Чингэлтэй дүүргийн XX хорооны буурийг зассан Хоо овоотын хүү

Г.Ганчимэг | Zindaa.mn
2024 оны 09 сарын 25

“Өөдлөх айлын өнгө үүднээсээ” гэгчээр хашаа хороо, гэр сууц нь гадна дотногүй цэвэр цэмцгэр, эзэн хүмүүс нь эмх цэгцтэй, гавшгай дайчин өрх гэр байхад, зөвхөн хашаа байшин доторхоо цэмцийлгэчихээд, харанхуй шөнөөр сэмхэн хог буртгаа гаргаад хөршийнхөө үүдэнд тавьчихдаг нэгэн ч байх, бүр хойдох, урдах нь мэдэгдэхгүй, гэрт, гадаах нь ялгагдахаа больчихсон “Хорооноос л тэгвэл...”, “Хороо ингэчихвэл...” гээд хээв нэг ярих, ийм л асуудлаар үе үе хороогоо “гороолж” гүйдэг гээд л янз бүрийн зан суртахуун, дадал зуршилтай хүмүүс Монгол Улс хэмээх “их айл”-ын газар нутгийн нэгж талбар бүр дээр бий.
 

Тэр ч байтугай “Манай эхнэр гэртээ ирж хонохгүй байна”, “Манай нөхөр архи уугаад байна”, “Хойд аав загнаж зоддог” гээд асуудал нь хүндрээд гэр бүлийн хүчирхийлэлийн шинж тэмдэгтэй, сэжиг бүхий үйлдлүүд сэтгэл сэрдхийлгэж байхад, “Манай тэр тийм ч мундаг. Ийм ч уралдаан тэмцээнээс шагнал аваад ирж байхад хорооныхон тоож хүндэтгэл үзүүлсэнгүй. Энэ улсад эзэн байна уу” гээд агсам, гомдол хоёрыг зэрэг тавиад ороод ирдэг нэгэн ч бий. Энэхүү Монгол Улсын Засаг захиргааны хамгийн анхан шатны нэгжийг л хороо гэнэ. Энд л жинхэнэ утгаараа шуугиант амьдрал буцалж, сайн муу, сайхан муухай хар цагаанаараа эрээлжилнэ. Иргэдийн олонх нь үнс тоос, үхсэн нохой зайлуулах, халамж тэтгэвэр, хандив тусламж тараах төдийхнөөр хорооны ажил дүүрчихдэг юм шиг төсөөлөх. Үнэндээ үгүй аж. Гэхдээ бас хүнийг гэсэн чин сэтгэлтэй, ажил бүтээе гэсэн идэвх зүтгэлтэй аавын хүү, ээжийн охины л хийх ажил бололтой. Хоноцын сэтгэлтэй явуулын дарга нар бол дорхноо л тараа таниулж, ард түмэндээ баригддаг, бас ч гэж санааны зоргоор тийм ч амар тухалчихдаг зөөлөн суудал биш. Залуусын ярьдагаар “эморол” ч гэх үү, хүнд хэрэгтэй ч юм шиг, хэрэггүй ч юм шиг иймэрхүү бодолд ээрэгдэж суугаа шалтгаан нь Хоо овоотын дориун үрс садын нэг Хошууд овгийн Бандийн Зулзагаа хэмээх эрхэмийн 10 хүүхдийн долоо дахь хүүхэд, Чингэлтэй дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Очирбаттай танилцсаных.

