Ажилдаа дуртай, эерэг сэтгэлтэй, хурдтай, хүчтэй өмгөөллийн ажлаа төгс хийхийг ажил амьдралынхаа гол зорилго болгож яваа “Өмгөөллийн Цэцэн хуульч” ХХН-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, хуульч өмгөөлөгч Д.Золзаяаг “Өглөөний зочин”-оор урьж ярилцлаа. Тэрбээр “Шүүхийн нарийн бичиг байхдаа олон өмгөөлөгчийн мэтгэлцээнийг харж дотор сэтгэлдээ бясалгаж байсан минь өдгөө ажил үйлсийг минь урагшлуулж, өмгөөллийн талбарт өөрийгөө сорих том нээлт болсон” хэмээн бахдан ярьсан юм. Түүнтэй ярилцаж суухад өөртөө итгэлтэй, цаг үргэлж өөрийгөө хөглөж хөгжүүлэхийн тулд бусдаас суралцаж ирсэн, тиймдээ ч үйлчлүүлэгчдээрээ хүрээлүүлж, амжилтын буухиаг тасалдаггүй нэгэн аж хэмээн бодогдсон. Бидний яриа түүний өмгөөлөгч болсон түүх, мэргэжлийн талаарх үзэл бодол, зорилго мөрөөдөл гээд олон сэдвээр өрнөсөн юм.
-Шүүх байгууллагаас ажлын гарааг эхэлж, өдгөө өмгөөлөгч болсон юм байна. Иймд өмгөөлөгч хэмээх мэргэжил юугаараа таны сэтгэлийг татсан бэ гэдгээс яриагаа эхэлье?
-Миний бие анх шүүхийн шинэчлэл хийгдэж байх үед буюу 2012 оны эхээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд мэдээлэл лавлагааны ажилтнаар орж байлаа. Бид өдөрт 100-аас дээш нэхэмжлэл хүлээн авдаг байсан. Ийм их ачаалал дунд ажлынхаа гарааг эхэлж байсан минь саяхан мэт санагдаж байна. Үүний дараагаар шүүхийн нарийн бичиг, шүүгчийн туслах зэргээр шат шатанд нь ажиллаж байгаад, 2016 онд өмгөөлөгч болсон. Гурван дүүргийн шүүх дөнгөж нэгдээд ид бужигнаж байсан үе л дээ.
Үүнээс улбаатай нэг нарийн бичиг өдөртөө 10 гаруй шүүх хуралд оролцдог байлаа. Энэ үеэс үе үеийн өмгөөлөгчдийн мэтгэлцээнийг харж маш их туршлага хуримтлуулсан. Улмаар өмгөөлөгч хүн гэдэг хүний эрхийг хамгаалдаг гайхалтай үйлсийн хамгийн эхэнд зогсдог, ийм сайхан мэргэжлийг эзэмшдэг юм байна гэдгийг тодоос тод олж харж, өмгөөлөгч болно гэсэн оргилуун хүсэлдээ хөтлөгдсөн дөө. Тухайн үед шүүгч маань ч “Манай Золзаяа зан чанарын хувьд ч өмгөөлөгч байхаар тохирсон хүн” гэж намайг дэмжиж, хурцалж бас зоригжуулж билээ.
-Өмгөөлөгч болох нь таны зүрх сэтгэлийн дуудлага байж. Тийн аваас дурлаж сонирхсон зүйл амжилтанд хүргэдэг жамтай. Иймд мэргэжлээрээ юунд хүрье гэж зорьж байна вэ?
-Би юуг хийвэл хамгийн сайн хийж чадах вэ. Энэ асуултыг ер нь өөрөөсөө байнга асуудаг. Хүнд дуртай ажил гэж байдаг юм байна. Энэ утгаар өөрийгөө ямар ажил хийвэл хүртээмжтэй, амжилт авчрах бол гэж сорьж үзсэн. Үнэхээр л миний хийх ажил өмгөөлөгч байсан. Тиймээс ажлаа хамгийн сайнаар бас аз жаргалтайгаар хийхийг эрмэлздэг. Цаашилбал, барьж авсан ажлаа төгс сайн хийх нь хувь хүний дэвшил учраас чин сэтгэлээ зориулахыг хичээж ирсэн. Улмаар үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг өндөр түвшинд тууштай хамгаалаад үүндээ сэтгэл хангалуун байх нь л хамгийн чухал гэж боддог.
-Өнөөдрийн өндөрлөгөөс харахад хуулийн салбар буюу өмгөөллийн замналаар замнасан он жилүүд танд юуг авчирсан бол?
-Баярлалаа. Маш гоё асуулт байна. Мэдээж олон зүйлийг өгсөн. Өмгөөлөгч, хуульч болно гэдэг их хувь тавилан гэж боддог. Үнэхээр сайхан мэргэжил. Бидний үнэт зүйлсийн маань нэг бол яах аргагүй эзэмшсэн мэргэжил. Хуулийн салбартай холбогдоод нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Энэ талбараас л суралцаж хүн болж явна даа гээд хэлэхэд нэг их хол зөрөхгүй байх аа. Ажил мэргэжил хувь хүн гээд өдөр бүр, хүн бүрээс суралцдаг үргэлж хөгжин дэвжих боломжийг олгодог мэргэжил шүү дээ.
-Хэн нэгнийг өмгөөлөөд шүүх хурлын ард гарахад хамгийн түхүүнд юу бодогддог бол?
