АНУ-д ирэх арваннэгдүгээр сард болох сонгууль тус улсын эдийн засгийн бодлогод нөлөөлнө, улмаар дэлхий дахинд нөлөөлнө гэсэн үг. Эдийн засаг хэрхэн өөрчлөгдөх вэ? Үнэт цаасны зах зээлээс юу хүлээх вэ?
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль эхлэхэд хоёр сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Хөрөнгө оруулагчид болон шинжээчид сонгуулийн дүнг хэдийн үнэлээд эхэлжээ. “Morning Consult” группийн явуулсан санал асуулгаар АНУ-ын дэд ерөнхийлөгч, Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис Цагаан ордны экс тэргүүн, Бүгд найрамдах намын нэр дэвшигч Доналд Трампаас зургаан пунктээр тэргүүлж байна. Судалгаанд оролцогчдын 51 хувь Камала Харрисыг, Трампыг 45 хувь дэмжиж байна.
Энэ намар мөн Сенатын гишүүдийн 30 хувийг болон Төлөөлөгчдийн танхимыг сонгох сонгууль болно. Энэхүү сонгуульд 2025 онд бүгд найрамдахчууд, ардчилсан намынхан Конгресс дахь хяналтаа хэрхэн хуваарилахыг тодорхойлох юм. Өдгөө бүгд найрамдахчууд доод танхимд олонхыг бүрдүүлж байгаа бол ардчилсан намынхан Сенатыг хянаж байгаа.
Дэлхийн хөрөнгө оруулалтын “Morgan Stanley” хороо, АНУ-ын өрийн тогтвортой байдал асуудалд орж, эдийн засгийн өсөлт саарч, Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ дахин нэмэгдүүлж магадгүй байгаа энэ үед сонгууль болж буйг сануулжээ.
Сонгуулийн үр дүнгээс хөрөнгө оруулагчид юу хүлээх вэ?
Татварын бодлого
Бүгд найрамдах нам уламжлал ёсоор зохицуулалт, татварыг бууруулах замаар бизнесийн салбарыг дэмжих байр суурийг баримталдаг. Трамп ч мөн адил. Тэрбээр АНУ-д үйлдвэрлэл явуулж буй компаниудын аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 21-ээс 15 хувь болгож бууруулахыг санал болгож байна. Харин Ардчилсан намын нэр дэвшигч Камала Харрис сонгуулийн кампанит ажлынхаа хүрээнд эсрэгээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 21-ээс 28 хувь болгож өсгөх, хүүхэд болон орон сууц анх удаа худалдан авахад татварын хөнгөлөлт үзүүлэх зэргийн санал болгожээ.
Татварын талаарх хэлэлцүүлгийн анхаарлын төвд татвар бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх тухай хуулийн хугацааг сунгах асуудал яригдаж байна. Тус хуулийн ихэнх заалтын үйлчлэх хугацаа 2025 оны сүүлээр дуусгавар болж байгаа. Хуулийг 2017 онд буюу Трампын засаг захиргааны үед баталжээ. Хэрэв хуулийн хэрэгжилтийн хугацаа дуусгавар болбол татварын төлөгчдийн 60 хувийн татвар өсөх юм. Тэр тусмаа аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 21-ээс 35 хувь болж нэмэгдэнэ.
“Morgan Stanley Wealth Management” компанийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Лиза Шалеттын үзэж буйгаар, ирэх сонгуульд Трамп ялсан тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацааг сунгаж, улмаар ирэх 10 жилийн турш холбооны төсвийн алдагдлыг 1.6 их наяд ам.доллароор нэмэгдүүлж болзошгүй. АНУ-ын Конгрессын төсвийн газрын үнэлгээгээр, 2024 оны байдлаар холбооны төсвийн алдагдал 1.9 их наяд ам.долларт хүрч, 2034 он гэхэд 2.9 их наяд ам.доллар болж өснө. Үүний гол асуудал нь Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмэгдүүлснээр өрийн үйлчилгээний хэмжээ өсөж байгаатай холбоотой гэж Шалетт үзэж байна. Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ дахин нэмэгдүүлэх хүлээлттэй байгаа бөгөөд энэ тохиолдолд АНУ-ын компаниудын ашиг, улмаар хувьцааны ханш буурна.
Үнэт цаасны зах зээл
Чикагогийн их сургуулийн судлаачдын 2019 онд гаргасан “Political Cycles and Stock Returns” судалгааны ажил Ардчилсан нам төрийн эрхийг авахад үнэт цаасны зах зээл идэвхтэй өсөж, хөрөнгө оруулагчдад илүү их ашиг авчирдаг болохыг баталсан байдаг.
“Retirement Researcher” төвийн шинжээч Боб Френчийн хэлснээр, ардчилсан намынхан зах зээлд эергээр нөлөөлдгийг бүгд мэддэг. Гэхдээ ерөнхийлөгч хэн байх эсвэл конгрессыг хэн хянаж байгаагаас үүдэн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах шаардлага байхгүй гэж Френч онцолжээ. Гэсэн хэдий ч зах зээлд оролцогчид бүгд сонгуулийг анхааралтай ажиглаж байна. Өөрөөр хэлбэл улс төрийн хүчин зүйлс үнэд шууд нөлөөлдөг гэсэн үг.