Ангаахай насны мөрөөдөл эмч болох

З.Очирбат Увс аймгийн Өлгий суманд 1973 оны намар наймдугаар сарын сүүлчээр мэндэлжээ. Хошууд овгийн Бандийн Зулзагаа гэдэг хүний 10 хүүхдийн долоо дахь нь юм. Гурван хүү, долоон охинтой энэ айл үе удмаараа л нэр төртэй, хөдөлмөрч сайхан хүмүүс. Харин энэ нутгийнхан Өлгийн улаан ямаагаараа Монгол даяараа алдартай. Дөрвөн зүг, найман зовхис цэлийтэл харагддаг нутгийн хайрхан Хоо овоотоо ихэд шүтэж, дээдэлдэг ард түмэн. Алаг махны тасархай, алтан ясны хэлтэрхий болсон хөвүүн З.Очирбат ч Хоо овоот хайрхандаа зориулж дууны шүлэг бичжээ. Уул овоондоо байнга сүсэглэн залбирч явдаг тэрбээр төрөлх Өлгий сумынхаа үүсэж хөгжсөн түүхт 90 жилийн ойгоор очихдоо Хоо овоот хайрхандаа гарч, мөнөөх дууны шүлгээ чангаар уншиж сонсгожээ. Ая хийлгэсэн ч хараахан дуулуулж амжаагүй л яваа аж. Тэрбээр “Хүн шашин шүтдэг ч, эс шүтдэг ч байгаль дэлхийгээ л шүтэж явах ёстой. Бид байгаль, эх дэлхийгээ хайрлаж хамгаалах тусам ээл ивээл нь ирнэ” гэж үздэг юм байна. 

З.Очирбат багадаа “Би ангаахайн дээдэд орж эмч болно. Тэгээд арваа төгсөөд авгай аваад 10 хүүхэдтэй болно” гэж ээждээ ярьдаг хүүхэд байжээ. Ухаандаа анагаах гэж хэлж байгаа юм. Харин энэ үгийг хаанаас, хэнээс сурсныг бүү мэд. Одоо ч санадаггүй гэнэ. Даанч ээж нь хүүгийнхээ гэнэн томоогүй, эгдүү хүргэсэн яриаг тийм ч удаан сонсож амжсангүй. Хайрт ижий нь  түүнийг 12-хон настай байхад төрөл арилжин тоост хорвоог орхижээ. Түүнээс хойш хүүгийн эмч болох мөрөөдөл улам асаж бадрав. Ээждээ тусалж чадаагүй ч эрдэнэт хүмүүний амийг авардаг эмч болно л гэж бодох. Тэгээд л хими, физик, биологи, нийгмийн хичээлүүдээ гүнзгийрүүлэн үзэж, сонгонд явдаг байв. Одоо ГССҮТ-д ажиллаж буй Төрийн соёрхолт эмч, үй зайгүй найз Ж.Түмэн-Өлзийтэйгээ есдүгээр ангиасаа конкурсэд бэлдэв. Харамсалтай нь конкурсэд орохын яг өмнөх өдөр согтуу хүмүүст зодуулчихжээ. Түүний биед шалгалтын үеэр хэрэглэх буюу хоол, ус ундаагаа авах бага сага мөнгө байсныг дээрэмдэж, муурч унатал нь зодоод голын хөвөөнд аваачиж орхисон байж. Азаар шөнө дунд гэнэт сэргэж, ус шуугиад ч байх шиг, ам цангаад ч байх шиг, тэгснээ бие нь арзайн жигтэйхэн даарч байгааг мэдрэв. Нүдээ нээх аргагүй. Бив битүү хаван. Хүчлээд л нээлээ. Орчны байдал муухан бараантаж, бүдэг цагаан зураас л харагдаж  байсан аж. Тэрбээр арай ядан мөлхсөөр, айлуудын хашааны хормой дагасхийж, амь тэмцсээр арай гэж гэрийн бараа харав. Тухайн үед биеийн тамирын багшийндаа суудаг байжээ. Бүгдээрээ цочирдож, айж сандран ар гэрийн зүг бушуухан хэл дуулгав.  Говь-Алтайд сурч байсан эгч нь “гэрлийн хурдаар” ирлээ. Эгч нь айж уйлаад л “Хүн ингэж амь насаа гээх шахаж, эрүүл мэндээрээ хохирч боловсрол эзэмшинэ гэж байхгүй. Миний дүү конкурс өгөөд ч хэрэггүй. Гэртээ харья” гэж хэлээд хөдөө гэр рүү нь буюу Хахираагийн тэжээлийн аж ахуй руу буцаажээ. Нүүр ам нь танигдахын аргагүй болтлоо зодуулж, бие нь өвдсөн хүүгийн гэгээн мөрөөдөл унтарч, амьд үлдэх тэмцэл болж хувирав. Хэсэг хугацааны дараа биеийн байдал дээрдэж, нүд нээгджээ. Найз Ж.Түмэн-Өлзий нь эргэж ирэхдээ “Найз минь чи уг нь асуудалгүй тэнцэх байж дээ. Найз нь шалгалтаа өгөөд тэнцчихлээ” гээд л харамсан үглээд л.

