Төсвийн тэлэлт мөнгөний бодлогод дарамт үүсгэнэ

Г.Ганчимэг | Zindaa.mn
2024 оны 09 сарын 15

 

 

Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барихаас өмнө олон нийт, судлаач, эдийн засагч, мэргэжлийн оролцогчдыг хамруулсан нээлттэй хэлэлцүүлгийг энэ долоо хоногт зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон төрийн бусад байгууллага, ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллага, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, их сургуулиудын багш, судлаачид оролцож санал солилцсон юм. Хэлэлцүүлгийг нээж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд Монголбанк дунд хугацааны инфляцын зорилтыг таван хувь орчимд тогтворжуулахаар зорьж буй”-гаа онцлов. Ингэхдээ 2025-2026 онд +/-2 нэгж хувийн интервалтай, зургаан хувь орчимд тогтворжуулах, 2027 оноос таван хувийн орчимд хүргэж бууруулах зорилт дэвшүүлж байгаа гэж танилцууллаа.

 

Мөн төгрөгийн ханшийн хувьд гадаад хүчин зүйлтэй нийцэн, уян хатан тогтох зарчмыг үргэлжлүүлэн баримтлах, макро зохистой бодлогын шийдвэр гаргалтын тогтолцоог илүү боловсронгуй болгох, жижиг дунд бизнесийн нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн тогтолцоог олон улсын сайн жишигт нийцүүлэх ажлыг эхлүүлэх зэрэг зорилтыг тусгажээ. Банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд Монголбанк тогтвортой, ногоон санхүүжилтийн мэдээлэл цуглуулах тогтолцоог хөгжүүлж, бэхжүүлэх, банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, салбарын хяналт, шалгалтын үнэлгээний аргачлалыг олон улсын жишигт үе шаттайгаар нийцүүлэх зэрэг зорилтыг ч тусгасан байна. Энэ үеэр хэлэлцүүлэгт оролцогчид Монголбанкны зүгээс цаашид инфляцын тогтвортой байдлыг хангахад гадаад нөхцөл байдал болон төсвийн тэлэлттэй холбоотой учирч буй эрсдэл, түүнд Төв банк ямар бодлогын хариу үйлдэл үзүүлэх, банкны салбарын хөрөнгө оруулалт, тэр дундаа гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн дэмжих, банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах хуулийн хэрэгжилтийг хангах, зээлийн хүүг бууруулах, ингэхдээ дотоодын мөнгөний захын хэрэгслийг хөгжүүлэх зэрэг сэдвээр асуулт асууж, санал солилцов. Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Эдийн засгийн төлөв, макро бодлогын зорилт” сэдвээр, Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын Эрсдэлийн үнэлгээний хэлтсийн захирал Г.Борхүү “Банк, санхүүгийн салбарын өнөөгийн байдал, бодлогын зорилт” сэдвээр илтгэл тавьж, тус хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм. Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа энэ жил эдийн засгийн сэргэлтийг яаж дунд, урт хугацаанд тогтвортой хадгалах вэ гэдэг агуулгын хүрээнд боловсруулсан. Цаашид мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхээс гадна бүтцийн хувьд шийдэх ёстой анхаарах гурван гол зорилтыг тусгасан. Макро эдийн засгийн бодлогын хүрээнд, банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд, санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд 11 дэд зорилтыг томъёолж, УИХ-д өргөн барих гэж байна. Хууль эрх зүйн орчинд хийх нэмэлт өөрчлөлтөд ажлын хэсэг ажиллана. Тодруулбал, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль, Зээлийн мэдээллийн тухай хууль зэрэгт өөрчлөлт орохоор ярьж байна. Энэ жилийн Төрийн мөнгөний бодлогын Үндсэн чиглэлд Монголбанкны инфляцийн зорилт 6+/-2/ дунд хугацаандаа зургаан хувийн зорилтыг таван хувь болгож бууруулна гэсэн зорилттой байгаа. Үүнийг зорьсон мөнгөний бодлого 2025, 2026 онд хэрэгжинэ гэсэн үг. Бид 2027 оноос инфляцийг таван хувьд тогтворжуулахаар зорино. Энэ зорилт багагүй сорилттой тулгарана байх. Нэгдүгээрт, Монголын эдийн засаг нийлүүлэлтийн хувьд савалгаа өндөртэй, улирлын онцлогтой. Хүнсний бараа бүтээгдэхүүний өсөлт инфляци дээр том жин эзэлдэг, гадаад зах зээлээс импортоор дамжуулан дифляци орж ирдэг, нийлүүлэлтийн тээвэр логистикийн асуудлууд бий. Нөгөөтэйгүүр, үүнийг шийдвэрлэхийн тулд Монголбанк зохицуулагч байгууллагын хувьд тодорхой ажлуудыг сүүлийн хоёр жилийн хугацаанд хийж байгаа. Түүний нэг нь хөдөө аж ахуйн салбарт зээл, санхүүгийн нөхцөлийг сайжруулах. Үүний үр дүнд хөдөө аж ахуйн салбарын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлт сайжирч, хангамж нь тогтворжих, үнийн савалгааг багасгах, бизнесийн эрсдэл бууруулах зорилтыг тавин ажиллаж байна. Ингэснээр Төв банкны зорьж байгаа инфляцийг тогтворжуулахад хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүн, тээвэр логистикийн эрсдэл буурна гэсэн хүлээлттэй байна. Мөнгөний бодлогын орон зайд хамгийн  том нөлөө үзүүлдэг бодлого бол төсвийн бодлого. Энэ бодлого өндөр тэлэлттэй явбал Монголбанкны мөнгөний бодлого дээр төдийлөн том орон зай үүсэхгүй, дарамт үүснэ. Ийм орчинд Төв банк мөнгөний бодлогыг хэрэгжүүлж байна” гэв.

Монгол дахь Америкийн худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адъяа “Хувийн хэвшлийн зүгээс энэ хэлэлцүүлэгт анхаарч, өөрсдийн саналаа хэллээ. Мөнгөний бодлогын үр дүн төсөвтэй харьцуулахад шууд гардаггүй. Олон бодлогын арга хэмжээ авснаар үр дүн нь гардаг онцлогтой. Эдийн засгийн өсөлт 5.6 хувиас өсөх үзүүлэлттэй байна гэдгийг Монголбанкнаас мэдээллээ. Бидний харж байгаагаар эдийн засгийн өсөлт 2025 онд уул уурхайн салбар дагнасан хэвээрээ байх нь. Харин энэ оны хагас жилийн байдлаар хөдөө аж ахуйн салбар хасах дүнтэй гарсан. Гэтэл Монгол Улсын онцлог нь хөдөө аж ахуйн салбар байдаг. Тиймээс энэ салбараа хэрхэн хөгжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх салбар болгох тал дээр ямар арга хэмжээ авах талаар асуухаар бэлдсэн. Мөн банкны салбарт арилжааны 12 банк үйл ажиллагаа явуулж байна. Монголбанкны зүгээс зоригтойгоор банкны салбарын шинэчлэлийг хийж, гадаадын хөрөнгө оруулалтыг банкны салбарт татах ямар боломжтой байна вэ гэдэг байр суурийг сонслоо. Намрын чуулганаар эдгээр асуудлыг тусгаж, анхаарч ажиллах боломжтой эсэхийг тодрууллаа. Хөдөлмөрийн зах зээл дээр ажилтны хомсдол үүсч, олон тоогоор гадаадад ажиллахаар явж байна. Тийм учраас Монголбанкнаас тодруулга мэдээллийг авахыг зорилоо” хэмээн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн зорилгоо хуваалцлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top