-Нэг хүн өмгөөлсний дараа маш их зүйл сэтгэлд үлддэг. Учир нь хүний амьдрал ахуй, дотоод төлөвшил, мэдрэмж, зан характер болж өнгөрч байгаа нөхцөл байдал гээд бүгд өөр учраас бид цаг ямагт мэдрэмжтэй байж, арга техник хууль хэрэглээ гээд бүх түвшинд өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай болдог л доо.
-Манайд маш олон хууль хэрэгжиж байгаа. Гэвч магадгүй зарим хууль эргэлзээ төрүүлсэн, эсвэл иргэдийн амьдралд нийцэхгүй байгаа нь хэр ажиглагддаг вэ. Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх ажилд залуу нас, оюун бодлоо зориулж яваа хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Төгс хүн гэж байхгүй гэдэг шиг төгс хууль гэж байх боломжгүй гэж би боддог. Тухайн хуулийг хүн л боловсруулж байгаа. Орчин нөхцөл хэрэгцээ шаардлагаа дагаад хуулиудад нэмэлт өөрчлөлт орж шинэчлэгдээд явна. Миний хувьд иргэний эрх зүйн чиглэлээр голлож зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хууль бусад салбар хуулиа хэрэглээд явж байхад өөрчлөх шаардлагатай иргэдэд чирэгдэлтэй, бусад хуультайгаа нийцэхгүй гэх мэт өөрчлөх ёстой эргэлзээ төрүүлсэн зүйл заалт нилээдгүй байдаг. Монгол Улсын хувьд Иргэний эрх зүй, хувийн эрх зүй хөгжиж яваа улс учраас илүү сайн боловсронгуй болгохын тулд хуульч бидний оролцоо маш чухал. Хуульч хүний хувьд санал асуулга хуульчдын дунд зохион байгуулагддаг хэлэлцүүлэгт оролцож санал хүсэлтээ бичгээр явуулдаг.
-Хуульч өмгөөлөгчдийг нийгмийн эмч гэдэг. Тэд өөр өөрийн зам зургаар “өмгөөлөл” хэмээх их айлд орж ирсэн. Иймд та ажилдаа ямар зарчмыг мөрдлөг болгож чадсан бэ?
-Нэн түрүүнд шударга ёсны зарчмыг баримтлан ажиллахыг хичээдэг. Өмгөөлөгч хүн хууль хэрэглээ болон ур чадварын хувьд өөрийгөө хөгжүүлж мэргэших нь үйлчлүүлэгчдэд итгэл үнэмшил төрүүлээд зогсохгүй бидний нэрийн хуудас болдог. Шүүх хуралдааны үед шүүх хурлын танхимд байгаа хүмүүсийг мөн нөгөө талын өмгөөлөгч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг ч тэгш хүндэтгэн оролцож хамгийн зөв зүйтэй гаргалгааг гаргахыг л зорьдог.
-Шүүх хурал өрсөлдөөн буюу мэтгэлцээний талбар, жинхэнэ өөрийгөө харуулдаг шалгуур үзүүлэлт гэж хэлж болно байх аа?
-Бидний хувьд нэг хурлаас нөгөө хурлын хооронд маш их туршлагаждаг. Нэг хэрэг дээр олон өмгөөлөгч орж мэтгэлцдэг. Тэр бүгдээс суралцдаг. Жишээлбэл, шүүгч, прокурор хийж байгаад өмгөөлөгч болсон хүн, дөнгөж төгссөн залуухан судалгаатай өмгөөлөгч, маш өвөрмөц характертай өмгөөлөгчид гээд янз бүр. Өмгөөлөгчдийн мэтгэлцээний техник, хууль хэрэглээ, илтгэх чадвар өмгөөлөх арга барил өөр өөр учраас бүгдээс нь суралцаад явдаг даа.
-Хоёулаа ярианы сэдвээ өөрчилье. Хамгийн их баярлаж догдолсон мөчөөсөө хуваалцахгүй юу?
-Баярт мөч гэвэл олон. Түүнээс онцолбол, анхны хүүгээ төрүүлж, ээж болсон тэр мөчийг үгээр хэлэхийн аргагүй.
-Юунаас хамгийн их сэтгэл ханамж авдаг вэ?
-Ажил амьдралынхаа бүхий л зүйлээс сэтгэл ханамж авч амьдрахыг хичээдэг. Талархлаар дүүрэн хүн өдөр бүр жаргалтай байдаг гэдэгчлэн амьдралынхаа бүхий л сайн сайхан зүйлээс ханамж авахыг хичээдэг.
-Таны хобби юу вэ, зарим хүмүүс ажлаа хобби болгочих нь ч бий?
-Хүний хобби нас явах тусам өөрчлөгддөг юм байна. Учир нь би өмнө нь бүжиглэх, усанд сэлэх дуртай байсан бол одоо ууланд алхах, аялах гээд өөрчлөгдөөд байгаа. /Инээв/ Ингээд хүний эрхийн манаанд тууштай зогсож буй мянга мянган өмгөөлөгчдөдөө удахгүй болох Мэргэжлийн баярын мэнд хүргэе. Бүгдэд нь ажлын амжилт хүсье. Энэхүү гайхамшигтай үнэ цэнэтэй мэргэжлээрээ цаг ямагт бахархаж бахдаж, гангарч явдаг даа.
Сэтгэгдэл ( 0 )