 


Татварын байцаагч болов

Аав Б.Зулзагаа Худалдаа бэлтгэлийн ангийн дарга хийдэг байсан учир хоршоо байгуулчихсан. Подхийсэн амжиргаатай. Даанч биеийн байдал жаахан тааруухан байсан үе. Тиймээс хүү гэртээ ирснийх аавыгаа асарч, аж ахуйн ажилд ч туслах болов. Тэдний хоршоо төмс, хүнсний ногоо, хадлан, тариа тарьж, түүнийгээ борлуулдаг. Тэр бүхий л ажилд З.Очирбат тус нэмэр болох. Аавынхаа ачаанаас үүрэлцэж ах, эгч, дүү  нарынхаа сургалтын төлбөр, тусдаа гарч айл болсон нэгэндээ нэмэр болох гээд хэрэндээ ажил ихтэй. Гэхдээ үүнээс огт халширч байсангүй. Эр хүн юм болохоор “Цэрэгт явмаар” санагдах, тэгээд ингэж бодож байгаагаа аавдаа хэлэв. Аав нь “Үгүй ээ, чамайг явуулахгүй” гэх нь тэр. Хэсэг бодож үзсэнээ З.Очирбат “Үгүй ээ, би цэрэгт заавал явна” гэж зүтгэжээ. Тэрбээр аавдаа “Үгүй бол Улаанбаатарт очиж, гэгээлэг сайхан зүйл үзмээр байна. Би боловсрол ч үгүй болох нь. Ядаж, цэрэгт явж олны хөлийн газар үзмээр байна” гэтэл аав нь “За, чи тэгвэл тэнцвэл яваарай” хэмээн буулт хийжээ. Гэтэл эрүүл мэндийн үзлэгт тэнцчихээд байхад нь “Энэ жил 18 настай хүүхэд авахгүй. 19 настай хүүхэд цэрэгт татна” гэв. Нэгэнт шийдсэн тул З.Очирбат “Би явмаар байна” хэмээн зүтгэсний хүчинд хүсэлт ёсоор болж, Хилийн цэргийн 0164-р ангид цэргийн алба хаажээ. Тэрбээр “Би бага насандаа хайрт ээжээсээ өнчирч хал үзсэн ч бас болоогүй л байсан юм билээ. Аавдаа их эрхэлдэг байснаа эр цэргийн албанд очоод л ухаарч ойлгосон. Тэгээд аавыгаа, хайртай бүхэндээ туниж эрхэлдэг зангаа засаж, хүнээс үг сонсож сурсан даа. Цэргийн алба ачаа үүрүүлж, үг дааж сургасан юм даа” гэж ярилаа. Эх орны дайчин харуул эр цэргийн албанаас 1992 онд халагдаж очоод уугуул нутагтаа 10 жил амьдарчээ. Тэр хугацаанд ноос ноолуур, хөнгөнцагаан, арьс шир авч, наймаа хийдэг буюу мөнөөх хоршооныхоо ажлыг үргэлжүүлэн хийв. Ярантын боомтоор гаргана. Иймэрхүү алба залгуулдаг ажилтай явтал 1994 оны үед нэг найзтайгаа таарсан юмсанж. Гэтэл найз нь “Чи ингэж явах дэндүү хайран байна. Миний найз ядах нь ээ нэг курст сууж мэргэжилтэй болооч” гэж зөвлөжээ. З.Очирбат ихэд гайхаж “Тийм курс байдаг юм уу” гэж асуухад найз нь “Байлгүй яах вэ. Чамд хамгийн ойр нь Улаангомд нягтлан бодогчийн 45 хоногийн курс байна” гэх нь тэр. З.Очирбат найзын зөвөлгөө ёсоор Увс аймгийн төвд мөнөөх курст сууж, онц дүнтэй төгсөв. Аавынх нь бие тааруу, айл гэрийн хамаг ажил нуруун дээр нь байгаа учраас тэр бүр сурах боломж гардаггүй байсан хүнд энэ курс тун боломжийн байв. Бусдыгаа бодоод өөрийгөө хойш тавьсан он жилүүдэд өөртөө зориулж гаргасан зөв шийдвэр, амжуулж хийсэн ажлын нэг нь энэ болов. Ингээд тэрбээр 1995 онд Увс аймгийн Татварын хэлтэс ажилд авах зар тавьсан байхыг олж үзээд очиж шалгалт өгтөл тэнцжээ. Уг нь Татварын албанд дандаа дээд мэргэжлийн хүмүүс авдаг. Харин тэрбээр шалгалтаа сайн өгч, ажилдаа хурдан зүгширсэн тул хоёр жил ажиллачихав. Гэтэл курс төгссөн хүнийг ажиллуулахгүй гэдэг шалгуур тавигдах нь тэр. Тэгэхээр нь “Би юутай ч шалгалт өгч үзье” гэтэл шалгалтын комиссынхон “За, чи юу ч гэсэн шалгалт өгөөд үз. Тэнцвэл тэр л биз” гэдэг шаардлага тавьж, боломж олгожээ. Шалгалтаа нэлээд өндөр оноотой амжилттай давж, ажилд тэнцэв. Хотоос ирж шалгалт авч байгаа хүн “Та хүнтэй зөв харьцаж, Татварынхаа хуулийг ойлгуулж ярьж чаддаг юм байна. Хүнээс татварыг нь авч чаддаг ч юм байна. Энэ нөхцөлүүдийг харж үзээд энэ удаа шалгалтад тэнцүүллээ. Таныг ажиллуулна аа” л гэж. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Тариалан сумын татварын ажлыг тодорхой хэмжээгээр үнэлэгдэхүйц хэмжээнд аваачсаны үр дүн ингэж гарав. Түүнээс хойш хоёр жил, нийт долоон жил Татварын албанд ажилласан түүх ийм. Сүүлд бүтцийн өөрчлөлтөд ороод хоёр хүний нэг нь ажилгүй болохоор болонгуут, удахгүй тэтгэвэрт гарах гэж байгаа хамт ажилладаг ахыгаа үлдээгээд тэрбээр “Та ажлаа бод оо. Дүү нь боловсролоо бодъё. Аль хүртэл курсээр явах вэ” гээд гарчээ.