Ардчилсан намын нэр дэвшигч ялсан тохиолдолд хувьцааны ханш болон Russell 2000, Nasdaq индекс өсөж магадгүй гэж шинжээчид таамаглаж байна. Учир нь Харрис доогуур орлоготой хувь хүн болон компаниудын татварын хэмжээг бууруулж, стартап, залуу гэр бүлд татварын хөнгөлөлт үзүүлнэ гэж амлаж байгаа. Ардчилсан намын ерөнхийлөгч нарын бодлого зах зээлийн зохицуулалт, зээлийн хүүг тэнцвэржүүлэхэд чиглэдэг. Энэ хувилбараар бол эдийн засгийн тогтвортой байдал бий болж, инфляц буурснаар алтны үнэ тогтворжих, эсвэл бүр буурах боломжтой гэж үзжээ.
Харин Доналд Трамп ялсан тохиолдолд зах зээл дээр үнийн хэлбэлзэл үүсэж, салбаруудын хувьцааны ханшийн зөрүү мэдэгдэхүйц нэмэгдэнэ гэж ажиглагчид таамаглаж байна. Трамп зах зээлийг төрийн зохицуулалтаас ангид байлгах бодлогыг баримталдаг. Харин энэ бодлогын дүнд эрчим хүч, аж үйлдвэр гэх мэт тодорхой салбарууд хождог. Бүгд найрамдахчуудын үед хамгаалагч активын хувьд алтны үнэ өснө.
Трампын хувьцаа
Сонгуулийн дүн зарим салбарын хувьд ихээхэн ач холбогдолтой. Трампын засаг захиргааны үед сэргээгдэх эрчим хүчний салбарын компаниудын хувьцаа идэвхтэй өсөж байсан бол Байдены засаг захиргааны үед газрын тос, уламжлалт эрчим хүчний компаниудын хувьцаа сайн үзүүлэлттэй байжээ.
“Morgan Stanley” группийн шинжээчид хөрөнгө оруулагчдад хандан сонгуулийн өмнө бүгд найрамдахчууд ялсан тохиолдолд тэргүүлэх эрчим хүч, харилцаа холбоо, үйлчилгээний салбарын компаниудын хувьцааг худалдан авах тухай бодохыг зөвлөсөн байна
Зах зээл судлаач Крис Бишомп Трампын хоёр дахь удаагийн бүрэн эрхийн хугацаанд “Exxon Mobil”, “Chevron” зэрэг газрын тосны компаниуд давуу байдалтай болно гэж үзэж байна.
Гэтэл дэлхийн эрчим хүчний зах зээл Brent маркийн газрын тосны үнийн уналттай нүүр тулаад байна. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн тус маркийн газрын тосны үнэ арван хувиар унаад байна. Шалтгаан нь Хятадын эдийн засгийн идэвхжил буурсан, дэлхийн зах зээл дээр газрын тосны нийлүүлэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлт бий болсонтой холбоотой.
Хэрэв Доналд Трамп дахин сонгогдвол “Lockheed Martin”, “Raytheon Technologies” зэрэг батлан хамгаалах салбарын компаниуд хожиж магадгүй. Өмнөх бүрэн эрхийнхээ хугацаанд Трамп батлан хамгаалахын төсвийн нэмэгдүүлж байсан бөгөөд энэ бодлого үргэлжилбэл эл салбарын компаниудын орлого, улмаар хувьцааны үнэ нэмэгдэх боломжтой. Гэхдээ үүнд геополитикийн нөхцөл байдал болон Конгрессын шийдвэр давхар нөлөөлдгийг шинжээчид сануулжээ. Түүнчлэн, дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Caterpillar”, “Vulcan Materials Company” компаниудад Трампын ялалт ашигтай байна.
Харрисын хувьцаа
Харин Камала Харрис ялсан тохиолдолд өндөр хүүнээс багагүй хохирсон нарны эрчим хүчний компаниуд дэмжлэг авч магадгүй. Эмийн үнийг бууруулна гэсэн амлалт нь эрүүл мэндийн салбарын компаниудын хувьцаанд нөлөөлж болзошгүй гэж Ройтерс агентлаг онцолсон байна.
Сонгуулийн дүн ямар ч гарсан хөрөнгө оруулалтын “Blackstone” болон орон сууцны захиалгын платформ Airbnb найдвартай актив болно гэж Бишомп үзэж байна. Харин “Morgan Stanley” эрүүл мэндийн салбар, аж үйлдвэр, сансар, батлан хамгаалах салбар, цахилгаа эрчим хүч, сүлжээний дэд бүтэц, санхүүгийн салбарыг найдвартай гэж үзэж байна.
US Bank Wealth Management зах зээлийн үр ашиг сонгуулийн үр дүнгээс илүүтэйгээр эдийн засаг, инфляцын чиг хандлагаас илүү шалтгаална гэж үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )