НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд шинэ орнуудыг оруулахыг уриалав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 23

АНУ-ын Ерөнхийлөгч, Энэтхэг, Япон, Австралийн Ерөнхий сайд нар QUAD аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээний уулзалтын дүнгээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд шинэ байнгын болон байнгын бус гишүүдийн тоог нэмэх замаар шинэчлэхийг уриалав.

QUAD нэгдлийн удирдагчид тус зөвлөлд Африк, Ази, Латин Америк болон Карибын тэнгисийн орнууд орох ёстой гэж онцолжээ. Түүнчлэн, тус дөрвөн улс 2025 онд Энэтхэг, Номхон далайд эргийн хамгаалалтын хамтарсан ажиглалтын алба байгуулахаар болжээ. Цахим орон зайн аюулгүй байдлын нөхцөл байдал хурцадсантай холбогдуулан QUAD цахим гэмт хэрэгтэй тэмцэх салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцов. Үүний сацуу Украины хямралын талаар, QUAD олон улсын эрх зүй, НҮБ-ын дүрмийн зарчмын дагуу иж бүрэн, шударга, урт хугацааны энх тайвныг хангах шаардлагатайг мэдэгдэж, Украины хямрал нь дэлхий дахины, ялангуяа хөгжиж буй орнуудын хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгааг онцлон тэмдэглэжээ.

Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далайн бүс нутагт нийтлэг үнэт зүйлстэй дөрвөн улсын албан бус зөвлөлдөх механизм болох QUAD аюулгүй байдлын талаарх дөрвөн талт яриа хэлэлцээг 2007 онд тухайн үеийн Японы Ерөнхий сайд Абэ Шинзо санаачилж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top