Нүүдэл

Энэ нь ч цаанаа учиртай байж. З.Очирбат 1999 онд айл гэр болж, өрх тусгаарласан. Анхны хүүхэд 2000 онд төрсөн ч харамсалтай нь эндэж, хагацал гунигийн сүүдэр дайрчээ. Дараагийн охин 2001 онд мэндэлсэн “муухай амьтан” байж. Анхны хүүхдээ алдсан тул аав нь баахан болгоомжлонгуй. Ер нь л нутаг усаа сольж, газар орны зүг чигээ өөрчилж үзмээр санагдаад байх. Ингээд 2002 онд “Ер нь охиныхоо ирээдүйг ч бодъё. Ер нь нүүе. Гэхдээ би эхлээд өөрийгөө хөгжүүлж, боловсруулах хэрэгтэй” гэж шийдэн их хөлийн газраа зорьж, Улаанбаатарт иржээ. Ингээд л “Эхний ээлжинд сургуульд сурна” гэдэг гэгээн мөрөөдлөөр зарах боломжтойг нь зараад, мал хуйгаа эзэнжүүлж, 10 гаруй га талбайд тариа, таван га-д хадлан тарьдаг байснаа хадуулахыг нь хадуулаад, хураах хүнд мөнгийг нь өгөөд, гурилын цехэд шууд тариагаа буулгахаар, гурил болохоор нь авах эзнийг бэлдээд бүх зүйлээ цэгцлээд мордохоор болов. Яг явахаар болтол намрын уйтай өдрүүдээр эзгүй талбай дээр нялх хүүхэд хөтөлсөн жирэмсэн эхнэрээ үлдээх тийм ч амар биш байв. Үлдэж хоцорсон эхнэр нь их л өрөвдөлтэй санагдаж, үе үе сэтгэл гогодох. Тэрбээр энэ үеэ эргэн дурсахдаа “Залуу хос зөв амьдралын төлөө тэмцэж байхад түрхэн зуурын хатуу хүтүүг даваад л гардаг юм билээ. Миний амьдралыг түшиж, өдий зэрэгт хүрэх замд минь тулгуур болсон эхнэртээ маш их баярлаж явдаг. Ажил амьдралын минь ар талыг дааж, түшиг болж ирсэн юм шүү дээ” хэмээн волейболын спортын мастер эхнэртээ талархаж сууна. Түүний гэргий Батнасангийн Тэгшээтэйгээ танилцсан түүх сонирхолтой. Говь-Алтай аймгийн Анагаахын дунд сургууль төгсөж ирсэн, Увс аймгийн нэгдсэн эмнэлэгийн дотрын тасагт сувилагчаар ажилладаг, волейболын аймгийн шигшээ багт тоглодог бүсгүйтэй 1997 онд санаандгүй танилцсан нь ирээдүйн хань нь байжээ. З.