсын Бага Хурал ардчилсан шинэ нийгмийн харилцааг төлөвшүүлэх, хууль эрх зүйн үндэс суурийг тогтоох, Монгол Улсад парламентын ардчиллыг хөгжүүлж, төлөвшүүлэх, төгөлдөржүүлэхэд гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмэр, хуримтлуулсан туршлага, сургамж нь үнэлж баршгүй их билээ.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top