Очирбат гэнэт огцом халуурч, шалтгаангүйгээр бие нь өвдөв. Сумын эмчээ дуудаж үзүүлтэл тариа хийв. Гэтэл эсрэгээрээ халуун нь улам нэмэгдэж, орон дээрээ дагжаад, сүүлдээ амь тэмцээд хэвтэж байтал сумын эмч яаралтайгаар аймаг руу аваад явжээ. Өдрөөс өдөрт л даралт унаад байгаа хэр нь онош тодрохгүй тав хоног аймгийн нэгдсэн эмнэлэгийн дотрын тасагт хэвтжээ. Тэр үед гэргий нь тариа хийдэг байж. Аажмаар бие дээрдэж 10 хоноод эмнэлгээс гарав. Гарангуутаа нөгөө сувилагч бүсгүйг сонирхон араас нь гүйсээр, холоос сэмхэн дагаж анх гэрт нь очиж танилцжээ. Өдгөө дөрвөн хүүхдийн ижий, аав болцгоожээ. Том охин Эрдэмшүр АНУ-д, дараагийн хүү Ганжигүүр ШУТИС-д, хамгийн бага нь хоёр ихэр, Түвшинбаяр, Түвшиндэлгэр ерөнхий боловсролын дунд сургуульд сурдаг. Эхнэр нь Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн Мэс заслын тасагт сувилагчаар ажиллаж байна.    
 

    

З.Очирбат 1996 онд МАН-д элссэн болоод ч тэр үү, эсвэл угийн нийгмийн идэвх оролцоо сайтайнх уу, хэнтэй ч, хаана ч зөв ч бай, буруу ч бай үзэл бодлоо хуваалцаж, санал солилцдог, мөн бусдыг сайн сонсдог, олны өмнө үг хэлж, илтгэл тавьдаг, нүүр хагарсан залуу байв. Энэхүү зан чанараараа хаана ч явсан олонтойгоо л байх. Улаанбаатарт ирээд амархан зүг чигээ олжээ. Монгол бизнесийн дээд сургуульд бизнесийн удирдлага, нягтлан бодогч мэргэжлээр сурч төгсөөд “Монгол газар” ХХК-д шалгалт өгтөл тэнцэж, ажилд оров. Анх няраваар томилогдож, сар болоод уурхайн туслах нягтлан бодогч, гурван сарын дараа уурхайн ерөнхий нягтлан бодогч болжээ. Улаанбаатар дахь ажил амьдралын гараа ийнхүү амжилттай эхэлж, компанийн удирдлагын зүгээс үнэхээр их ойлгон дэмждэг байв. З.Очирбат ч итгэлийг зүтгэлээр хариулж, Нарийн хамрын уурхай, Цэнхэрийн уурхай, Мандал овоогийн уурхай гээд “Монгол газар”-ын бүх уурхайд эдийн засагч болтлоо ажиллажээ. Дараа нь “Мон хангай” ХХК-ийн “Миний дэлгүүр”-т жимс, ногооны лангууг түрээслэн ажиллуулж, хувийн бизнесээ эхлүүлэв. Хүч хөдөлмөрөө ч их урсгаж, тэр хэрээр ч ажил хөдөлмөр нь цэцэглэн хөгжиж байсныг найз нөхөд нь дурсдаг. Энэ мэтээр ажил хөдөлмөрийн замнал үргэлжлэн “Сити пицца”, “Очир тэнгэрийн өнгө”, “Буян маргад Од”, “Хус мод” зэрэг компанид удирдан албан тушаал хашиж байв. 

МАН-ын манлайлагч гишүүн болсон түүх

Тэднийхэн гурван үеэрээ МАН-ын гишүүн. Түүнийг аймгийн төвд есдүгээр ангид сурч байхад Ардчилсан хувьсгалын давалгаа Монгол орон даяар нөмрөв. Хүү дотуур байранд амьдардаг байж. Хоёрдугаар ангиасаа эхлээд ариун цэврийн дарга, хоёрдугаар салааны дарга гэх мэтийг хийсэн хүү нийгмийн идэвх сайтай. Юм юмыг сонирхоод хэдийн мэдчихсэн байх. Ингээд л айлуудаар сонин тараадаг ажил хийдэг байв. Айлуудын хашаанд сонингоо хавчуулаад л гүйчихнэ. Энэ мэтийн ажилд түүртээд байх ч үгүй. Хичээлийн бус цагаар л амжуулчихна. Одоо бодох нь ардчиллыг л дэмжээд гүйдэг байжээ. Тэгэхдээ сониноо гялс уншиж амжина. Тэгээд л шинэчлэлт өөрчлөлт хэрэгтэй юм байна. Салхи оруулах хэрэгтэй юм байна. Энэ системээр явж болохгүй юм байна. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаар явж болохгүй юм байна. Орост перестройка буюу өөрчлөлт шинэчлэлт болж байгаа юм байна. Тэгэхээр энэ улс орон хөгжиж, олон үзүүртэй эдийн засагтай болж, чөлөөт зах зээл хөгжих ёстой юм байна гэдгийг тэр үеэс ойлгожээ. Ингээд 1991 оны үед Увс аймагт Ардчиллын томоохон уулзалт цуглаан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал даргын талбайд болжээ. Гэтэл хотоос ирсэн нэг хүн уулзалт ярилцлага дээр гэнэт үсэрч босоод Ю.Цэдэнбал даргын хөшөө рүү лоом барьж дайрахад увсчууд бушуухан тэр лоомыг нь булааж авсан байна. Энэхүү үйл явдал залуу хөвүүнийг ихэд цочирдуулж, “Бид хэзээ ч өнгөрсөн түүхээ үгүйсгэж болохгүй. Ардчилал бидэнд хэрэгтэй ч энэ сайхан амьдралыг бидэнд авчирч өгсөн аав ээж, өндөр настай ах эгч нараа өмгөөлөн хамгаалах ёстой юм байна шүү. Өөрийн хайртай хүмүүсээ хамгаалж, үйл хэргийг нь үргэлжлүүлэхийн тулд МАН-д элсэх нь зөв юм байна шүү” гэдэг бодол харван орж ирж, тэр үеэс энэ үзэл түүний сэтгэл зүрхэнд бат суужээ. Гэхдээ тэрбээр нам дотроо сөрөг хүчний дуу хоолой байх ёстой гэж үздэг. Босоо удирдлагаар л юм бүхнийг шийдэж, гишүүд дэмжигчид нь даргаа аялдан дагалдаж, толгой дохиод гараа өргөөд суух биш анхан шатнаасаа гарч ирж буй залуучууд, иргэдийнхээ дуу хоолойг сонсдог байгаасай гэж хүсдэг. Хүн болгон мундаг уран илтгэгч байх албагүй. Ерөнхий санаагаа л хүнд өгөх ёстой. Энэ нь зөв, тэр нь буруу гэдгийг хэлэлцээд л мэдчихнэ. Гэтэл одоо үед уран илтгэгч нарыг л шүтээд байна. Тэрбээр үүнд жаахан сэтгэл гонсгор байдгаа нуусангүй. Уг нь хүний оронд өөрийгөө тавьж, аливаа зүйлийг ойлгож, зүрх сэтгэлээсээ хандаж чаддаг байхад л болчихмоор. Гэтэл манай зарим удирдагч тэгдэггүй гэнэ. Гэхдээ тэрбээр МАН-ыг сонгож, гишүүнээр элссэндээ хэзээ ч харамсдаггүй, харин ч алдаагүй сонголт гэж нүүр бардам хэлэх юм билээ. З.Очирбат Улаанбаатарт орж ирэхээсээ өмнө Увс аймгийн Тариалан суманд ардчиллыг их дэмждэг хотон, казак түмнийхээ дунд ажиллаж амьдардаг байв. Тухайн үед сум улс төрийн эрх мэдлийн хувьд АН-аас ес, МАН-аас 11 хүн ИТХ-д сонгогдсон байлаа. Аав Б.Зулзагаа нь МАН-аас нэрээ дэвшүүлж, улмаар сумын Иргэдийн хурлын дарга болжээ. Жилийн дараа нөхөн сонгууль болоход тэрбээр журмын нөхдийн дэмжлэгээр нэрээ дэвшүүлж, сумын эмчтэйгээ өрсөлдөж байв. Хөгжилтэй нэг зүйл нь “Эмч бол айлд ороод хүн үзэж, өвчнийг нь эдгээж буян үйлддэг хүн. Харин чи бол татварын байцаагч. Айлд орж хүнээс мөнгө нэхдэг хүн. Тийм учраас чи яагаад ч ялах магадлал байхгүй” гэж хэлж байсан хүн ч бий аж. Гэтэл сонгуулийн дүн эсрэгээрээ гарч, З.Очирбат 73 хувиар ялалт байгуулжээ. Ингээд сургуульд сурахын зэрэгцээ сумынхаа ИТХ-даа суухаар Увс руу үе үе эргэж буцдаг ажилтай. 2004 он хүртэл ингэж ажиллаж байгаад албан ёсоор Улаанбаатар руу шилжин нийслэлийн иргэн болсон түүхтэй.

Сумын ИХ-ын Төлөөлөгч байж, иргэдээ төлөөлөн ажиллаж үзсэн улс төрийн ажлын туршлагатай хүн Улаанбаатарт суурьшжээ. Гэхдээ Улаанбаатарт ирээд орон гэрээ төвхнүүлэх, ахуй амжиргаагаа шийдэх гээд аж ахуйн голдуу ажилтай болов. Тэр үедээ намынхаа гишүүн, дэмжигчээр л явж байсан хэрэг. Энэ хугацаандаа биеэ боловсруулж, гэрээ зассан юм. Ингээд 2016 оноос хойш нам, улс төрийн амьдралдаа эргэн идэвхтэй оролцож эхлэв. Журмын нөхөд нь ч “Та ИХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай хүн. Бидний дуу хоолойг өргөөд хамтран ажиллаач” гэдэг саналыг удаа дараа тавих. Өдгөө УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийн хэлж ярьж байгаа зүйлс залуу хүний ирийг илтгэж, бас ч олон зүйл дээр үзэл бодол нийлж, санал нэгдэж байсан тул багт нь орж ажиллажээ. Улмаар Чингэлтэй дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргаар томилогдон ажиллав. Түүний өмнө “Хайрхан хөгжлийн төв” спорт цогцолборын менежер хийж байсан юм.

Хоо овоотоос Чингэлтэй дүүргийн ХХ хороо хүртэл

Ингээд л Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооноос хуваагдаж гарсан байр ч үгүй шинэ хороог хүлээн авчээ. Үнэндээ хүндхэн нөхцөл байдал угтав. МҮОНРТ-ийн хойд талд буюу олны ярьж заншсанаар Далан давхарын оршуулгын бүсэд байдаг хороо л доо. Байршлын хувьд ч тэр, хүн амын амжиргааны түвшин ч хэцүү. Өрх толгойлсон ээж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд эмзэг бүлгийн хүн ам ихтэй. Эхний ээлжинд хуучин цэцэрлэгийн байрыг худалдан авч, дахин засвар хийлгэж хороогоо байртай болгов. Дараа нь төр, иргэн хоёрыг холбох гүүр болсон хэсгийн ахлагчид буюу хүний нөөцийн чадавх дээрээ ч нэлээн анхаарч ажиллажээ. Тэгэхдээ тэр нь ааш авир муутай, энэ нь ажил төрөл муутай гэж хүнийг халахаасаа илүү сургаж боловсруулан, алдаа дутагдал байвал түүнийг нь засаж хамтран ажиллахыг илүүд үзсэн байна. Засаг дарга гэдэг бол хорооныхоо бүх иргэний төлөө чин зүрх сэтгэлээр ажиллах ёстой гэдэг байр суурьтай явдаг тул намын гишүүнчлэл үл харгалзан хүнтэйгээ тулж ажиллахыг хичээж, хэсгийн ахлагчаа дагуулаад айл бүрээр орж уулзсан байна. Иргэд их олон янзын өнцгөөр санал бодлоо хуваалцаж, янз бүрийн хүсэлт дайж байснаас Нийслэлийн Ерөнхий боловсролын 149-р сургуулийг хорооныхоо захад барьсичхсан, автобус унаа ч явахгүй, хэцүү юм гэдэг шүүмжлэл анхаарал татав. Эх орны ирээдүй болсон хүүхэд багачууд маань эрүүл, аюулгүй орчин сурч хөгжих ёстой учир Дэнжийн мянгаар тойроод автобус явдаг болгов. Хүүхдүүдээ автобустай болгочихоод хорооныхоо үүсмэл хогийн цэгүүдийг устгаж, хог шороо, үнс тоосноос салгав. Дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөр гудамжуудаа гэрэлтүүлэгтэй болгох асуудлыг хөөцөлдөж шийдүүлж чадлаа. Ингээд хороогоо иж бүрэн камержуулж байж З.Очирбат даргын санаа амасхийсэн гэж байгаа. Иргэд, олон нийт ч хүрээлээд, ам сайтай болжээ. Дараагийн ээлжинд иргэд өөрийн хашааны 0.7 га газраа хэрхэн яаж төлөвлөх, хаана нь мод бутаа тарьж, хаана нь ариун цэврийн байгууламж, гараашаа барих зэргийг мэргэжлийн хүмүүсээр зөвлөгөө өгүүлсэн байна. Мөн хөрш айлууд бие биедээ эерэг байх соёлд сургаж, нийгэмдээ нөлөөлөх, 50 метр газартаа хэрхэн эзэн байх ёстой вэ зэргээр нөлөөллийн ажлуудыг ч хийжээ. Үүнээс гадна тус хороонд хэрэгжсэн “Сервис центр” төслөөр иргэдийн ахуй амьдралын орчин нөхцөл дээшилж, дулаан, цахилгаан гээд бүхий л асуудлаа шийдүүлж, улмаар энэ төслийн үр дүнд газрын үнэ цэн өссөнд зарим иргэн баяртай байна. Харин Чингэлтэй дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга З.Очирбат “Хотод газар чөлөөлөлтөд сайн явагдаж байж л нийтийг хамарсан бүтээн байгуулалт явагдах юм билээ. Хорооны Засаг дарга бол их сэтгэлтэй, хүнийг боддог хүн л байх хэрэгтэй. Төр, иргэн гээд хоёр талд нь гүйж, ойлголцож байж л ажил урагшилна. Түүнээс биш хорооны Засаг дарга бие дааж шийдвэр гаргах эрхгүй шүү дээ. Харин одоо тодорхой хэмжээний төсөв тавихаар ярьж байгаа юм билээ. Энэ нь зөв гэж би үзэж байгаа” хэмээн ярьж байна. Хаа холын Увсын цэнхэр хязгаараас Хоо овоотын хөдөлмөрч хүү Улаанбаатарт ирчихээд Чингэлтэй дүүргийн 20 дугаар хорооны буурийг засаж явна гэхээр амьдрал чи ямар баян. Хүн, хүний төөрөг тавилан, хувь заяа гэж тааж тааварлашгүй билээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тэгшээ (103.140.10.196) 2024 оны 10 сарын 04

Мундаг шүү ажлын амжилт хүсье

1  |  0
Top